Comment.mn

Н.Баяртсайханыг чөлөөлөх баараггүй 5 үндэслэл

Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсноосоо хойш Н.Баяртсайхан үүрэгт ажилдаа маш хариуцлагагүй, итгэл үнэмшил муутай, сул дорой хандсанаас улбаалаад өнөөдөр Монгол Улсын санхүүгийн байдал урьд хожид үзэгдээгүй доройтолд өртөж, инфляци гаарч, төгрөгийн ханш сулран сулран нийгэмд ажилгүйдэл, эдийн засагт алдагдал нүүрлээд байгаа билээ. 

Тийм учраас Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх нь улс орны эн тэргүүний чухал зорилтуудын нэг болон дэвшиж байгаа юм. Түүнийг чөлөөлөхөд хангалттай гэсэн таван үндэслэлийг мэргэжилтнүүд дурдаж байна.

1.Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сарын 20-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хүлээж авах үед нь ам.долларын ханш 2043 төгрөг байлаа. Өнөөдөр төгрөгийн ханш 2626 төгрөг болж, даруй 600 төгрөгөөр өсчихөөд байна. Монголбанкны үндсэн үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах бөгөөд Н.Баяртсайхан энэ үүргийг биелүүлэхэд байгууллагаа чиглүүдэн удирдаж огт чадсангүй, төгрөгийн ханшийг алдлаа.

2.Монголбанкны бас нэгэн чухал үүрэг бол инцфляцийг хазаарлах байдаг. 2016 онд 2 хувьтай байсан инфляцийн түвшин Н.Баяртсайхан Монголбанкийг удирдсан үеэс хойш тасралтгүй өссөөр 2019 онд 8 хувьд хүрч байна. Инфляцийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал зэрэг нь эцсийн дүндээ иргэдийн орлогыг салхинд хийсгэж амьжиргааны доройтол, ядуурал руу түлхэж байгаа гол буруутан юм.

3.Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг барихаас гадна импорт, экспортын зохистой тэнцлийг хангах нь Монголбанкны үүрэг байдаг. Тэгвэл 2018 оны дүнгээр Монгол Улсын экспорт 15 орчим хувиар нэмэгдсэн ч импорт 43 хувиар өссөнөөр гадаад худалдааны алдагдал 30 хувь болсон байгаа нь Монголбанк ажлаа огт хийгээгүй гэдгийн илрэл юм.

4.2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас “Шинжиан Шинфа” гэх компанид 20 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон гэх шуугиант хэрэгт Монголбанк болон түүний ерөнхийлөгч Н.Баяртсайхан холбоотой болох нь тодорхой болжээ. Нэг харилцагчид олгох бэлэн мөнгөний дүн 5 тэрбумаас хэтрэхгүй байх гэсэн журмыг зөрчин байж Төрийн банкнаас 20 тэрбумыг олгох болоход ийм их хэмжээний бэлэн мөнгө байгаагүй учраас Монголбанкнаас бэлэн мөнгө авсан байна. 20 тэрбум төгрөгийн биет хэмжээ нь маш их болж, фургон машинд багтахгүй байсан тул ачааны машинд ачжээ. Уг үйл явдалд оролцсон Монголбанкны ажилтнууд нийтдээ 1,2 тонн жинтэй мөнгө ачуулсан гэж мэдүүлсэн байдаг ажээ. Хамар дороос нь ийм их хэмжээний бэлэн мөнгө гадны компанид, маш сэжигтэй цаг үед буюу санал хураалтын өмнөхөн олгогдож байхад Монголбанкны ерөнхийлөгч мэдээгүй байх ямар ч боломжгүй. Мэдээгүй өнгөрөөсөн бол бас л үүргээ гүйцэтгээгүй гэсэн үг болно.

5.Н.Баяртсайханыг Монгол­банкны ерөнхийлөгчөөр томилуулах саналыг гаргаж, идэвхийлэн хөөцөлдөж, түүнийг энэ албан тушаалд тавиулсан хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж юм. Ц.Нямдоржид Монголбанкны ерөнхийлөгчийн суудалд хамаарах онцгой нэгэн сонирхол ямагт байж ирсэн бөгөөд өмнө нь тэрээр Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатыг ажлаас нь огцруулах санал гаргаж, улмаар өөрийн нөлөөний хүн болох А.Батсүхийг тавьж байлаа. Н.Баяртсайхан нь эдийн засгийн ухааны доктор цолтой ч банкны бус мэргэжилтэй, хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач хүн ажээ. Мэргэжлийн бус хүнийг энэ албан тушаалд томилохдоо Ц.Нямдорж өөрийн ямар эрх ашгийг хамгаалах, хангуулах тохироо хийсэн байж болох талаар олон таамаг байдаг ч хамгийн үндэслэлтэй нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нар Ш.Батхүүтэй бүлэглэн Төрийн банкийг залилан мэхэлсэн хэргийг хаацайлах, хэрэгсэхгүй болгох байсан байх магадлал их болж иржээ. Ц.Нямдорж нь цаг үргэлжид Г.Алтанг өмгөөлж, хаацайлж, түүний хүүхдийн нэр дээрх байранд үнэгүй амьдардаг билээ. Саяхан Нийслэлийн Прокурорын газраас Төрийн банкнаас гаргасан шалгуулах хүсэлтийн дагуу шалгаад Төрийн банк Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт залилуулсан болох нь тогтоогдлоо хэмээн мэдээлээд байна.

Товчхондоо, рубль, юанийн своп хэлцэл, алт худалдан авалт, хадгалалт зэрэг санхүүгийн маш олон хэрэгслийг Монголбанк ашиглахаас эмээж, гар хумхин суусаар хоёр жил гаран  хугацааг сул өнгөрөөсөн бөгөөд үүнд Н.Баярсайханы мэдлэггүй, зориг шийдвэр султай үйл ажиллагаа нөлөөлсөн нь тодорхой юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулах үедээ “Би Н.Баяртсайханд “Монголбанкны ерөнхийлөгчийн ажлаа л хий” гэж захимаар байна. Аль ч үеийн Монголбанкны ерөнхийлөгч төгрөгийн чанар чансааг хадгалж үлдэх ёстой” гэж захиж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Н.Баяртсайхан менторынхоо захиаснаас ганцыг нь биелүүлж чадалгүй хоёр жил үүргэлж суусаар өнгөрөв.

Түүний сул дорой удирдлагын золиос нь Монголын эдийн засаг, ард түмний орлого болж байгаа бөгөөд цаашид улам доройтох төлөв үүсээд байгаа тул сэргийлэх үүднээс нэн даруй Н.Баяртсайхан “Баяртай” гэж хэлэх шаардлага үүсчээ.

Н.Баяртсайхан 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үед түүний сонгуулийн штабын Ерөнхий менежерээр “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны эзэн Ц.Түмэнгэрэл ажиллаж байв. Үүнээс хоёр жилийн дараа 2006 онд Ц.Түмэнгэрэл нь  Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насанд зэрлэгээр халдан хороосон билээ. Н.Баяртсайхан болон Ц.Түмэнгэрэл нар ямархуу холбоо сүлбээ, харилцаатай, ямар эрх ашгаар нэгдсэн хүмүүс байсан талаарх тодорхой мэдээллийг дараагийн удаад дэлгэх болно.

З.Дорж

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.