Сүүлийн хэдэн долоо хоногт олны анхааралд ороод буй асуудлын нэг бол Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гарч буй хөрөнгө эзнээ олоогүй эрх мэдэлтнүүдийн гарт орсон баримтууд юм.
Тэгвэл дээр дооргүй анхаарлаа хандуулж буй энэ сэдвээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа болон Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийлээ. ЖДҮХС-г шалгах түр хорооны гишүүд энэ долоо хоногийн баасан гаригт “ЖДҮ-г жинхэнэ хэрэглэгчидэд хүргэе” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ арга хэмжээний талаар товч мэдээлэл хийснийг уншигч танаа хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Сүүлийн үед ЖДҮХС-тай холбоотой мэдээлэл цацагдсан. Олон нийтийн зүгээр сангийн хуваарилалтыг сайжруулах шаардлага тавьж байгаа. Тэр утгаараа энэ санг шалгах, үйл ажиллагааг нь сайжруулах түр хороо байгуулагдсан. Маргааш буюу Баасан гаригт Төрийн ордны “Б” танхимд “ЖДҮ-г жинхэнэ хэрэглэгчид хүргэе” сэдэвт хэлэлцүүлэг хийхээр боллоо. Бид нэг зааланд цуглаад бие биенийхээ зовлонг яриад байх биш. Тэгэхээр дараагийн Засгийн газарт шаардлага хүргүүлэх зорилготойгоор энэ хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод Монгол Улс нэгдэж орсон. Энэ зорилтын хүрээнд ард иргэдийн амьжиргааг сайжруулах, ядуурал бууруулах, ажлын байр бий болгоход чиглэж байгаа юм. Энэ зорилтод хүрэх хамгийн оновчтой алхам бол ЖДҮ-г хөгжүүлэх асуудал байдаг. Гэтэл манай улс төрийн өндөр албан тушаалтан, сайд нар өөрсдийн хамаарал бүхий компанид авсан нь бухимдал төрүүлж байна. Тиймээс сангийн зарцуулалтыг хэрхэн эзэнд нь хүргэх, төрийн хүнд суртлыг бууруулах, барьцаа хөрөнгийн хэмжээг бууруулах, зээл авах процессыг хялбар болгох шаардлага байна. Маргаашийн хэлэлцүүлгээр гарц шийдэл хайх зорилготой юм.
Архангай аймгийн ЖДҮ, бизнес эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батбаасан:
– ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл ЖДҮХС-гийн зээлийг шилэн болгох. Хоёрт, ЖДҮХС-гаас зээл олгохдоо хуулийн дагуу олгодог байх. Гуравт, ТББ-уудын төлөөлөл ЖДҮ эрхлэгч нартай нэгдээч гэж хүсч байгаа. Манай Архангай аймгаас нийт 850 сая төгрөгийн 45 төслийг ЖДҮХС-нд хүргүүлсэн. Энэ нь 300 гаруй хүний ажлын байр бий болгохоос гадна нэг жилд 50 сая төгрөгийн татвар төлөх тооцоолол байсан. Гэвч бид боломжоо алдсандаа харамсалтай байна.