Comment.mn

А.Баярмаа: Миний нийтлэл бүхэн баримтаар баталгаажсан

Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-ын эрх бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйлдлийг илчлэн бичсэнийхээ төлөө шүүх, цагдаагийн байгууллагаар удаа дараа шалгуулж буй “Dorgio.mn” сайтын сэтгүүлч А.Баярмаатай ярилцлаа.

-Энэ асуудлыг яагаад бичих болов гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Шадар сайд болон УИХ-ын нэр бүхий гишүүдэд хаягласан, СХЗГ-т болж буй хууль бус үйлдлүүдийг шалгуулах тухай иргэн Б.Ариунаагийн өргөдлийг би олж харсан юм. СХЗГ-ын хэд хэдэн ажилтнаас энэ талаар тодруулахад уг мэдээлэл үнэн болохыг баталсан тул лавшруулан сурвалжилсан.

Ингэж эрэн сурвалжлах явцад тухайн байгууллагад өрнөж буй хэд хэдэн хууль бус үйлдлийн баримт цугларснаар мэдээллийг түгээж эхэлсэн. Анхны мэдээлэл гарсны дараагаар нэмж олон эх сурвалжаас баримтууд эх болон хуулбар хувиар ирж байсан. Өөрөөр хэлбэл, миний нийтлэл бүхэн баримтаар баталгаажсан юм.

2017 оны аравдугаар сард Б.Ариунаа нь СХЗГ-т болж буй хууль бус үйл ажиллагааг шалгуулах тухай өргөдөл, гомдлоо АТГ, Шадар сайд, УИХ-ын нэр бүхий гишүүдэд удаа дараа өгсөн байдаг. СХЗГ-ын удирдлагууд түүнийг дээш нь өргөдөл, гомдол гаргаад байгааг нь мэдсэн байсан.

Ингээд 2017 оны арваннэгдүгээр сарын 20-28-ны хооронд хэдэн албан хаагч түүний эсрэг Ёс зүйн хороондоо гомдол гараад, уг хороо нь ямар ч баримт нотолгоогүй зүйл дээр “Б.Ариунаа нь ёс зүйгүй байна” гэж дүгнэж, СХЗГ-ын дарга Г.Гантөмөр ажлаас халах тушаал гаргажээ. Энэ бүхнийг гурав хоногийн дотор зохион байгуулж хийсэн нь өөрсдийнх нь хууль бус үйлдлийг илчилсэн хүнээс айж, замаасаа хурдхан зайлуулсан нь харагдаж байгаа юм. Энэ асуудал миний анхаарлыг улам их татаж эхэлсэн.

-Ямар хууль бус үйлдэл анхаарлыг чинь хамгийн их татав?

-Би зургаан цуврал бичихдээ таван өөр асуудал хөндсөн. Эдгээрээс хамгийн их анхаарал татсан нь Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр 300 ширхэг хэвлэгдсэн стандартын хос номыг СХЗГ-ынхан зарж борлуулаад, орлогыг нь байгууллагын дансад төвлөрүүлдэггүй нь анхаарал татсан.

Бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн бол тухайн орлогыг Төрийн сангийн дансанд тушаах журамтай. Гэтэл өөр дансанд тушааж байсан нь мөнгийг нуух зорилготой байна гэж ойлгогдож байгаа. Мөн тус газарт бэлэн мөнгөний зарлагын баримт гэж байгууллагын хаяг, логотой хэвлэмэл баримт байдаг юм. Гэтэл дээрх номуудын мөнгийг бэлнээр авч, захын нэг бичиг хэргийн лангуун дээр зардаг, ямар ч хаяг, логогүй баримт дээр Монгол Улсад байдаггүй байгууллагын санхүүгийн тэмдэг дарж өгч байсан.

-Монголд байхгүй байгууллага гэдгээ тайлбарлаач.

-СХЗГ нь 2016 оны сонгуулиас өмнө Стандартчилал, хэмжил зүйн газар гэдэг нэртэй байсан. Сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Стандарт, хэмжил зүйн газар болж өөрчлөгдсөн юм. Гэтэл 2017 онд зарсан номын баримт дээр байгууллагын хуучин нэртэй санхүүгийн тамга дарж байгаа нь хууль бус үйлдэл.

Ном зарсан мөнгөө Төрийн сангийн дансанд хийдэггүй, санхүүгийн тайланд тусгадаггүй, мөнгө авсан баримт нь Монголд байхгүй газрын тамга, тэмдэгтэй гээд ямар ч хүн харсан яах аргагүй санаатай хийж буй хууль бус үйлдэл. Мөнгийг бэлнээр авахаас гадна зарим хүн хувийн дансандаа авдаг тухай мэдээлэл ч бий. Үүнийг шалгуулахын тулд тухайн албан хаагчдын хувийн дансыг нь шалгах шаардлагатай.

Үүнийг хуулийн байгууллага хийхгүй бол сэтгүүлч бидэнд тийм эрх, боломж байхгүй шүү дээ. Уг нь ном зарсан мөнгийг Төрийн сангийн дансанд оруулж, санхүүгийн тайланд тусгаад, улсын төсөвт оруулах ёстой. Гэтэл СХЗГ-ын удирдлагууд он, цагийн хувьд зөрүүтэй, энэ асуудалд ямар ч хамааралгүй Шадар сайдын нэгэн албан бичгийг үзүүлээд Шадар сайдын зөвшөөрлөөр энэ бүгдийг хийж байгаа гэж тайлбарлаж буй нь хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах гэсэн дэндүү хариуцлагагүй үйлдэл юм.

-Номын орлого гэж Төрийн санд хэдий хэмжээний мөнгө тушаах ёстой байсан юм бол?

-Миний тооцоогоор 60-аад сая төгрөг болоод байгаа. Энэ бол зөвхөн нэг хууль бус үйлдлийнх нь хохирлын хэмжээ. Үүнээс гадна тэрбум гаруй төгрөгийн хохирол улсад учруулсан байх магадлалтай.

-Ямар?

-Халуун, хүйтэн ус, цахилгааны тоолуур бүрт СХЗГ-аас баталгаажуулалтын гэрчилгээ олгодог. Баталгаажуулалтын гэрчилгээ нь өөрөө үнэт цаас. Гэтэл энэ гэрчилгээг болон түүнд дардаг тамга, тэмдгийг төрдөө тангараг өргөж үнэнч шударга ажиллах ёстой албан хаагчид нь үгсэн хуйвалдаж, хуурамчаар үйлдсэн байдаг. Энэ нь ШШҮХ-гийн шинжээчийн дүгнэлт, СХЗГ-ын даргын тушаалаар баталгаажсан. Энэ бол яах аргагүй хууль бус үйлдэл бөгөөд цагдаад мэдэгдэж шалгуулах ёстой.

Гэтэл СХЗГ-ын дарга нь үүнийг цагдаад мэдэгдэж шалгуулалгүй нуун дарагдуулсан. СХЗГ-ын удирдлагууд үүнийгээ тайлбарлахдаа “Нэг албан хаагчдаа үүрэг өгсөн. Тэр нь хоёр жил үүнийг хийсэнгүй” гэж байгаа нь өөрсдийн хууль бус үйлдлээ бусад руу тохож, хариуцлагаас мултрах гэсэн үйлдэл гэж харагдаж байгаа юм. 2015 онд хуурамч гэрчилгээг анх олж, илрүүлсэн ажлын хэсэгт нь тус газрын ажилтан Б.Ариунаа, Ц.Энхбаатар нар багтсан. Тэд хууль бус үйлдэл байж болзошгүй байна цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй хэмээн санал дүгнэлт гаргаад удирдлагадаа өгсөн юм билээ.

Хэсэг албан хаагчдынх нь хууль бус үйлдлийг ажлын хэсэг нь илрүүлэн гаргаж байхад цагдаад мэдэгдэх үүрэгтэй СХЗГ-ын дарга болон даргадаа хуулийн зөвлөгөө өгөх үүрэгтэй хуулийн зөвлөх нь тухайн үед хэргийг нуун дарагдуулаад, хоёр жилийн хойно буюу манай нийтлэл энэ асуудлыг хөндсөний дараа цагдаад хандсан байдаг юм. СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хувьд хуулийн мэдлэггүйдээ, санаандгүй нуун дарагдуулсан уу, эсвэл санаатай юу гэдгийг нь шалгадаг байгууллага нь шалгах ёстой.

Ямар ч байсан гэмт хэргийг нуун дарагдуулсан гэдгийг нь бид илчилсэн. Хэрэв тухайн үед нь энэ хэргийг цагдаагаар шалгуулсан бол улсад учруулсан хохирлын хэмжээг тогтоолгож, хууль бусаар олж авсан мөнгийг нь улсын орлого болгож болох байсан байх. Монголд жилд хэчнээн орон сууц барьж байгаа билээ.

Бүх айл усны, цахилгааны тоолууртай, тэр бүгдийг баталгаажуулж, гэрчилгээ олгодог, тэр хэмжээгээр баталгаажуулалтын мөнгө улсад орж байгаа. Гэтэл хуурамч гэрчилгээний мөнгийг улс биш хууль бус үйл ажиллагаа хийсэн хүмүүс нь авна. Тэд хууль бусаар олж авсан мөнгөө төлөөгүй, чимээгүй нуун дарагдуулсаар байгаа гэхэд хилсдэхгүй.

-Таны тайлбараас харахад яах аргагүй л хууль бус үйлдлүүд харагдаад байна. Гэтэл СХЗГ-аас бүх зүйл хуулийн дагуу явсан гээд Прокурорын шийдвэр үзүүлдэг шүү дээ.

-Эрх мэдэлтэй, тамга тэмдэг атгаж байгаа дарга хүн хуулийн байгууллагад хүссэн баримт, тайлбар гаргаж өгч чаддаг юм байна гэдгийг энэ хугацаанд би биеэрээ мэдэрлээ. Мөн зарим хуулийн байгууллагын ажилтан албан тушаалтнуудын талд үйлчлээд байна уу гэсэн хардлага төрснөө нуугаад яах вэ. Хууль бус үйлдлийг дутуу шалгасан гэж үзэж байгаа. Хууль бус үйлдэл хийсэн хэдэн хүнээс нь тайлбар, мэдүүлэг аваад, тэдний гаргаж өгсөн баримтыг үндэслээд л хэргийг хаачихсан байдаг.

Уг нь эх сурвалжаас бодит мэдээлэл авч, гэрчүүдийг оролцуулж, хэргийг нухацтай шалгавал хууль бус маш их үйл ажиллагааг илчлэх боломж бий. Би энэ хугацаанд нэлээд олон баримт материал нэмж цуглуулсан. Удахгүй энэ бүх материалаа хуулийн байгууллагад өгч хэргийг сэргээлгэн шалгуулна.

-Нийтлэл гарсны дараа СХЗГ-ын удирдлага таны эсрэг цагдаа, шүүхэд гомдол гаргасан. Тэр нь хэрхэн шийдэгдсэн бэ?

-Тийм ээ. Би цагдаа, шүүхийн үүдийг сахиж есөн сар явж байна. Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага тэдний ихэнх гомдлыг хэрэгсэхгүй болголоо. Харин нэг гомдолд нь торгох арга хэмжээ авсныг нь би Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, цагдаагийн шийдвэрийг хүчингүй болгуулсан.

Өөрөөр хэлбэл, шүүхийн тогтоол гарч, би Зөрчлийн хэрэг дээр ялсан. Намайг цагдаагийн байгууллага болон иргэний хэргийн шүүхэд өгсөнтэй холбоотой маргаан одоо болтол өрнөж байгаа. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрт “Гүтгэсэн гэх зөрчлийн гэмт хэрэг алга” гэж шийдсэн. Харин иргэний хэргийн анхан шатны шүүх миний нийтлэлийн “Зарим нь үндэслэлтэй, нэг хэсэг нь үндэслэлгүй” гэж шийдсэн юм. Түүнд нь давж заалдах гомдол гаргаад байгаа.

-Та бас нэр төрд халдсан гэж тэдгээр хүмүүсийн эсрэг цагдаад гомдол гаргасан гэсэн байх аа?

-СХЗГ нь байгууллагынхаа албан ёсны веб сайт цахим хуудсанд шүүхээс хүчингүй болгосон цагдаагийн шийдвэрийг байрлуулж, иргэдэд буруу мэдээлэл өгч, хүний нэр төрд халдаж байгаа нь тус газар ямар байдалтай ажилладаг нь харагдах болов уу.

СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг байгууллагынхаа цахим хуудсанд ярилцлага өгөхдөө “Б.Ариунаагийн захиалгаар сэтгүүлч нийтлэл гаргаж, худал мэдээлэл түгээдэг” хэмээн гүтгэж, тэр хүний нэр төрд бас халдсан байсан. Б.Ариунаа гэдэг хүн Шадар сайдад өргөдөл, гомдол өгч энэ бүх хууль бус үйлдлийг ил гаргасных нь төлөө түүнд өш хонзон санасан хүмүүс нэр төрийг гутаах үйлдэл хийж байна гэж би үзэж байгаа.

-Төрийн албанд даргынхаа хууль бус үйлдлийг ингэж зоригтой илчилсэн хүн ховор байх.

-Мэдээж тэр хүн асар их зориг, золиос гаргаж байж хууль бус үйлдлийг илчилсэн. Байгууллагынхаа удирдлагын хууль бус үйлдэлтэй тэмцсэнийхээ төлөө тэрбээр бусдад гүтгүүлж, ажлаасаа халагдсан гэж би харж байгаа. Ихэнх төрийн албаныхан даргынхаа хууль бус үйлдлийг илчлэх нь битгий хэл, хууль бус шийдвэрийг нь дагахгүй бол ажилгүй болчихно гэж айж амаа хамхиж, нүдээ аниад л урдах ажлаа хийж байна.

Даргад долигоносон нь дэвшдэг, үнэнийг хэлсэн нь урууддаг энэ байдлыг арилгахгүй бол төрийн алба цүнх баригч, бөгс долоогч нараар дүүрэх гээд байгаа шүү дээ. Б.Ариунаа шиг шударга олон хүн төрийн албанд байгаасай гэж хүсэж байна. Дашрамд хэлэхэд, Б.Ариунаа нь түүнийг ажлаас халсан СХЗГ-ын дарга Г.Гантөрийн тушаалыг хууль бус хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөөгүй тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм билээ. Шударга үнэн ялах цаг ирнэ гэдэгт итгэж байна.

-СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн даргын сонгон шалгаруулалт шударга бус болсон талаар нийтлэл гаргасан байсан.

-Тийм ээ. Хэмжил зүйн хүрээлэнгийн өмнөх дарга З.Ганболд нь 2017 онд тэтгэвэртээ гарахад Д.Дамбасүрэнг үүрэг гүйцэтгэгчээр томилоод сонгон шалгаруулалт зарлахгүй зургаан сар явсан байсан. СХЗГ-ын дарга Г.Гантөмөр болон Д.Дамбасүрэн нарын хооронд нь хувийн ямар нэг ашиг сонирхол байгаад Д.Дамбасүрэнг сонгон шалгаруулалтад ялуулах зорилгоор зургаан сар хүлээсэн юм биш биз дээ гэсэн хардлага төрсөн.

Ингээд судлаад үзэхэд сонгон шалгаруулалт хууль дүрмийн дагуу явагдаагүй, анхнаасаа Д.Дамбасүрэнг дарга болгох зорилгоор төлөвлөж, зохион байгуулалттай хийсэн юм байна гэж би таамаглаж байгаа. Үүнийг би сайтар судалсан. Энэ тухай тун удахгүй нийтлэл гаргах болно.

-СХЗГ-ын ахлах мэргэжилтэн н.Ууган баяр тань руу утсаар ярьсан гэсэн. Юу гэж байх юм бэ?

-Сүүлийн нийтлэл гарсны дараа СХЗГ-ын ахлах мэргэжилтэн н.Ууган-баяр нь ажлын цагаар, ажлынхаа утаснаас над руу залгаад “Чамайг цагдаад өгнө” хэмээн хэлсэн. Сэтгүүлч хүн хууль бус үйлдлүүдийг эрэн сурвалжилж, нийтлэл гаргасныхаа төлөө янз бүрийн дарамт шахалтад орох тохиолдол олон гардаг.

Гэлээ гээд би энэ мэргэжлийг сонгосон, ажилдаа дуртай болхоор үнэний төлөө хэдэн ч удаа цагдаа, шүүхэд дуудагдсан шантрахгүй. Миний хувьд хууль бус үйл ажиллагааг илчлэхийн тулд эрэн сурвалжилсаар байх болно.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.