ТОСК-ийн гүйцэтгэх захирал асан А.Гантулгыг хэд хэдэн гэмт хэрэгт буруутган шалгсаар байгаа. Түүний “хам хэрэгтнээр” ТОСК-ийн  дэд захирал асан, Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга асан, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал, Могул скай” ХХК-ийн захирал нарыг буруутгасан юм.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хэн нь хэн бэ?

Дамаа овгийн Аюушийн Гантулга Төв аймгийн Зуунмод суманд 1968 оны 10 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хуучнаар “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК, одоогийн “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй.

Элдэн овгийн Дашзэвэгийн Д.О, Улаанбаатар хотод 1967 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан, ам бүл 2; нөхрийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй,

Эзэн овгийн Тогтохын Т.Г, Төв аймгийн Баянчандмань суманд 1972 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй,

Бэрэн овгийн Бэрэнбаралын Б.М, Архангай аймагт 1966 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй,

Чонос овгийн Дэмбэрэлийн Д.Ж, Улаанбаатар хотод 1963 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онгоцны хөдөлгүүрийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй,

 

ТОСК-ийн гүйцэтгэх захирал асан Дамаа овгийн Аюушийн Гантулга ямар гэмт хэрэгт сэрдэгдэв?

  • ТОСК-ийн гүйцэтгэх захирал асан Дамаа овгийн Аюушийн Гантулга нь “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор “ОССК” ХХК-ийн дүрэмд заасан компаний үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй буюу “ОССК” ХХК-ийн дүрмийн 2.1-д “компаний үндсэн зорилго нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шийдвэрлэхэд оршино”, 6.2-т “компаний гүйцэтгэх захирал нь компаний дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 6.4-д “гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус зөрчиж, ТУЗ-өөс гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Бэрэн групп” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Б.Мийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах” гэрээ байгуулж, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулах орон сууцны барилга угсралтын ажлын 50-иас багагүй хувьд “Бэрэн групп” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохиролцсон, 2015 оны 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мтэй “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Хангай хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч, үнийг үл маргах журмаар төлөхөөр тохирч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн охин Г.Номингийн Худалдаа хөгжлийн банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан 12.360 ам.доллар буюу 21.070.092 төгрөгийг хээл хахуульд авсан, Мөн “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор “ОССК”-ийн дүрмээр олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу “ОССК” ХХК-ийн дүрмийн 2.1-д “компанийн үндсэн зорилго нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шийдвэрлэхэд оршино”, 6.2-т “компанийн гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 6.4-д “гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус зөрчиж, ТУЗ-өөс гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Могул скай” ХХК-д илт давуу байдал олгон тус компаний захирал Д.Жы ашиг сонирхлын үүднээс “Могул скай” ХХК-д 3,000,000,000 төгрөгийн зээлийг нэг жилийн 7 хувийн хүүтэй өгөхөөр тохиролцон 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “ОССК”, Сангийн яамтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний 3.1-д “Зээлдэгч нь ашигласан зээлийн өрийн үлдэгдэлд жилийн 7,8 хувьтай тэнцэх хүүг төгрөгөөр тухай бүр Сангийн яаманд төлнө”, 5.1-д “Зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон хөрөнгийг зөвлөх Засгийн газрын 2009 оны Журам батлах тухай 368 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журамд заасан зориулалтаар ашиглана” гэж заасныг тус тус зөрчиж 4000 айлын орон сууц төслийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500,000,000 төгрөгийг “Могул скай” ХХК-д дээрх зээлийн гэрээний урьдчилгаа хэлбэрээр өгч, улмаар гэрээний үлдэгдэл 1,500,000,000 төгрөгийг олгох хахууль өгөхийг тулган шаардаж хясан боогдуулах замаар тус компанийн барьж гүйцэтгэсэн “Могул таун” хотхоны 96 дугаар байр /1С/-ны 108 тоот, 66.6 м.кв талбайтай, 166.856.900 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өөрийн найз С.Одонтуяагаар дамжуулан хахуульд авч, улмаар гэрээний үлдэгдэл мөнгө болох 1,000,000,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 500,000,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус тус олгосон
  • “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор Д.Оын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д.Оаас 650,000 төгрөгийн үнэ бүхий “MONT BLANC” брэндийн бүс 1 ширхэг, 157.500 төгрөгийн үнэ бүхий “Hennesy V.S.O.P” брэндийн конъяк 1 ширхэг буюу нийт 807.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хахуульд авсан;
  • “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т “Эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах”; “ТОСК” ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар бүлгийн 6.8.9-д “Ажиллагсдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч, тогтвортой бүтээлч хамт олныг бүрдүүлэх” гэснийг зөрчиж, Төрийн өмчийн хорооны 2015 оны 778 дугаар тогтоолоор баталсан “ТОСК” ТӨҮГ-ын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн үзүүлэлтэд батлагдаагүй 65.000.000 төгрөгийг тус газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оын хүүхэд Г.Түвшинбилэгтийн сургалтын төлбөрт олгох тухай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаартай тушаалыг хууль бусаар гаргаж, бусдад давуу байдал бий болгон, уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Д.Оын эзэмшлийн “ХААН” банкны 5043036804 тоот дансанд шилжүүлэн “ТОСК” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан
  • “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-д “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор хүчингүй болж, эрх зүйн чадамжгүй болсон “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Орон сууцны фондыг бүрдүүлэх журам”-ыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлж 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 215/136, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 56 дугаартай “Үүрэг гүйцэтгэх гэрээ” гэх гэрээг тус тус байгуулсны дагуу Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан тус хорооллын 1006 дугаар байрны 13 тоотод байрлах 68.59 м.кв талбайтай, 92.596.500 төгрөгийн үнэлгээ бүхий, 3 өрөө орон сууцны гэрчилгээг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргуулан өөртөө давуу байдал олгон хувьдаа авч, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 92.596.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
  • “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан “үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцныкорпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-д “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор хүчингүй болж, эрх зүйн чадамжгүй болсон “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн орон сууцны фондыг бүрдүүлэх журам”-ыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ыг төлөөлж 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 215/136, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 56 дугаартай “Үүрэг гүйцэтгэх гэрээ” гэх гэрээг тус тус байгуулсны дагуу Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар Буянт-Ухаа 2 хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад 2012 онд өөрийн найз Т.Баттөрөөс зээлсэн 30.000.000 төгрөгийг буцаан төлөхийн тулд түүний төрсөн эгч Т.Пүрэвсүрэнгийн нэрийг оруулж, Т.Баттөрөөс нэмж 24,000,000 төгрөгийг 2016 оны 7, 8 дугаар саруудад авч өөртөө болон бусдад давуу байдал олгон тус хорооллын 1016 дугаар байрны 4 тоотод байрлах 39.3 м.кв талбай бүхий 53.055.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг Т.Пүрэвсүрэнд үнэ төлбөргүй олгуулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 53.055.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
  • “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж 2012 онд өөрийн найз Т.Баттөрөөс зээлсэн 30.000.000 төгрөгөө буцаан төлөхийн тулд түүнээс 2016 оны 7, 8 дугаар саруудад “үнэгүй олгогдох байрнаас өгч байгаа” гэж хэлэлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 24,000,000 төгрөгийг шилжүүлэн хуурч мэхлэх аргаар залилан авч, 24.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.

Түүний энэ үйлдлүүдэд  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөсөн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин үүнийг нь прокурор эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн.  Ингэснээр хэргийг дахин шалгах юм.

Тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан энэ хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа