Орчин цагт хүн бүрийн гол хэрэглээ нь яах арга үгүй гар утас болсон. Тэр дундаа ухаалаг утас гэгдэх энэ зүйлгүйгээр ажлаа зохицуулах хэцүү болсон гэдэг ч энэ нь бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэн бүр мэдэж байгаа ч үүнтэйгээ эвлэрч чадахгүй өдийг хүрсэн билээ.
Дэлхий нийтээр гар утасны хэрэглээ нь хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа олон судалгааг харуулсан. Тиймээс Засгийн газраас энэ асуудалд анхаарлаа хандуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлах шийдвэр гаргажээ.
Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг. Түүнчлэн багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй. Цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхитэй байна. Манай улсын хувьд нийт 3 сая гаруй хүн амтай ч 6 сая орчим гар утас хэрэглэгдэж буй гэсэн тооцоо байдаг.
Ухааалаг гар утсыг сургуулийн орчинд хязгаарласан олон улсын туршлага олон байдаг. Тухайлбал, Японы Айчи мужийн Кария хотод бүх сургуулийн сурагчид оройн 21:00 цагаас хойш ухаалаг гар утас ашиглахыг хориглосон байдаг ажээ. Хотын захиргаанаас Японд нийтлэг тохиолддог бусдыгаа дээрэлхэх үзлээс гадна сурагчдын анхаарал төвлөрөлт, эрүүл мэндийг бодолцон ийм шийдвэр гаргасан байна. Тус хотод эцэг, эхүүд хүүхдийнхээ гар утасны хэрэглээг оройн 21:00 цагаас хязгаарлах бөгөөд интернэт орчинд холбогдох төхөөрөмжүүдийг хамт салгах ёстой аж. Энэ нь ч үр дүнгээ өгч, сүрагчдын ниигмиин идэвх саижирч, сурлагын амжилтад нь огцом өсөлт гарсан байна. Мөн хамгийн чухал нь, багш нар сурагчдад аль болох интернэт орчмоос хол даалгавар, бие даалт өгөх хэрэгтэйг сануулжээ.
Түүнчлэн дэлхийн 1.1 сая гаруй оюутан төвлөрдөг оюуны төв АНУ-ын Нью-Йорк хотын сургуулиуд сургуулийн орчинд гар утсыг бүрэн хориглосон байна. Харин хар өдөр хэмээгддэг есдүгээр сарын 11-ний халдлагын дараа нийгмийн сэтгэлзүйн түгшүүр нэмэгдсэнтэй зэрэгцэн хүмүүсийн гар утасны хэрэглээ ч бас дагаж нэмэгджээ. Тиймээс хотын захиргаа тогтоолоо эргэн харах шаардлагатай болж зөвхөн сургуулийн орчин болон оюутны хотхонуудад ухаалаг гар утасны хэрэглээг хориглох болгон өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, оюутан сурагчид эцэг, эхтэйгээ дуудлага хийх зорилгоор л энгийн гар утас хэрэглэх боломжтой.
Ухаалаг утас хэрэглэдэг сурагчид тэмдэглэлийн дэвтэр бараг хэрэглэхээ больсон байна. Маргааш гэрийн даалгавартай шалгалттай эсэхээ тэмдэглэж авахаа больсон байна. Мөн шалгалтандаа бэлдэхгүй болсноор сурлага нь мууджээ. Түүнчлэн газар зүй зэрэг зарим хичээлд сурагчид багшийн ярьж байгааг дуу хураагуур, видео маягаар бичиж авч, бие даалт зэрэг зарим судлах ажлаа интернэтээс хайгаад вэбийн линктэй нь засч, янзлалгүй хуулаад ирдэг болжээ. Хамгийн гол нь тухайн бие даалтаа хамгаалах чадвар байхгүй болсон байна. Тиймээс дээрх улс оронд ийм шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлж эхэлжээ.
Ямартаа ч ирээдүй хойч үеэ эртнээс энэ мэт зүйлсээс сэргийлэх хамгаалах зайлшгүй хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд та бүхэн ч сайн ухамсарлаарай