Өнгөрсөн сарын 31-ний орой 21.00 цагийн орчимд Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс хоёр эмэгтэй үсэрч амиа хорлох гээд байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.
Дээрх тус барилгын гүйцэтгэгч компани болох “Бесон” компанид өнгөрсөн зургадугаар сараас хойш ажилласан хоёр эмэгтэйд цалинг нь өгөөгүй учраас тэд амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл гарсан юм. Амиа хорлохыг завдсан гэх иргэн Ц.Алтанцэцэг дээрх мэдээллийг үгүйсгэжээ.
Энэ тухай тэрээр хэлэхдээ “Худлаа ташаа мэдээлэл цацагдсан байна. Бид хоёр амиа хорлох гээгүй. Орой 21.00 цагийн үед барилгын ажлаа дуусгах гээд 16 давхарт гарсан ажиллаж байхад хүмүүс үсрэх гэж байна гэж ойлгоод цагдаа дуудчихсан юм билээ.
Гэхдээ “Бесон” компанитай гэрээгээ ажиллаад удаж байгаа ч ганц удаа цалин өгөөгүй. Сургууль соёл орох гээд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлтгэх гээд мөнгө төгрөг хэрэгтэй байсан. Нягтлангаасаа цалингаа нэхэхэд “Компанийн захирлаас мөнгөө нэх” гэсэн. Тэгэхээр нь жаахан маргалдаж хэрэлдсэн үнэн. Тэгээд 16 давхар барилга дээр гарч ажлаа хийж байх явцдаа “Захирлаа дууд. Есдүгээр сарын нэгэн боллоо” гэж чанга хашхирч хэрэлдсэн. Гэвч удаагүй цагдаагийн албаныхан ирэхээр гайхсан шүү. Бид хоёрт амиа хорлох бодол байгаагүй ээ. Хүмүүс буруугаар ойлгожээ. Харин бид хоёрын цалинг компаниас бүрэн өгсөн. Би таван сая төгрөг авсан” гэжээ.