Г.Дулмаа, С.Амармандах, Ц.Болормаа
ЭХЭМҮТ
Удиртгал: Үр тогтсон өндгөн эс умайн хөндийгөөс өөр газар байрлахыг умайн гаднах жирэмслэлт гэнэ. 1990 оноос хойш тархалтын судалгаагаар өнөө цагт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд умай, дайвар, бага аарцгийн үрэвсэлт өвчин ихэссэн, умайн гуурсан хоолойд нөхөн сэргээх мэс засал хийгдэж байгаа, төрөл бүрийн жирэмснээс сэргийлэх хэрэгслүүдийн хэрэглээ өссөн, үр шилжүүлэн суулгах ажилбар нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор умайн гаднах жирэмслэлтийн давтамж, хувь өссөөр байгааг тогтоосон байна.
Figure 1. Possible locations of ectopic pregnancy
Хэвлийн жирэмсний анхны тохиолдол 1708 онд бүртгэгдсэн байна. Эрдэмтэдийн судалгаагаар нийт жирэмслэлтийн дотор умайн гадуурх жирэмсэн 1-2% тохиолддог ба үүний 1.4%-г хэвлийн жирэмслэлт эзэлдэг байна. Хэвлийн жирэмслэлтийн үед эхийн эндэгдэл 20%, перинаталь эндэгдэл 90%, ургийн гажиг 21.4% тохиолддог.Хэвлийн жирэмслэлт үед эх, нярайн нас баралт өндөртэй бөгөөд эхийн эндэгдэл нь 5:1000 байдаг байна.
1979 оны 08 сарын 11-д Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт умайн урагдал гэж оношлгдон яаралтай мэс засалд орж хэвлийг нээхэд хэвлийн жирэмсэн оношлогдож 3100 гр хүү амьд төрсөн тохиолдол 1981 оны “Монголын анагаах ухаан” сэтгүүлд нийтлэгдсэн байна (Г. Дуламжав, С. Дэмбэрэлсүрэн)
Хэвлийн жирэмслэлтийн үед үр тогтсон өндгөн эс хэвлийн хөндийн аль нэг (их сэмж, гялтангийн гадаргуу, гэдэсний чацархай, элэг, дэлүү) эрхтэнд бэхлэгдэж, үр хөврөл нь ходоод гэдэсний замын цусны эргэлтээс цусан хангамж авч хөгждөг.
Өндгөн эс умайн гуурсан хоолойноос бус хэвлийн хөндийд анхдагчаар бэхлэгдэх, эсвэл хоёрдогчоор буюу умайн гуурсан хоолойд бэхлэгдсэн үр хөврөл гуурсан хоолойн зулбалт болон гуурсан хоолойн жирэмслэлт болж задарснаас хэвлийн хөндийд аль нэг эрхтэнд бэхлэгдэж хөгжиж болдог.
Хэвлийн хөндийн аль нэг хэсэгт үр хөврөл хоёрдогчоор бэхлэгдэн ураг өсөх боломжтой нөхцөл бүрдэхэд тээлт үргэлжилдэг. Үр хөврөл анхдагч, хоёрдогчоор бэхлэгдсэн эсэхийг мэс заслын явц болон авсан материалд шинжилгээ хийж оношийг баталгаажуулна.
Үйл ажиллагааны болон бүтцийн алдагдал үүсгэдэг умайн гуурсан хоолойн эмгэгүүд, гуурсан хоолойн архаг үрэвсэлт өвчнүүд (сальпингит, сальпингоофорит, гидросальпинкс болон бусад)-ийг дутуу эмчлэх, өмнө нь хэвлийн хөндийн эрхтнүүдэд болон умайн гуурсан хоолойд хийгдсэн мэс ажилбараас үүдсэн наалдац, умайн гуурсан хоолойн төрөлхийн гаж хөгжлүүд нь хэвлийн жирэмслэлтийн гол шалтгаан болдог.
Эмнэл зүйн тохиолдол
Б.Ц 20 настай, 2 дахь жирэмслэлт, 2009 оны 06 сарын 05-д Аймгийн нэгдсэн эмнэлгээс “2 дахь жирэмсэн, 32-33 долоо хоногтой, дутуу төрөхөөр завдаж буй” оноштой Эх, хүүдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д шилжин ирсэн.
Асуумжаар: Энэ жирэмсний хугацаанд эрүүл мэндийн анхан шатны эмнэлгийн хяналтанд 6 удаа үзүүлсэн. Жирэмсний тээлтийн явцад хэвлийгээр хатгах, базлах, үтрээгээр үе үе цус гарна гэсэн өгүүлэмжтэй хоёр удаа, бөөрний үрэвслийн сэдрэл оношоор нэг удаа тус тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан.
Биеийн ерөнхий болон эх барихын үзлэгт: Эхийн биеийн байдал дунд, ядрангуй, арьсны өнгө бага зэрэг цонхигор. Эхийн амин үзүүлэлт хэвийн. Хэвлийн үзлэгээр ургийн жижиг хэсэг тэмтрэгдэнэ. Ураг хөндлөн байрлалтай. Ургийн зүрхний цохилт жигд, 1 минутанд 132 удаа. Умайн хүзүүний урт 3 см, арагшаа байрлалтай, хатуу. Үтрээгээр цус гараагүй.
Хэт авиан шинжилгээнд: Ургийн байрлал хөндлөн, ураг орчмын шингэн харьцангуй бага, ихэс умайн ар хана, хэвлийн баруун талаар байрлалтай. Умайн хөндийн дотор салстын зураглал хэвийн, ямар нэгэн агууламжгүй.
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ирэхэд эхийн амин үзүүлэлт тогтвортой байсан бөгөөд оношийг батлагаажуулах үзлэг, шинжилгээнүүд хийгдсэн.
Эмч нарын хамтарсан үзлэгээр “2 дахь жирэмсэн, 33-34 долоо хоногтой, дутуу төрөхөөр завдаж буй, хэвлийн жирэмсэн, ураг хөндлөн байрлалтай, цус багадалтын хөнгөн хэлбэр” онош тавьж дараахь шийдвэрийг гаргасан:
- Мэс засал, мэдээгүйжүүлэг, нярайн эмч нарын багийг томилж, ерөнхий мэс заслын эмчтэй хамтран мэс засал хийх
- Ургийг төрүүлсний дараа ихэс хаана бэхлэгдсэнээс шалтгаалж мэс заслыг нэг эсвэл хоёр үе шаттай хийх
- Их хэмжээний цус алдалтаас сэргийлж ихэс авах оролдлого хийхгүйгээр судаснуудыг салгаж боон ихсийг чөлөөлж авах
- Нугасны мэдээгүйжүүлгээр хагалгааг эхлүүлэн, ураг төрсний дараа ерөнхий унтуулгад шилжүүлэх, 2-3 судсанд уян зүү тавих.
Бэлтгэл
- Эхийн цусны бүлгийг тодорхойлж, ижил бүлгийн цус, сийвэн, шингэнүүд захиалсан
- Их хэмжээний цус алдалт ба түүнээс үүдэн гарах хүндрэлээс урьдчилан сэргийлж шаардлагатай эм тариа, цус тогтоох хэрэгслүүдийг бэлдсэн
- Мэс засал тойронд гарч болох эрсдэл хүндрэлүүдийг эхэд болон ар гэрийнхэнд танилцуулж зөвшөөрөл авсан.
Төрөлтийн явц
Хэвлийг гол шугамаар үечлэн нээхэд 12-13 долоо хоногтой жирэмсний хиртэй умайн араар хэвлий, бага аарцгийн хөндийг дүүргэсэн жирэмсэн байв. Ургийн бүрхүүл ихсийн хальсанд тахиралдаж хөхөрч бүдүүрсэн олон тооны судасжилт үүссэн, ураг орчмыг шингэний бүрхүүл чинэрч харагдаж байв.
Зураг 1
Уг жирэмсний бүрдэл нь:Урд талын хана – умайн ар хана, умайн хүзүү; баруун тал – баруун өндгөвч, өргөн холбоос, үр дамжуулах хоолой; зүүн тал – сэмжний хормой S гэдсэн дээр наалдаж байрласан
Зураг 2
Ураг орчмын шингэний гэрэлтэж байсан судасжилтгүй хэсэгт зүслэг хийж 1900 гр жинтэй, 45 см урттай охиныг Апгарын 3-4 оноотой төрүүлсэн.
Мэс засал хийсэн техник ( Зураг 3,4,5,6)
Зураг 3
Гялтангийн арын зайг нээж ихсийн тэжээл авч байсан судсуудыг боосон
Зураг 4
Баруун талын шээлэйг хагалгааны талбайгаас чөлөөлсөн
Зураг 5
Ихэс бэхлэгдсэн их сэмжний ½-ийг тайрсан
Зураг 6
Ихсийг бэхлэгдэж байсан талбайгаас салгаж цус тогтоолт хийсэн. Зүүн үрийн хоолой, өндгөвчинд өөрчлөлт байгаагүй тул умай, зүүн дайврыг үлдээсэн
Мэдээгүйжүүлэг – эрчимт эмчилгээний явц
Мэс заслыг нугасны мэдээгүйжүүлгээр эхэлж нярайг төрүүлсэний дараа ерөнхий мэдээгүйжүүлэгт шилжүүлэн мэс заслыг үргэлжлүүлсэн. Мэс заслын явцад 3.5 л цус алдсан. Мэс заслаас өмнө 2 л шингэн сэлбэж алдсан цусыг эзлэхүүнээр нөхөх, цус,цусан бүтээгдэхүүүн сэлбэх эмчилгээг эрчимтэй хийж байсан. Үүний дүнд эх эргэлдэх цусны эзлэхүүний 60% орчмыг алдсан ч цус алдалтын шокоор хүндрээгүй. Мэс заслын дараа ЭЭТ, ДТСТ-т 30 хоног эмчлүүлээд хүүхдийн хамт эмнэлгээс гарсан.
Жич: Хүүхэд одоо 9 настай, хэвийн бойжиж байна. Эх энэ жирэмслэлтээс хойш 2011 онд зүүн талын гуурсан хоолойн жирэмслэлт оношоор мэс засал хийлгэсэн.
Дүгнэлт
- Хэвлийн жирэмслэлтийн үед амьд эрүүл нярай төрөх нь нэн ховор.
- Хэвлийн жирэмслэлтийн хугацаа нь томрох тутам гарах хүндрэл, эрсдэл нэмэгддэг.
- Эмнэл зүйн шинж тэмдэг, хэт авиан шинжилгээнээс гадна компьютер томографи, соронзон резонанс томографи хийх нь илүү үр дүнтэй.
- Хэвлийн жирэмслэлтийн үед нярайн талаас ургийн гажгийн тохиолдол, эхийн талаас их хэмжээний цус алдах хүндрэл их байдаг нь эх, нярай эндэх эрсдэл өндөр байсаар байна.
Ном зүй
- Cunningham F, Gant N, Leveno K, et al. Williams Obstetrics. 24. Mcgraw-Hill; 2014. Ectopic Pregnancy; pp. 377-393.
- Peter W. Callen, MD, et al. Ultrasonography in Obstetrics and Gynecology. 5. 2008. pp 1024-1044
- Handbook of Obstetric Medicine Fourth edition. 2010
- www.uptodate.com
- www.yandex.ru
- Ghana Med J. P Baffoe, C Fofie, and B N Gandau. 2011 Jun; 45(2): 81–83.Term Abdominal Pregnancy with Healthy Newborn: A Case Report
- Gudu W., Bekele D. A pre-operatively diagnosed advanced abdominal pregnancy with a surviving neonate: a case report. Journal of Medical Case Reports 2015, 9:228
- В.К.Чайка, И.Т. Говоруха, О.Г. Белоусов, И.В. Новикова, Донецкий национальный медицинский университет им. М.Горького, Донецкий региональный центр охраны материнства и детства. Kлинический случай: успешное родоразрешение интраоперационно диагностированной доношенной брюшной беременности
- “Монголын анагаах ухаан” сэтгүүл, 1981 он
- Atrash HK, Friede A, Hogue CJ (1987). “Abdominal pregnancy in the United States: frequency and maternal mortality”. Obstet Gynecol. 69 (3 Pt 1): 333
ABDOMINAL PREGNANCY WITH HEALTHY NEWBORN
Dulmaa G, Amarmandakh S, Bolormaa Ts
Keywords: ectopic pregnancy, abdominal pregnancy, placenta, newborn