Өнгөрсөн бямба гарагт эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд таниулсан, сурталчилсан өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж, олон хүмүүс амралтын өдрөө үр бүтээлтэйгээр өнгөрүүллээ.

“Herbalife Nutrition” компани гишүүд, дэмжигчид болон олон нийтэд зориулсан “Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн өдөрлөг”-ийг зохион байгуулсан нь энэ. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн, сонирхсон хүмүүс зургаан төрлийн спортоор хичээллэж, туршиж үзэн газар дээр нь мэдээллээ авч байлаа.

Тус өдөрлөгт “УБ Фенсинг” клуб, “Монголын бодибилдинг фитнесс”-ийн холбоо, “Нараа” йога, “УБ Кросс фит”, “Пийс дэнс студио”, “Эрчим” хөлбөмбөгийн баг гэсэн зургаан төрлийн спортын байгууллагын төлөөлөл оролцож, хүмүүст спортын давуу тал, ач холбогдлын тухай дэлгэрэнгүй мэдээлсэн юм.

Хур бороо хэсэг зуур орж, нарлаг зуны сайхан өдөр амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхээр өдөрлөгт нэгдсэн хүмүүс “Herbalife Nutrition” компанийн фитнес зөвлөх Б.Галбадрахын зааварчилгаагаар бие халаалтын дасгалыг, цоглог хөгжмийн хэмнэлд гүйцэтгэн биеэ бэлдлээ. Бие халаалт дууссаны дараа тэднийг туялзуур сэлэмний тулаан, кросс фитийн хурд, хүчний дасгалууд, бодибилдингийн сонирхолтой техник, зумба бүжгийн эрчимт хөдөлгөөн, йогийн бие болоод сэтгэл тайвшруулах дасгалууд хүлээж байсныг онцолъё. Энэхүү гайхалтай өдөрлөгийг санаачлагч, “Herbalife Nutrition” компанийн фитнес зөвлөх Б.Галбадрахтай ярилцлаа.

– Яагаад “Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болсон бэ. Өдөрлөгийн давуу тал нь юу вэ?

– Би “Herbalife Nutrition” компанийн фитнес зөвлөхөөр дөрөв дөх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын хэя маягийг эрхэмлэгч хүмүүст зориулж зөвлөгөө, дасгалын тухай маш их мэдээлэл хуваалцаж байна. Энэ удаа зөвхөн фитнесээр хязгаарлагдахгүйгээр хүмүүсийн сонирхолд нийцэх олон төрлийн спортыг тэдэнд таниулах, туршиж үзэх, цаашид хичээллэх сонирхлыг нь нэмэгдүүлэх үүднээс тухайн спортын холбоодуудтай нь хамтарч энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Нэг талаар өмнө зөвхөн цахим сүлжээгээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр л мэдээлэл авч байсан бол энэ удаад өөрийн биеэр, сонирхсон зүйлсээ мэргэжлийн хүмүүсээс нь авах боломжийг бүрдүүлж байна. Энэ нь хүмүүст илүү таатай сэтгэгдэл төрүүлж, бодитой, хүртээмжтэй байгаагаар давуу тал болж байгааг онцолмоор байна.

– Фитнес зөвлөхөөр ажиллааад чамгүй хугацаа өнгөрүүлжээ. Энэ хугацаанд хүмүүс хэр өөрчлөгдөж, эрүүл идэвхтэй амьдралыг дэмждэг болсон бэ? Өмнөх жилүүдтэй харьцуулахад ялгаа мэдрэгддэг үү?

– Миний хүрээлэлд байдаг хүмүүс маш ихээр өөрчлөгдөж, эрүүл амьдралыг эрхэмлэдэг болжээ. Жишээлбэл, хооллолтоос гадна олон төрлийн спортоор хичээллэдэг, дасгал хөдөлгөөн заавал хийдэг болсон байна. Манайд дугуйны маш олон дэлгүүр нээгдсэн байна, йога, фитнессийн төвүүд, спортын холбоо ихээр нээгдсэнээс үзэхэд л хүмүүсийн хандлага мэдрэгдэх байх.

– Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж байгаа хүнд шим тэжээлт хоол зайлшгүй хэрэгтэй. Гэтэл манайд импортоор чанаргүй хүнсний бүтээгдэхүүн, жимс ногоо их орж ирдэг шүү дээ. Та эрч хүчээ юугаар нөхөж авдаг вэ?

– Дэлхий даяар хүн амын тоо ихсэх тусам шим тэжээлтэй хүнсний хомсдол нэмэгдсээр байна. Тиймээс химийн аргаар хурдан хугацаанд хүнсийг тарьж ургуулах явдал нэмэгдэж, түргэн хоолны газрууд ч олширч байгаа нь дэлхий нийтийн эрүүл мэндийн эсрэг аюул юм болов уу гэж боддог. Яах аргагүй бидэнд зөв хооллолт, шим тэжээл хэрэгтэй. Гэвч яг цэвэр, шим тэжээлт бүтээгдэхүүн олж хэрэглэх хүмүүс байхад чадахгүй байгаа хүмүүс ч байна. Өөрөөр хэлбэл, шим тэжээлийн дутагдалд орсон маш олон хүмүүс байгаа. Үүнийг бид тэнцвэржүүлсэн шим тэжээлт Формула 1 коктейлноос авч, нөхөх боломжтой.  “Herbalife Nutrition” компани маань олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд уг бүтээгдэхүүнийг гаргаж авсан. Хүнс ногоо, мах, жимсэнд байх бүх төрлийн шим тэжээлийг өөртөө агуулсан хүнс гэж ойлгож болно. Тодруулбал, хүнснээс авч чадахгүй байгаа шим тэжээлийг энэхүү коктейлноос авч байна гэсэн үг. Миний хувьд уг бүтээгдэхүүнийг 4 дэх жилдээ хэрэглэж байна. Би фитнесээр 15 жил тасралтгүй хичээллэж байна. Мөн мотокросс, усанд сэлэлтээр хичээллэхийн зэрэгцээ ажлын өдрүүдэд шахуу хуваарийн дагуу ажилладаг. Энэ бүхнийг хийж гүйцэтгэх эрч хүчийг шим тэжээлийн бүтээгдэхүүнээсээ л авдаг даа.

– Зарим хүн энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн илүүдэл жинтэй хүмүүс л хэрэглэдэг гэж ойлгодог. Үнэхээр илүүдэл жинтэй хүмүүс хэрэглэдэг юм уу, эсвэл ямар ч хүн хэрэглэх боломжтой юу?

– Энэ тухайд би хүмүүсийн буруу ойлголтыг няцааж хэдэн үг хэлэхийг хүсдэг л дээ. Хүмүүс шим тэжээл гэхээр үүнийг тураах бүтээгдэхүүн гэж ойлгоод зөвхөн онцгой болоод тарган хүмүүсийн хэрэглэдэг хоол гэж андуурдаг. Ихэнх хүмүүс шим тэжээлийн дутагдал ордог. Үүнийгээ нөхөхийн тулд л хэрэглэдэг болохоор энгийн бөгөөд зөв хооллолтыг дэмждэг хэн ч хэрэглэх боломжтой. Жирийн үеийн хүнс, хоолны хэрэглээтэй харшлах зүйлгүй.

– Спортоор хичээллэхийг зорьж байгаа, эрүүл идэвхтэй амьдрахаар төлөвлөж буй хүмүүст уриалга болгож урмын үг хэлнэ үү?

– Ялангуяа залуу хүмүүс стрессээ тайлахаар хамт олноороо доргиж, цэнгэх явдал байдаг л даа. Үүнийг би шүүмжилж буруутгахгүй ч амьдралынхаа хэв маягийг тодорхой хэмжээгээр спортод зориулахыг зөвлөмөөр байна. Сайхан аялж, найз нөхдөөрөө дурсамж үлдээх, дуртай спортоороо баг болж дасгал хөдөлгөөнийг хэвшүүлээсэй. Хүн хэзээ ч ганцаараа спортоор хичээллэдэггүй, уйддаг учраас хамтдаа хийх хэн нэгнийг олох хэрэгтэй. Тиймээс залуу байгаа дээрээ дуртай спортоороо хичээллэж, эрүүл мэнддээ ач холбогдол өгөхөөс гадна амжилт дүүрэн амьдралыг бүтээцгээе гэж уриалъя.

Биеэ боддог, эрүүл мэндээ эрхэмлэдэг, эрч хүчтэй хүмүүс тэнд цугларч, нэгэндээ баяр баясал, инээд хөөрийг бэлэглэж байв. “УБ фенсинг” клубийн тамирчин В.Хулан “Манай клуб 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Харин холбоо маань 2009 онд нээгдсэн түүхтэй. Би хоёр жил орчим туялзуур сэлмээр хичээллэж байна. Сонирхолтой учраас хичээлийнхээ хажуугаар тууштай явдаг. Энэ спортыг биеийн шатар гэж нэрлэдэг. Яаж, хэрхэн хөдөлбөл өрсөлдөгчөө ялах боломжтойг байнга бодож, хөдөлдөг болохоор ингэж нэрлэдэг юм. Тархи, биеийн хөдөлгөөн зэрэг хөгждөгөөс гадна илүү шийдэмгий, зоригтой болдог. Би туялзуур сэлмээр хичээллэж эхэлснээс хойш өөртөө илүү итгэлтэй болсон” гэж туялзуур сэлэмний ач холбогдлын тухай мэдээлэл өглөө. Мөн тус спортын тусгай хувцас, хэрэглэлийг өмсөн тулалдаж үзэхэд үнэхээр сонирхолтой санагдсан шүү.

 “Herbalife Nutrition” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэнтэй “Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн өдөрлөг”-ийн ач холбогдлын талаар цөөн хором  ярилцлаа.

– Өнөөдрийн өдөрлөгийн ач холбогдол юу вэ. Спорт хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

– Спорт бол хүний эрүүл мэнд болоод сэтгэлзүйн тогтвортой байдал, аз жаргалтай шууд холбоотой. Маш олон судалгаанд хүний аз жаргалтай байдал хүний цаашдын амьдралд эерэгээр нөлөөлж, өөдрөг амьдрах нөхцөл болдгийг дурдсан байдаг. Тиймээс манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү өдөрлөгөө зохион байгуулж байна. Спортоор хичээллэмээр байгаа ч нэг л болж өгөхгүй, зориглохгүй байгаа ч юм уу, тодорхой хариулт авч чадахгүй байгаа хүмүүст тус дэм болох үүднээс өнөөдрийн үйл ажиллагааг явуулж байна. Учир нь олон спортын клубийн төлөөлөл, мэргэжлийн багш нар ирсэн байна.

 

– Өмнө нь яг ийм өдөрлөг зохион байгуулж байв уу?

– Ер нь компанийнхаа хүрээнд, дотооддоо иймэрхүү арга хэмжээ маш олон удаа зохион байгуулж байсан. Харин өнөөдрийнх шиг олон байгууллага нэгтгээд, бүгд нэгдсэн нэг зорилготойгоор олон нийтэд чиглэсэн арга хэмжээ гэвэл анхны удаа болж байна. Сэтгэл маш өндөр байна. Хүмүүс хүссэн мэдээллээ авч байна, хүссэн спортоороо хичээллэж, туршиж байгааг харах сайхан байна. Кросс фит, йога, бодибилдинг, хөлбөмбөг гээд л олон сонирхолтой спортынхон нэгдсэн байна шүү дээ. Цаашдаа энэ төрлийн үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулах төлөвлөгөө байгаа.

 

– Та өөрөө спортоор хичээллэдэг үү. Ямар спортод дуртай вэ?

– Би багадаа хөлбөмбөг тоглодог байсан. Японд амьдардаг байхдаа сургуулийнхаа хөлбөмбөгийн клубд 18 дугаартайгаар тоглодог байлаа. Энд ирсэнээс хойш хөлбөмбөг тоглох маань багасаж, фитнесээр идэвхтэй хичээллэдэг болсон. Фитнес дотроо поверфитээр илүү хичээллэж байна. Ерөнхийдөө эрдэмтдийн судалгаанаас үзэхэд эрүүл амьдралын хэв маягт 80-иад хувийг эрүүл, шим тэжээлт хоол хүнс, үлдсэн 20-иод хувь нь дасгал хөдөлгөөн болоод өөдрөг үзэл бодол нөлөөлдгийг дурдсан байдаг шүү дээ. Тиймээс залуучууд маань эрүүл хооллож, байнга дасгал хөдөлгөөн хийж, өөдрөг бодолтой, хүсэл тэмүүлэлтэй байхад эрүүл, идэвхтэй амьдрал цогцлох нь байна.

Энэ үеэр хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, бүжгийн хэмнэлд уусгасан нь “Пийс дэнс студио”-гийн бүжигчид байсан юм. Тэдний зумба бүжгийн үзүүлбэр олон хүнийг татаж, хөдөлгөөнийг нь дуурайн хийж буй хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодрон, ичих зүйлгүй задгай талбайд бүжиж байлаа. Тус клубийн бүжигчин, багш Э.Энхжин “1991 оноос хойш өдийг хүртэл дэлхийн аэробик, фитнесийн ертөнцөд тэсрэлт хийж байгаа төрөл бол зумба юм. Хүмүүс жирийн дасгалыг хийхдээ яаж дуусгана даа гэж боддог бол латин америк бүжгийн хөдөлгөөнд суурилсан энэ дасгалыг баяр баясгалантай хийж чаддаг. Нэг цагт 700-800 ккал-ыг шатаадаг учраас маш их үр дүнтэй. Ер нь бүжгээр хичээллэхэд зүүн баруун тархи зэрэг хөгжихөөс гадна хөдөлгөөний эвсэлтэй болж, уян хатан болдог. Хүнд баяр баясгалан нэмдэг сайхан спорт. Бүжиг намайг үргэлж сайн сайхан хүмүүстэй учруулж, инээд хөөр авчирдаг” гэлээ. Үнэхээр бүжигчин хүний, бүжиглэж буй хүний нүд гэрэлтэж, баяр баясгалантай харагддаг шүү дээ. Бас нэгэн онцгой бөгөөд олны анхаарлын төвд байсан нь кросс фит спорт байв. Хурд, хүчний илэрхийлэл болсон уг спорт нь хүнийг тууштай, тэвчээртэй, ачаалал даах чадвартай болгодог байна. Манай үндэсний шигшээ багийн тамирчид энэ төрлөөр хичээллэдэг аж. Энэ талаар “УБ Кросс фит” төвийн зөвлөх багш, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Батнаран “Энгийн фитнесээс ялгарах гол онцлог нь хурд, хүчийг жигд хөгжүүлдэг. Ингэснээр энэ спортоор хичээллэсэн хүн ажлын ачаалал даах чадвартай, тэсвэр тэвчээртэй болж, зүрхний үйл ажиллагаа сайжруулах ач холбогдолтой. Бүх насны хүмүүс хийх боломжтой. Сүүлийн жилүүдэд кросс фитийг сонирхож, хичээллэдэг залуусын тоо нэмэгдсэн. Мөн бүх төрлийн спортын тамирчид кросс фитээр хичээллэдэг” гэлээ.

Эдгээр спортын тухай нээлттэй мэдээлэл авахын зэрэгцээ хүмүүс баг бүрдүүлж, “бабл” хөлбөмбөгийн тэмцээнд оролцон цагийг зугаатай өнгөрүүлж, өөрт төдийгүй, үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн.  “Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн өдөрлөг” нь олон залуусыг нэг зорилго, нэг сонирхол дор зангидаж, нэгнээсээ суралцан, хөгжихөд дэм болохоор зохион байгуулагдсан юм. Эрүүл бөгөөд идэвхтэй амьдралд нэгдэх хүсэл тэмүүлэлд хөтөлж, ирээдүйн “эрүүл монгол” хүнийг бүтээхэд хувь нэмэр болох юм. Магад бидэнд улирал бүр, сар бүр ийм өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулвал илүү олон хүнд хүрч, илүү олон хүн сайн сайханд, гэрэлт ирээдүйн өөд эрчтэй хүчтэйгээр зорих биз ээ.