Comment.mn

Монгол орны маань ядуу тарчиг хөрс 70 сая малыг идэш тэжээлээр хангахад хэцүү

Цөлжилтийн тухай цөөхөн үгээр хөөрөлдөхүй
12 сарын 5-нд тохиох Дэлхийн хөрс хамгаалах өдрийг тохиолдуулан Биологийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
• Сүүлийн жилүүдэд эрдэмтэд Монгол орон эрчимтэй цөлжиж байна гэж яриад байдаг боллоо. Бүр нутаг дэвсгэрийн 80 хүртэл хувь нь цөлжчихлөө гэх юм.  Ер нь цөл, цөлжилт гэж юу юм бэ?
Цөл гэж ямар ч өвс ургамалгүй нүцгэн газрыг хэлдэг шүү дээ. Дэлхийн хамгийн том цөл хаа байдаг вэ гээд асуухаар хүмүүс ихэвчлэн Сахарын ч юм уу Арабын хойгийн зундаа 60С хүрдэг их халуун цөлүүдийг нэрлэдэг. Гэтэл дэлхийн хамгийн том цөл бол Антарктид тив юм шүү. Тэнд хэзээ ч зун болдоггүй өвөлдөө -80С хүрдэг манай дэлхийн хүйтний туйл.  Аль алинд нь амьд ургамал байхгүй. Цөлжилт гэдэг нь өвс ургамал нь хомсдон цөл болох тал руугаа уруудан доройтож байна аа л гэсэн үг. Цөлжиж буй газрыг малаар зүйрлэвэл дахин сэхэхээргүй яс арьс болтлоо тураалд оржээ гэж ойлгож болно.
• Яахаараа энэ их газар нутаг ингээд  тураалд орчихдог байна аа? 
• Хүмүүс цөлжилтийг дэлхийн дулааралтай холбодог боловч үнэн хэрэгтээ бид хөрсөө хайр найргүй цөлмөснөөс л үүдэлтэй юм шүү. Энгийн жишээ авья.
1. Социализмын үед малын тоо толгой 24 саяас хэтэрдэггүй байлаа. Монгол орны маань ядуу тарчиг хөрс ийм тооны малыг өвөл зунгүй идэш тэжээлээр хангах чадавхитай болохыг эрдэмтэн судлаачид нотолдог. Гэтэл өнөөдөр малын тоо 70 сая давчихлаа гэж ярих болов. Ийш тийшээ нутаг сэлгэж нүүх нь багассан өнөө үед бэлчээрийн даац хэтэрсэнээс цөлжилт эрчимжиж байгаа нь энэ. Хадлангийн талбайн хувьд үүнээс долоон дор юм болж байгаа. Хадлан авдаг голын ай сав, уулын амны жаахан газрууддаа малчид жил бүр бие биенээсээ өрсөж очоод, сорчлоод хятад анжисаар хуу хамана. Тэр анжис нь газрын гадарга дээр өвсний гол  ч үлдээхгүй доогуур сахал шиг хусахыг нь яана. Хадлангийнхаа газрыг бордоно нөхөн сэргээнэ гэсэн ойлголт хаа ч алга
2. Газар тариаланд ашиглаж буй хөрсний хувьд бүр аймшгийн юм болж байгаа. Монгол орны тариаланд тохиромжтой газар нийт нутаг дэвсгэрийн 1% ч хүрдэггүй, 1.2 сая.га. Үүнийхээ 50-60-хан хувийг л өнөөдөр ашиглаж байна.
• Бэлчээр хадлангийнхаа даацыг хэтрүүлдэг мөртлөө тариалангийн талбайн ашиглалт яагаад ийм бага байдаг юм бол оо?
• Үүнд олон шалтгаан бий. Гэхдээ хоёр гурвыг нь онцлоё. 1.Дээр дурьдсан бэлчээр адил хайр найргүй цөлмөснөөс хөрс нь тураалд орчихсон. Жил алгасахгүй ганцхан төрлийн ургамал улаан буудай тарина, дээр нь уриншилж байгаа нь гээд хөрсийг нь эргүүлж хагална. Энэ уринш гэдэг зүйл нэгэнт хоцрогдож, өнөөдөр ямар ч оронд хэрэглэхээ бүрмөсөн больсон, өнгөрсөн ХХ зуунтайгаа хамт мартагдсан хамгийн бүдүүлэг арга ажиллагаа. Шимт хөрснөөсөө жаахан юм авч түүгээрээ амьдралаа залгуулдаг улс чинь уриншилсаар байгаад сүйтгээд баллаад хаячихвал алсдаа юу болох билээ.
• Тэгвэл яах гэж уриншлаад байдгийн учрыг тайлбарлаач?
• Товчхондоо бол Гол нь ургамлыг нь устгах гэж. Мөн ус чийг хуримтлуулах гэж. Эцэст нь ургамалд шингэцтэй шим тэжээлийн бодис ялангуяа азотыг хөрсөнд бий болгох гэж уриншилдаг юм.
• Уринш чинь тэгвэл хэрэгтэй л юм байна ш дээ.
• Хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ эргээд алсдаа эзэндээ нөхөж баршгүй, дааж давшгүй лай ланчиг авчирдаг гайтай эд. Тариалангийн талбайг уриншлах үед элэгдэл эвдрэлд орж, хөрсний үржил шим эрс буурдаг. Өөрөөр хэлбэл тариалангийн талбай маань доройтолд орно гэсэн үг.
• Яахаараа уриншилсан газар доройтдог билээ?
• Олон шалтгаан бий. Товчхондоо бол жаахан ургамлан бүрхэвчийг нь хагалж устгаад хаячихаар хөрсний хамгийн үржил шимтэй өнгөн үе нь  цас борооны усанд урсаж гуу жалга үүсгэн эвдрэнэ. Уринш талбай хар бараан өнгөтэй болохоор зуны наранд хэт халж хуурайшин ялзмагтай шаварлаг хэсгүүд нь салхи шуурганд хийсэн хөрс элсжинэ.  Хөрсний элс элсэнцэр хэсгүүд хагарч бутарч шавар үүсэх процесс туйлын урт. 1см шаварлаг үе бий болоход бараг 100 жил  шаардлагатай. Хамгийн гол нь хөрсний бичил биетнүүд хэт үржиж олширч, ялзмагийг задалж хооллон хөрсний нөөц үржил шимийн цөм болох ялмагийг бууруулна.  Өвслөг ургамлын сахлаг үндэс, болон ялзмагт бодис хөрсөнд эрчимтэй задрахаараа хөрсийг азот болон бусад шим тэжээлийн бодисоор баяжуулснаас тухайн жил уриншилсан талбайд ургац эрс нэмэгддэгийн тариа тарьдаг улсууд андахгүй дээ. Харамсалтай нь ялзмаг хэмээх хөрсний нөөц агуулахад хуримтлагдаж хадгалагддаг  шим тэжээлийн бодисоо эргэлт буцалтгүй тавиад туучихаж байгаа учраас яваандаа хөрс ядуурч элсжиж цөлжинө л гэсэн үг. Өнөөгийн байдлаар тариаланд ашиглаж байгаа талбайн бараг 80 хувь нь элэгдэл эвдрэлд орж элсжиж цөлжөөд байгаагийн гол шалтгаан энэ.
• Одоо тэгвэл шимт хөрсөө устгаж цөлжүүлэхгүйн тулд бид яах ёстой юм болоо?
• Бидэнд олон арга зам, боломжууд байгаа. Хамгийн чухлаас нь эхэлье
I. Тариалангийн шинэ хуулиа хатуу мөрдөж эргүүлэн хагалах, уриншлахаас нэн даруй татгалзах ёстой. Таримлын сэлгээнд буурцагт ургамлыг оруулах хэрэгтэй. Хөрсөө эрдэс шим бордоогоор бордох шаардлагатай. Ер нь малчин хүн малдаа өвс тэжээл өгөлгүй өглөө оройгүй саагаад байвал сүү сааль гарах уу?
 II. Социализмын   үед хэрэглэж байсан хөрс хамгаалахад бага ч атугай нэмэртэй зурваслан тариалалт, ойн зурвасаа сэргээх шаардлагатай. Канадын тариалангийн бүс нутаг Саскачеван мужаар өнгөрсөн жил би хөндлөн гулд нилээд явлаа. Тэд уриншийн тухай ярихаар урдаас минь шоолж байна. Тариалангийн талбайнуудаа 20м хүртэл өндөр ургадаг харганаар зурваслаж салхинаас хамгаалсан байна. Хэрэв газар эзэмшигч тодорхой хугацааны дотор талбайгаа ингэж хашиж хамгаалаагүй бол өндөр торгууль татвар ногдуулдаг юм билээ. Тэд газар бол тухайн үед хэн нэгний эзэмшилд байгаа болохоос биш улс орны баялаг гэж үздэг юм билээ.
III. Монгол нутагт маань хааяагүй байдаг хатаж ширгэсэн нуурын лагийг лайдан авч элсжсэн, элэгдсэн элсжсэн талбайнууддаа цацан үржил шимийг сэргээх боломжтой технологи буй болсон байгаа. Элсэн цөлөөр хучигдсан Арабын орнууд ОХУ-аас нуурын бэлдэж боловсруулсан лагийг өндөр үнээр  худалдан авч улаан элсэн дээрээ цацаж шинээр шимт хөрс буй болгож чадаж байна. Энэ ажилдаа тэд тэрбум тэрбум доллар хаяж байна. Энэ мэтээр хөрсөө сайжруулах асар их боломж манайд байна.
• Эцэст нь уул уурхайнхны алтыг нь аваад авдрыг нь хаячихсан газрууд энд тэндгүй их байх юм. Үүнийг яаж нөхөн сэргээх вэ?
• Миний дээр дурьдсан шимт хөрс бий болгох аргаар нөхөн сэргээлтийг хийж чадах юм уул уурхайнхан цөлмөөд эвдээд хаячихсан ангал нүхнүүдийг эргүүлэн хөрсжүүлэн ашиглах боломж бидэнд нээлттэй байна. Энэ удаа бид эх газрын юугаар ч үнэлж болшгүй баялаг тариалан, бэлчээр, хадлангийн талаар товчхон ярилцлаа.
Дараагийн дугаарт хот орчмын хөрсний бохирдлын сэдвийг хөндөх болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.