Олон түмний дунд шуугиан үүсгэх сэдлээр илт улс төрийн зорилготой, цензургүй гэх мөртлөө сайтар “найруулж” зохиомжилсон гүтгэлгийн нэвтрүүлэг сая С1 телевизээр явуулж миний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсанд харамсаж байна. Нэвтрүүлэгт дурьдагдсан “оффшортой холбоотой” гэх асуудлаар би өмнө нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд болон хууль хяналтын байгууллагад удаа дараа нээлттэй тайлбар өгч байсан. Мөн миний бие Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ) -д холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн ба тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн байдаг. Энэ мэдээлэл нь сонирхсон хүн бүрт нээлттэй, ил тод мэдээлэл юм.
Уг нэвтрүүлэгт дурьдагдаж буй “Бату Майнинг Монгол” ХХК нь 2003 онд байгуулагдсан. Тус компани анх байгуулагдахдаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан. Тэгэхээр би оффшор бүсэд данс эзэмшээгүй, Монгол Улсад, Монголын тодорхой нэг компанид хөрөнгө оруулалт хийсэн олон хөрөнгө оруулагчийн доторхи нэгэн жижиг хувьцаа эзэмшигч байсан болно. “Бату Майнинг Монгол” ХХК нь гаднын хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсний дараа хэдийгээр гадаадын аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй,бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан ч 2005 оны арванхоёрдугаар сард би энэхүү компаниас гарсан. Үүнээс хойш миний бие болон миний хамаарал бүхий хэн нэгэн энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн, оролцсон зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Ийнхүү Монголын компанид хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, аливаа далд нууцлалгүйгээр явагдсан болохыг онцлон хэлье. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын бүртгэлийн байгууллагад тухайн үед нь нээлттэй өгч байсан. Тухайн компанийн үйл ажиллагааны үр дүнд Монголоос нэг ч төгрөг гаргаагүй. Харин ч гадаадаас Монгол Улс руу хөрөнгө татсан болно. Тус компани улсаас нэг ч төгрөг ямар нэгэн байдлаар аваагүй, дан хувийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тухайн компанийн хайгуул хийсэн бүх талбайг хуулийн дагуу авсан байсан бөгөөд хайгуулын ажил нь амжилтгүй болж бүх талбайгаа эргүүлээд улсад буцаасан гэсэн мэдээллийг хожим нь би авсан.
УИХ-аас оффшорын талаар батлагдсан хуулийн дагуу өнөөдөр миний бие, надад харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдгийг үүгээр дахин мэдэгдэж байна.
Иймд нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор миний болон миний гэр бүлийн нэр хүндэд халдан, илт гүтгэлгийн чанартай, худал тоо баримт тараан хүний толгойд оромгүй зохиомол гэмт хэрэгт хамаатуулах гэсэн худал хуурамч мэдээллээ зогсоохыг шаардаж байна.
Энэ мэдээлэлд дурьдагдсан гүтгэлгийн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болохоо мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд
Оффшортонгууд хаашдаа нууц нь задарсан юм, би тийм оффшор данстай, мөнгөө монголдоо авчиря гээд өөрсдөө санаачлага гаргаад ирвэл арод түмэн баярлана.,өршөөнө дөө