Хүний өөрийн хүүхэд хамгаалж өлсөх, айх зовлонгоос нь гэтэлгэж буй М.Сарнай гэх бүсгүйг мэдэхгүй хүн ховор биз. Хүчирхийллийн олон хэлбэр дунд аж төрдөг, эцэг эхийн хараа хяналт сул, гэр орны боломж бололцоогүй эмзэг бүлгийн 30 гаруй хүүхдийг асрамжлан халамжилж яваа өнөө цагийн “өндөр ээж” юм.
Харамсалтай нь өнгөрөгч зунаас түүнийг тойрсон хэл ам, хэрүүл зарга тасраагүй. Олны хайрыг “хувааж” орхих муу үйл хаанаас эхтэйг уншигч авхай та санаж буй биз. “Сарнай” хүүхдийн асрах төв барьж эцэг эх, төрийн хайр хүртэх боломжгүй олон хүүхдийг энэ төвд амьдруулна гэсэн гоё зорилготой эхэлсэн тусламжийн аян итгэл сэтгэлгүй хүмүүсийн гараар орж үйл хэрэг бүдгэрсэн. Олны тусламж эзэндээ хүрч чадаагүйн гашуун жишээ болж “өндөр ээж”-ийнхээ үүргийг хуулийнхны хараа хяналт дор гүйцэтгэж буй М.Сарнай ч нам гүмхэн амьдарч эхэлсэн юм. “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ бүсгүйн гардаж эхлүүлсэн сайн санааны аяны гол баатар болох М.Сарнайг сайн муу хэл ам дагаж нийгэм хоёр талцсан. Гэвч алив юмны хэмжүүр цаг хугацаа байдгийг тэрбээр олон нийтэд харуулж чадлаа. Тус хүргэе гэсэн хүний мөнгө төгрөг, эд материалыг замынх нь дундаас авч дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн үг хэл, үйл хөдлөл замын дундаас танигдаж гээгдсэн бол М.Сарнай өнөөдрийг болтол хүүхдүүдээ өсгөж, өлсгөхгүй юмсан гэхдээ айлын гэр цэвэрлэж хэдэн бор хүүхдийнхээ гэдсийг борлуулж явна. Түүний дэргэд одоо хэн ч алга.
Нийгэмд өдөр бүр шинээр “мэндэлж” буй сенсациудын хөлд М.Сарнай гэх бүсгүй, түүний олон бяцхан үрс “мартагджээ”.
Хан-Уул дүүргийн XIII хороо, VII хэсэгт тэрбээр амьдарч байна. Хотын төвөөс алслагдсан энэ хэсэгт Туул голын жавар хоргоддог хонхор газар учраас хүйтний эрч хотын төвийн хэсгээс нэлээд чангардаг. Тиймээс мод нүүрсний хэрэгцээ их гэнэ.
М.Сарнай бүсгүйн арван хүүхэд сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж байна. Тэдний хамгийн бага нь үсэг таньж үе нүдэлж байгаа бол том нь тавдугаар ангийн сурагч байгаа аж.
Яагаад ч юм түүнээс С.Дэлгэр гэж хүний тухай, аяны мөнгө хэчнээн төгрөг болж байгаа тухай нь лавлахаар тодорхой хариулахгүй байв. Тусламжийн мөнгө, эд материал эзэндээ хүрч байна уу, эсвэл…
Түүний нэр хүнд, сайхан сэтгэл, хүүхэд хамгаална гэсэн эхийн хүнлэг сэтгэлийг нь ашиглах хүйтэн сэтгэлтэн үгүй л баймаардаа. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайхан өвөлжиж байна уу та. Хүүхдүүд нь сайн уу?
-Сайн. Эгчийн нь 10 хүүхэд сургуульд явж байна. хүүхдүүдээ сургуульд нь өгчихөөд Нисэх орчмоор хоол ундыг нь цуглуулах ажилтай явж байна. Хүүхдүүдээ сургууль гэр хоёрын дунд зөөсөөр явж байтал өдөр өнгөрчих юм.
-Одоо тань дээр хэчнээн хүүхэд байна вэ. Эцэг эх нь хүүхдүүдээ эргэж тойрч байна уу?
-Нийт 17 хүүхэд байна. Сая намар 2 настай Уянга, 4 настай Нандин-Эрдэнэ нарыг минь эмээ өвөө нь гэсэн хүмүүс гарч ирээд аваад явлаа. Нэг айлын хоёр хүүхэд юм. Энэ хоёрыг минь анх над дээр аав нь авчирч өгч байсан. Ээж нь шоронд орчихсон учраас аав нь хүүхдүүдээ тэжээж чадахгүй байна тань дээр байвал аюулгүй, өлсөж цангахгүй гээд авчирч өгч байсан. Хүүхдүүдээ эмээ өвөөд нь өгөхөд Хүүхэд хөгжлийн төвийнхөн байсан учраас албан ёсоор хүлээлгэж өгсөн.
-Өвөө эмээ нь хаана амьдардаг хүмүүс вэ. Хүүхдүүд хэр дуртай явсан бэ. Хүүхдүүдтэйгээ холбогдож үзсэн үү?
-Нисэхэд орон сууцанд амьдардаг айл гэсэн. Хоёр хүүхэд минь явахгүй гэж орилж уйлалдсаар явцгаасан. Суулгасан машиных нь цонхыг хумсаараа маажаад л байсан. Тэр дүр нь нүдэнд харагдахаар зүрх зүсэгдэх шиг болдог. Гэхдээ эмээ өвөө нь гээд мах цусныхаа тасархайг хайж ирээд аваад явсан болохоор би яах ч аргагүй. Хаана амьдардгийг нь мэдэхгүй болохоор холбогдож чадахгүй л байна. Яг үнэнийг хэлэхэд энэ алс бөглүү газар идээшихгүй л байна. Ойр орчны хүмүүсээ ч таньж мэдэхгүй. Яах учраа олохгүй л байна.
-Ц.Сувд-Эрдэнэ тантай холбогдож байгаа юу. Таныг шалгуулахаар өгчихсөн байсан. Энэ хэрэг юу болсон бэ?
-Шалгагдаад л явж байгаа. Сувд-Эрдэнээс чимээ сураг алга. Айхтар хэл амнаас хойш чимээгүй л байна. Миний нэрийг шавартай хутгаж хаячихаад хүнд итгэх итгэлээр минь тоглочихоод алга болсон. Надтай нэг ч холбогдоогүй. Түүний эхлүүлсэн муухай хэл амнаас болж “Сарнай хүүхдүүдийг зоддог байж магадгүй, хүүхдүүдийг шүүх эмнэлгээр үзүүл” гэсэн шийдвэр гарсан. Би унаа тэрэггүй хүүхдүүдээ автобусаар хоёр дамжиж явж байж шүүх эмнэлгээр 18 хүүхдээ үзүүлсэн. Нэг хүүхдийг 10 мянган төгрөгөөр үзүүлдэг юм билээ. 180 мянган төгрөгөөр хүүхдүүдээ үзүүлсэн.
-Шүүх эмнэлгийнхэн хүүхдийг үнэ төлбөргүй үзэж байхаар болсон шүү дээ?
-Тийм гэсэн. Гэхдээ эгч нь тэр тушаал шийдвэр гарахаас өмнөхөн хүүхдүүдээ үзүүлсэн юм билээ.
-С.Дэлгэр гэж хүнтэй холбоотой байгаа юу?
-Дээгий эгч хувийнхаа ажлыг хийгээд хажуугаар нь “Нэг хүн нэг тоосго” аяны ажлыг хийгээд л яваа юм шиг байсан. Одоо ч тэгээд хүнд итгэж чадахгүй болчихсон байна.
-Та хоёрын харилцаа хэр байгаа вэ?
-Энгийн л байгаа.
-10 хүүхэд сургуульд сургана гэдэг ганц эмэгтэй хүний хувьд чанга “даалгавар”. Гэвч та энэ “даалгавар”-ыг тун хичээж хийх юм. Автобусны мөнгөнөөс эхлээд зардал ихтэй. Ерөнхий боловсролын сургуульд татаас ч ихтэй. Яаж энэ бүхнийг болгож байна вэ?
-Энд маш хүйтэн юм. Голын жавараасаа болдог уу их хүйтэн юм. Хүүхдүүддээ бараг л хоёр давхар гадуур хувцас өмсгөөд байхад л өглөөд хөлдөх шахуу болж байж хичээлд нь хүргэдэг. Сая хүйтний эхээр түлээ нүүрсгүй хэцүүхэн л байлаа. Энд чинь тал хээр шахуу газар учраас гараад мод түлээ түүе гэхээр ямар ч боломж алга. Мөн таньж мэдэх хүнгүй учраас ойр зуур бэрхшээлээ хуваалцах ч найзгүй зутруухан л байна. 10 хүүхдийг сургуульд явуулна гэдэг хэцүү. Ойр зуур мөнгө нэхэх юм. Тэр бүр анги сургуулийнх нь ажлаас хойш нь суулгаад байх хэцүү юм. Анги хамт олон нь зарим нэг мөнгө төгрөгний татаасуудаас чөлөөлөх л юм. Гэхдээ л тэр бүр арвын арван хүүхэд чөлөөлөгдөөд байж чадахгүй шүү дээ. Баянхошуундаа байсан бол наад зах нь л хүүхдүүдийнхээ багш нарыг таньдаг болчихсон учраас харилцахад их амар байж. Нэг хүүхэд 3000 төгрөгөөр нэг кино үзнэ гэхэд л 10 хүүхдэд 30 мянган төгрөг хэрэгтэй болох юм. Нэгийг нь дэвтэр балтай болгож байтал нөгөөгийнх нь дэвтэр бал дуусах жишээний.
ХҮЧИРХИЙЛЭЛ НӨМӨРСӨН БАГА НАСНЫХАА ЗОВЛОНГ ХҮҮХДҮҮДЭД АМСУУЛМААРГҮЙ БАЙНА
-Сарнай болон таны олон хүүхдэд хаягласан тусламжийг С.Дэлгэр гэж эмэгтэй цуглуулж байна гэж ойлгож байгаа. Энэ хүйтэн, хүнд үед нүүрс түлээ, хүүхдүүдийнхээ хоол хүнсийг тусламжийн мөнгөнөөсөө авч болдоггүй юм уу?
-Дээгий эгчид сайхан сэтгэлтэй хоёр хүн хандаад нөгөө Сарнай маань хүүхдүүдтэйгээ сайн байгаа юу. Өвөл болж байна. Ядаж нүүрс авч өгмөөр байна гэсэн байна билээ. Ингэж л хоёр портер нүүрстэй болж би гэдэг хүн жаахан нуруу тэнийлээ. Энэ өвлийн хүйтнийг хүүхдүүдээ өвчин авахуулчихгүй давах юмсан гэж бодож байна.
–С.Дэлгэр гэж хүн “Нэг хүн нэг тоосго” аяныг зогсоохгүй гэж байсан. Энэ аян үргэлжилж байгаа юу. Яагаад чимээгүй болов. Тайлан тооцоо нь юу болж байна вэ. Таньд мэдээлэл өгч байгаа юу?
-Эгч нь сайн мэдэхгүй байна. Тайлан тооцоог нь хараагүй ээ. Гэхдээ аян бол үргэлжилж л байгаа юм билээ. Би цахим орчинд ажиллаж чаддаггүй болохоор охиноороо л харуулдаг юм. Ийм хүнээс 500 мянган төгрөг өглөө, төчнөөн төгрөг хүлээж авлаа гээд фэйсбүүкдээ Дээгий эгч биччихсэн л байх юм билээ. Сарнайд хүмүүс туслаж байна, хүмүүс хувцас өгч байна гэсэн мэдээллүүдийг ч оруулаад л байдаг юм.