Comment.mn

Найруулагч Д.Галбаяр: Эхнэр маань нуруундаа бэртэл авснаас болж театраа орхиход хүрсэн

“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” уран сайхны киногоороо чадварлаг найруулагч болохоо харуулсан “Go adventure” студийн захирал Д.Галбаяр өдгөө “Тусгай ажиллагаа” инээдмийн киногоо үзэгчдэд хүргээд байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр нээлтээ хийсэн тус киноны үеэр уран бүтээлчид бус үзэгч түмнээ улаан хивсэн дээр алхуулсан эрхэм найруулагчтай уулзаж ярилцлаа.

-“Тагнуулч аав” киногоо гаргаад удалгүй Тусгай ажиллагаа”-гаар үзэгчидтэйгээ уулзсан. Хэдий хугацаанд бүтсэн кино вэ?

-“Тусгай ажиллагаа” киноны хувьд гэвэл, бид нар “Тагнуулч аав” киногоо хийчихээд ярилцсан л даа. “Одоо яг ямар сэдэвтэй кино хийх вэ. Сэдэв болон үйл явдлын хувьд хэр өргөн байж болох вэ” гэж… Тэгээд сүүлийн үед улиг болоод байгаа уйтгартай хэв шинжээс жаахан хазайж, инээдмийн кино атлаа үйл явдлын хувьд арай өргөн, далайцтай хэмжээнд нь хүртэл хийж үзье гэж шийдсэн. Уран бүтээлчдийн хувьд өөр хоорондоо зүгээр л марзаганах маягаар ярьдаг байсан нэг зүйл бий. “Ер нь архины үйлдвэрийг барьцаалчихвал юу болох бол…” гээд л хөгжилдөж суудаг байлаа. Энэ зүйл маань яригдаж явсаар байгаад найруулагч Ж.Сэнгэдорж бид хоёр киноныхоо анхны санааг гаргасан. Тухайлбал, архины үйлдвэрийг барьцаалж буйгаар үйл явдлыг нь өрнүүлэхээр төлөвлөж, санаагаа улам баяжуулан кино зохиолын хэмжээнд хүртэл бэлдсэн. Киноны зураг авалт зургаан сар, монтаж хоёр сарын хугацаанд үргэлжилсэн дээ. Нийтдээ найман сарын хугацаанд бүтсэн кино.

-Та шинэ киногоо видео санд оруулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан. Яагаад тэр вэ?

-Үзэгчдийн маань дунд нэг тийм явуургүй ойлголт бий болчихоод байна. Шинэ кино дэлгэцэнд гарахаар “Аа, энийг видео санд орохоор нь үзье. Юнивишинээр татаад үзчихнэ дээ” гэж хойргоших маягтай болсон нь анзаарагддаг. Гэтэл уран бүтээл маань ямар олон шат дамжлагыг давж байж бүтдэг зүйл билээ дээ. Бидний хувьд өдийг хүртэл зүтгэж хийсэн уран бүтээлээ ингэж үнэгүйдүүлмээргүй байна. Ганцхан бид нар ч биш. “UBS” телевизийн тэр “Содура” кино л гэхэд, хоёр жил дамнаж бүтсэн ажил шүү дээ. Ингэж их хүч хөдөлмөр зарсан бүтээлүүдээ зүгээр л видео санд оруулаад, түүнийг нь нэг нөхөр “Устахаас нь өмнө үзээрэй” гээд фэйсбүүктээ тавиад байвал ямар олиг байх вэ. Энэ маягаар Монгол киног үнэгүйдүүлэх үйл ажиллагааны эсрэг бид нар баттай зогсч байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Гол дүрийн хувьд, анхнаасаа тодорхойгүй явсан гэсэн. “Тусгай ажиллагаа”-г чухам ямар учраас сонгов?

-Яагаад архины үйлдвэрийг барьцаалж байна вэ гэдгийг эхлээд бодох ёстой юм. Залуучууд маань архи гэдэг энэ идээг яаж зүй зохистой хэрэглэх, хэрхэн татгалзах ёстой вэ гэдэг асуудлыг хөндөж гаргасан. Үзэгчид маань энэ киног үзээд нэлээд том ойлголт авч байгаа болов уу гэж боддог. Цагдаагийн дарга Баярмагнай эгнэж жагссан 50 гаруй машины дундаас сүртэй нь аргагүй гарч ирээд л бараг Путиныг тосох гэж байгаа юм шиг сүр бадруулдаг шүү дээ. Гэтэл тэгж их сүржин бууж ирсэн цагдаагийн дарга маань цаашид  шал өөр зүйл рүү үзэгчдийг хөтлөөд, киноны үйл явдлыг жолоогүй аваад “давхиж” гарна. Анх энэ киноны зохиол маань “Шоучид” нэртэй байсан. Архины үйлдвэр дотор нэлээд их үйл явдал өрнөхөөр бичигдсэн. Харин киноны зураг авалт дууссаны дараа хартал өнөөх Баярмагнай чинь гол дүр болчихсон явж байна. Бид нар бүр гайхаад “Хүүе энэ чинь юу вэ, цагдаагийн дарга Баярмагнай чинь жинхэнэ гол дүр юм байна шүү дээ” гэж дуу алдсан. Үнэндээ бол энэ нөхөр тусгай ажиллагаа явуулаад байсныг өөрсдөө бараг сүүлд нь олж мэдсэн хэрэг. Ингээд бид хоорондоо ярилцаад киногоо “Тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн.  Мэдээж аливаа зүйлийн нэр гэдэг маш чухал. Тухайн нэрнээс уран бүтээлийн хувь заяа ихээхэн шалтгаалдаг болов уу.

-Дөрөв дэх киногоо дэлгэцэнд гаргалаа. Бүгдээрээ л инээдмийн сэдэвтэй бүтээл?

-Би дандаа инээдмийн киногоор дагнаж ажиллаж байгаа. “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа” гэх мэт киноноос маань үзэгчид харсан биз ээ. Тиймээс миний хувьд, үзэгчдэдээ зөвхөн инээдийг амлаж чадна. Энэ киногоороо би хүмүүст ямар нэгэн ухаарал хайрлах гэж хичээсэнгүй. Өнөөдөр үзэгчид театр руу ухаарал авах гэж очдогоо больчихсон шүү дээ. Цаг гучин минутын хугацаанд үзэгчид маш гоё таашаалыг мэдэрч, инээж бас жаргалтай сууж чадвал энэ чинь л чухал байхгүй юу. Түүнээс биш, өнөөдөр ихэнх хүмүүс “За, өнөөдөр эхнэртэйгээ хамт нэг ухаарья даа. Хүүхдээ нэг хүмүүжүүлье дээ” гэж театрыг зорьдоггүй. Тэндээс зүгээр л таашаал авах гэж очдог. Авч чадахгүй бол “Муу кино болсон байна” гэж уурладаг л байхгүй юу, тэд чинь.(инээв)

-Инээд гэдэг маань өөрөө цагаан сэдэв. Харин энэ төрлөөр дагнасан нь аавын тань уран бүтээлтэй холбоотой гэж нэгэнтээ та дурсч байсан?

-Тийм ээ, миний сонголт яалт ч үгүй аавтай минь холбоотой. Би 20 жил аавтайгаа хамт амьдрахдаа үргэлж инээд дунд байдаг байсан. Их цагаахан инээд шүү. Аав маань ямар ч хүнийг муулж үзээгүй. Ааш араншин, аяг төрх, болж бүтэхгүй байгаа зүйлийг нь цагаанаар ёжилж, хөнгөн ёгтолдог.  Тийм л гэм хоргүй цагаан шогч, хөнгөн ёгт байдлаар бусдад сургамжилдаг хүн байсан. Тэгэхээр миний уран бүтээлийн өнгө аяс тэр тал руугаа давамгайлж, мөн энэ цагаан инээд рүү мэдрэмж маань хөглөдөг юм болов уу гэж би бодож явдаг даа.

-Уран бүтээлийн тань дараагийн төлөвлөгөө юу байх бол. Арай дараагийн киногоо хийгээд эхэлсэн юм биш биз?

-Үгүй дээ. Шинэ бүтээлээ дэлгэцэнд гаргаж, үзэгчдийн хүртээл болгож чадлаа. Одоо ямар ч байсан, хэсэг хугацаанд амсхийнэ дээ. Түүний дараа уран бүтээлээ хэрхэх талаар бодно. Одоохондоо төлөвлөсөн зүйл алга л байна.

-Жүжигчин Т.Хулан театраас гарч, чөлөөт уран бүтээлч болоод удаагүй байгаа. Энэ шийдвэрт нь таны нөлөө байсан гэж хардах хүн ч цөөнгүй?

-Улсын драмын эрдмийн театрт эхнэр маань найман жил ажиллалаа. Жүжигчин хүн бүрийн хувьд хүссэнийхээ зоргоор ороод ажиллачих тийм “хямдхан” газар биш шүү дээ, театр чинь. Т.Хулан маань өнгөрсөн хугацаанд театрын тайзнаа тавигдсан олон сайхан уран бүтээлд тоглож, урлагийн мэдлэг чадвараа харуулж чадсан хүн. Харин театраас гарах шийдвэрийн тухайд гэвэл, эхнэрт маань нэлээд хүнд туссан даа. Энэ талаар их ч бодсон. Үзэгчдийн хувьд ч тэр. Жүжигчин Т.Хулангийн театраас гарах шийдвэр үнэхээр гэнэтийн санагдсан уу, яасан. Их л цочирдож хүлээж авсан санагдана. Бүр одоо хүртэл хүмүүс гайхаад энэ тухай асуудаг шүү. Энэ бүхний үндсэн гол шалтгаан нь гэвэл, эхнэрийн маань биеийн байдалтай холбоотой байсан юм шүү. Зөвхөн драмын театраас гарахын тулд тэр ийм шийдвэрт хүрээгүй.

-Тэгээд чухам ямар учир шалтгаантай байсан хэрэг вэ. Энэ талаар одоо хэр нь ам нээгээгүй?

-Өнгөрсөн зун “Тусгай ажиллагаа” киноны зураг авалтын үеэр Дарханд явж байх зуур эхнэр маань машины ар талаас юм авах гэж байгаад бэртсэн. Өөрөөр хэлбэл, нэлээд өндөр зүйл дээрээс ойчсон байхгүй юу. Тухайн үед нуруундаа хөнгөн бэртэл авсан байх гэж бодоод нэг их тоогоогүй. Сүүлд нь эмнэлэгт үзүүлэхэд нурууных нь ясанд даралт үүсэх маягийн зүйл болсныг олж мэдсэн. Тэр хэсгийн ясанд нь эмчилгээ хийлгэх шаардлагатай болмогц эхнэр маань уран бүтээлээсээ чөлөө авахыг хичээсэн. Гэвч драмын театрын уран бүтээлчид яаж цаг наргүй, олон удаагийн давтамжтай ажилладаг билээ дээ. Театрын удирдлагуудаас нэг жилийн чөлөө авахыг хүсэхэд харамсалтай нь өгөөгүй дээ. Яг үнэн гэвэл ердөө л энэ. Тийм ч учраас эрүүл мэндээ бодсоны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан.

-Таны хийсэн гурван ч кинонд тоглосон болохоор нь үзэгчид тэгж дүгнэсэн байж магадгүй л дээ?

-Яалаа гэж дээ. Эхнэрийнхээ хүсэл мөрөөдлийг үл тоож, өөрийнхөө кинонд тоглуулах гээд байсан зүйл надад огт байхгүй ээ. Яг үнэн гэвэл тийм л зүйл болсон. Өөртөө болон гэр бүлдээ жаахан ч гэсэн цаг зав гаргахыг хүсч, эрүүл мэнддээ анхаарсан нь Т.Хулангийн зөв. Одоо эмчилгээ хийлгээд бие нь сайжирсан. Уран бүтээлийн тал дээр яривал, би өөрийнхөө хийсэн кино болгонд Т.Хуланг тоглуулах гэж зүтгэдэггүй хүн. Харин ч бүр олон сайхан уран бүтээлчдийг кинондоо урьж, улиг болсон хэв маягт орохыг хүсдэггүй юм шүү дээ.

Р.ЦЭЦЭГ

Эх сурвалж: www.photonews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.