Comment.mn

Засгийн газар шатахууны үнэ буурах боломжийг боомилсон уу?

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг томоохон хүчин зүйл бол шатахууны үнэ. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ өсч, буурахтай зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд төдий чинээ өөрчлөлт гарна гэсэн үг. Мэдээж, ард иргэдийн амьдралд бараа, бүтээгдэхүүний үнэ буурах нь сайн нөлөө үзүүлнэ.

Иймээс ч аливаа улсын Засгийн газар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, болж өгвөл бууруулахыг зорьж ажилладаг. Харин манай улсын Засгийн газар энэ жишгээс эсрэг ажилладаг нь хачирхалтай. Ард иргэдийнхээ амьдралыг доройтуулах тогтоол, шийдвэр гаргадаг ганцхан жишээг энд дурдъя.

Хорлонтой 207 тоот тогтоол

Ж.Эрдэнэбатын  Засгийн газар 207 тоот тогтоол гэгчийг гаргаж, долоо хоногийн өмнөөс хэрэгжүүлээд эхэллээ. Тодруулбал, 2017 оны  долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татвар (ОАТ)-ыг өсгөөд байна. Ингэснээр Дизель түлшний ОАТ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 180,000 төгрөг, 90-ээс дээш октантай автобензиний онцгой албан татвар 30,000 төгрөг байсныг 130,000 төгрөгөөр нэмж 160,000 төгрөг, 90 хүртэл октантай авто бензины онцгой албан татвар 50,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Газрын тосны бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмнэ гэдэг нь шатахууны үнэ өснө гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа юм.

Нийслэлд шатахууны өнөөдрийн/2017 оны 7 дугаар сарын 27/ ханш:

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан ч…

Энэ өдрүүдэд дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханш буурч байна. Долдугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 365.16 ам.доллар /баррель нь 48.06 ам.доллар/, “WTI” төрлийнх 357.14 ам.доллар /баррель нь 45.77 ам.доллар/ ханштайгаар хаагдсан байна. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад “Brent” түүхий тос 1.74 хувь, “WTI” төрлийн түүхий тос 1.65 хувиар тус тус буурсан гэдгийг албаны эх сурвалж мэдээлээд байна. Ийнхүү дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан нь шатахууны үнийгөнөөдөр байгаагаас бууруулах боломж бүрдэж байгаа юм. Гэвч боломжийг манай Засгийн газар 207 тоот тогтоол /Газрын тосны онцгой албан татварыг өсгөсөн/ гэгчээр боомилж орхилоо. Уг нь зах зээлийнхээ жамаар явсан бол өдийд шатахууны үнэ буурч, иргэдийн амьдралд ихээхэн нэмэр болох байлаа.

Орон нутагт шатахууны өнөөдрийн/2017 оны 7 дугаар сарын 27/ ханш:

Шатахууны үнэ өсөхгүй гэх баталгаа алга

Хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татвар нэмэгдсэн ч шатахууны үнийг тогтвортой барьж чадаж байгаа гэх тайлбарыг Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас өгч байгаа ч ОАТ-ын өсөлт шатахууны жижиглэн худалдаанд хойшид нөлөөлөхгүй гэх баталгаа алга. Учир нь Монгол Улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. Ийм байхад шатахуун импортлогчид ОАТ-ын өсөлттэй удаан эвлэрэхгүй нь хэнд ч ойлгомжтой.

Онгоцны түлш долоохон хоногийн нөөцтэй байна

Газрын тосны бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш (долдугаар сарын 18-24-ний өдрүүдэд) манай улс багагүй хэмжээний шатахууныг импортолжээ. Тухайлбал, ОХУ-аас Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2100.7 тонн, Аи-92 автобензин 9236.8 тонн, Аи-95 автобензин 917.2 тонн, дизелийн түлш 40431.1 тонн, ТС-1 онгоцны түлш 354.4 тонн, Эрээнцав боомтоор дизелийн түлш 2036.6 тонн, Боршоо боомтоор А-80 автобензин 113.8 тонн, Аи-92 автобензин 76.8 тонн, дизелийн түлш 127.9 тонн, Замын Үүд боомтоор дизелийн түлш 3292.0 тонн газрын тосны бүтээгдэхүүн ытус тус орж ирээд байгаа аж.

Ингэснээр улсын хэмжээнд ердийн хэрэглээний 45 хоногийн шатахууны нөөцтэй болжээ. Нөөцийн дундаж хэмжээ 123.1 мянган тонн юм байна. Үүнээс А-80 автобензин 50 хоног, Аи-92 автобензин 43 хоног,  дизелийн түлш 46 хоног, ТС-1 онгоцны түлш долоо хоногийн нөөцтэй байгаа гэнэ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.