Эрчим хүчний яамнаас иргэдийнхээ тав тухтай орчинд ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Төлөвлөгөөний дагуу 2017 онд Улаанбаатар хотод ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож төвлөрсөн дулаанд холбох эхний ажлууд хийгдэж эхлээд байна.
Энэ хүрээнд дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх ажил бодит биелэлээ олж, өнөөдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү , Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очир болон бусад албаныхан Яармагийн нэгдсэн эмнэлэг орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлын явцтай танилцлаа. Дан ганц ярих биш, ярьсан зүйл бодит ажил болж байгааг Эрчим хүчний сайд П.Ганхүү төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүлэх арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ тэмдэглээд үүний дүнд нийслэлийн агаарын бохирдол буурч ажил бодитоор хэрэгжиж, ард иргэд маань ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Дээрх ажил хийгдсэнээр Яармаг орчмын 7 халаалтын зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн 180 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыг төвлөрсөн дулаанд холбох ажилд 820 гаруй сая төгрөгийг зарцуулж 1780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий 2 ширхэг дулаан дамжуулах төвийг суурилуулж байна.
Үүний үр дүнд дээрх газруудын жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарт хаягдах хорт хаягдлыг 115.2 тн-оор багасгах юм.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир цаашид төвлөрсөн дулаанд холбогдох байршлуудын талаар мэдээлэл өгсөн юм.
Амгалан дулаан станцаас гарсан дулааны шугамыг өргөтгөн хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын зураг төсөл хийгдэж байна. Үүнд 22,9 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Засгийн газраас хөрөнгийн эх үүсвэрийг шийвэрлээд байгаа юм. Ингэснээр:
Маахуур толгой орчмын халаалтын зуухтай барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох – Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо Цайз зах, Маахуур толгой орчмын 25 халаалтын зуухнаас хангагддаг 46 орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 1573 тн-оор, агаарт хаягдах хорт хаягдлыг 73.4 тн-оор бууруулна.
Их засаг их сургууль орчмын халаалтын зуухтай барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох – Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их Засаг Их Сургууль орчимд байрлах 27 халаалтын зуухнаас хангагддаг 73 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбож түүхий нззрсний хэрэглээг жилд 5338 тн-оор, агаарт хаягдах хорт хаягдлыг 248.8 тн-оор бууруулна.
Мөн Хууль Сахиулахын Их Сургууль орчмын 9 халаалтын зуухнаас хангагддаг 19 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбож түүхий нүүрсний хэрэглээг жилд 11181 тн-оор, агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 512.9 тн-оор бууруулна.
2017 онд 68 халаалтын зуухыг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 11181 тн–оор бууруулах юм. 2020 он гэхэд Улаанбаатар хотыг тойрсон нийтдээ 228 халаалтын зуухнаас хангагддаг 0,1-3 Гкал/ц-ийн дулааны хэрэглээтэй 500-аад барилгыг төвлөрсөн дулаанаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг жилд 121,573.0 тн-оор багасгаж, нүүрсний шаталтаас агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 5667.3 тн-оор бууруулах боломжтой болох юм.