Comment.mn

Д.Oдсүрэн: Kиноны сайн зoхиoлч бэлдэнэ

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, БНХАУ-ын Шанхайн театрын академийн Кино, телевизийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй Кино зохиолчийн хавсарга хөтөлбөрийн талаар тус сургуулийн захирал Д.Одсүрэнтэй ярилцлаа.

-Яагаад заавал кино зохиолчийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов ?

-Манай сургууль Польш, БНСУ болон Шанхайн кино академи гээд дэлхийн шилдэгтэй хамтран ажиллаж, киноны янз бүрийн мэргэжлээр сургалт зохион байгуулсан туршлагатай. Монголын кино урлагт хамгийн их дутагдаж буй зүйл бол киноны сайн зохиол гэж мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр орчин үеийн кино зохиолын мэдлэг, дадал эзэмшсэн, ур чадвартай, мэдрэмжтэй кино зохиолч медиа зах зээлд хамгийн эрэлттэй байна гэсэн үг.

“Махсима медиа” ХХК-иас 2016 онд хийсэн телевизийн үзэгчдийн судалгаанаас харахад нийт эфирийн цагийн есөн хувийг уран сайхны кино бүрдүүлснээс 7.6 хувь нь Монголд үйлдвэрлэсэн, олон ангит кино байна гэсэн дүн гарсан. Энэ нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт. Мөн онд телевизүүдээр гарсан нийт уран сайхны киноны 33.5 хувь нь дотоодынх байгаа юм.

Сүүлийн үеийн монгол киноны зохиол тун муу, тухайн бүтээлээрээ хүнд хэлэх ямар нэгэн санаагүй болсон. Тиймээс бид энэхүү орон зайд хүч үзэх залуусыг бэлтгэн, Монголын кино үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Нэрт найруулагч Альфред Хичкок “Сайн кино бүтээхийн тулд гурван зүйл шаарддагатай. Нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт дахиад л зохиол” гэж хэлсэн байдаг. Тэгвэл манай хөтөлбөрийн эцсийн зорилго бол Монголд төдийгүй Холли- вудад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний кино зохиолчдыг төрүүлэх явдал.

-Киноны зохиолч бэлтгэх сургалтад элсэгчдээ ямар сонголтоор авах вэ?

-Сонирхсон бүх хүнд нээлттэй. Нэг удаагийн сургалтад 15-20 хүн элсүүлнэ. Урьд нь их, дээд сургууль төгссөн, одоо өөр мэргэжлээр сурч байгаа оюутнууд хамрагдах боломжтой. Гэхдээ тодорхой шалгуур тавина. Суралцагчид хоёр сургуулийн хамтарсан дипломтой төгсөнө.

-Багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд тодруулна уу?

-Манай сургуульд Монголын кино урлагийн “мөнгөн” үеийн зохиолч, найруулагч, зураглаач нар ажилладаг. Тэд хичээл заана. Мөн хөтөлбөрийн бэлтгэл ажлын хүрээнд манай багш нар Шанхай хотноо сургалтад хамрагдсан. Шанхайн театрын академийн Кино, телевизийн сургуулийн нэр хүндтэй профессор багш нар хичээл заана. Материаллаг баазын хувьд манай сургууль телевиз, радиогийн студитэй мультмедиа лабораторитой, кино үзвэрийн танхимтай.

-Нэг жилийн хугацаанд мэргэшүүлэх учраас шахуу хөтөлбөртэй байх уу?

-Шинэ тутам хөгжиж буй бүхнийг богино хугацаанд эзэмшүүлнэ. Кино нь зохиол, дуу, дүрс, жүжиглэлт гээд бүхий л хэлбэрийг агуулсан нийлмэл, өвөрмөц урлаг тул зохиолчоос ихээхэн ур чадвар шаарддаг. Нөгөө талаар үзэгчид, хэрэглэгчид, ялангуяа залуучууд технологийн шинэчлэлийг маш эрчимтэй ашиглах болсноор энэ чиглэлийн чадварлаг, ёс зүйтэй, мэргэжлийн зохиолч бэлтгэх зайлшгүй хэрэгцээ бий. Эргээд тэр нь нийгэм, хүүхэд, залууст уран бүтээлээрээ дамжуулан зөв ханддага төлөвшүүлэхэд нөлөөлнө. Тиймээс цаг үеийнхээ шалгуурт нийцсэн сайн боловсон хүчин бэлтгэн гаргахыг л зорьж байна.

-Танай хөтөлбөрийн үр дүн хэзээ гарах бол?

-Шанхайн сургуультай байгуулсан гэрээгээ бид 2018 онд дүгнэнэ. Кино зохиолчийн хөтөлбөрт хамрагдсан хүн бүр нэг зохиол бичиж төгсөнө. Өөрөөр хэлбэл, 20 орчим кино зохиол бэлэн болж, продюсерийн гарт очно гэсэн үг. Тэр дундаас нэг зохиол шалгаруулан. СУИС-ийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр зургаан сургуулийнхаа багш, оюутнуудын нөөц боломжийг ашиглан уран сайхны кино бүтээх юм. Цаашдаа ч хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд уран бүтээлүүд хийнэ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.