Comment.mn

Ч.Сайханбилэг: Хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоё

bilegУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдлийг товчлон хүргэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ. Шинэ Засгийн газрын ажил нэгэнт эхэлсэн учир сэтгэл хөдлөлөө дарж ажилдаа орохыг уриалж байна.

Ам долларын ханш өсч монгол төгрөгийн ханш уначихаад байна. Уул уурхайн салбар хэрхэн доройтож байгааг газар дээр нь очиж хараагүй байж байнгын хороон дээр ганцхан хашгираад л хуулиа батлуулчихаж байна. Улс орны байдал цаашид ийм хямралын байдалтай үргэлжилсээр байх юм бол ирээдүйд биднийг юу хүлээж байгааг Ванга ч мэдэх аргагүй. Зөвхөн түүхий эдээс хамааралтай эдийн засаг хэрхэн хурдан хямардагыг харж болохоор байна. Энэ хэдэн банкны хичнээн нь ч дампуурч, хичнээн хүн ажлын байргүй болохыг хэн ч мэдэх аргагүй болжээ. Энд бие биенээ айлгах гэсэн ямар ч бодол алга. Одоо бид огцом шийдвэр гаргаж ажиллахгүй бол Грек, Испани дахь хямрал шиг нөхцөл байдалд орохоор байна. Бид ийм байдлаараа удаан тэсэхгүй. Хүндхэн өвчин туссан хүний ар гэрийнхэнд хэцүү ч гэсэн эмнэлэгийнхэн үнэнийг нь хэлдэг. Тиймээс бид үнэнээ хэлж, хамтран ажиллах ёстой. Бидэнд нэг сайн, нэг муу мэдээ байна.

Муу мэдээ нь бид доод ёроолдоо хүртэл уруудаж доройтоогүй байна. Хурдан арга хэмжээ авахгүй бол туйлдана гэдгийг хэлмээр байна.

Сайн мэдээ нь гэвэл бид энэ өвчнийхөө оношыг мэдэж байна. Эмчлэгдэх боломжтой байгаа. Монголчууд бид үндэсний эв нэгдэлгүйгээр эрсдлийн ард гарахгүй. Тиймээс намын бүлгүүдэд талархлаа илэрхийлмээр байна. Нэгдэж эвсэх нэг хэрэг, нийлээд зүтгэх хэцүү ч бидэнд үүнээс өөр сонголт байхгүй. Ийм цаг үетэй бид нүүр тулаад байна. Бид одоо л хийхгүй бол, хэн ч, хэзээ ч хийхгүй. Монгол улс санхүү, төсвийн бодлогодоо цоо шинээр хандахаас өөр аргагүй боллоо. Одоо бидний өргөн барих 2015 оны төсвийн тодотгол гишүүдийн санал, шүүмжлэл дээр үндэслэсэн байх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Олон царцсан обьектууд гарч ирсээр байна. Сонгууль болгоноор өрсөлдөн амлалт өгсөөр нийгмээ “халамжийн нийгэм” болгожээ. Өнөөдөр хүүхдийн 20 мянган төгрөгийн өгсөөр байгаа.

-Сарын нийт орлого нь сая давсан өрхийн хүүхдийн 20 мянган төгрөгийг түр орхиж, хэрэгтэй, шаардлагатай хүүхдүүдэд нь үргэлжлүүлэн олгоё.

-Хичээл сурлагадаа шамдан гүйж яваа оюутан, шөнөжин баар цэнгээний газар эргүүлсэн оюутан хоёр ялгаагүй 70 мянган төгрөгийн тэтгэлэг авч байгааг болиулж онц сайн сурлагатай оюутанд урамшуулал, цалинг нь олгодог болъё.

-Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх урамшуулал олгодог асуудлыг цэгцэлж салбар бүр харгалзан 12 сараар тогтоох хэрэгтэй байна .

-Малчдад хандсан олон татаасаа нэг мөр цэгцэлж малын хөлийн татварыг орон нутагт нь өөрсдөө тогтоох, өөрсдөө хэрэглэж байх боломжийг нь олгоно.

-Төрөөс дүрэмт хувцсаа бэлдүүлдэг Мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татварын байцаагч, халамжийн ажилтан нарын төсвийг зогсооцгооё. Төрөөр төсвөө бэлдүүлж, жил бүр дүрэмт хувцсаа шинэчлүүлэх нь дэндүү цамаан явдал юм.

-Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэх, тэдгээрийг их сургуулиудтай нь холбох болно.

-Хүүхдийн эмнэлэгийн ор хүрэлцэхгүй хүүхэд, эх сахиурууд газар гудас дэвсэн хэвтэж байгаа учраас хуучин ССАЖЯ болон Цөмийн энергийн газрын сулласан байр руу Зам тээврийн яамыг нүүлгэж, Энхтайвны гүүрний доод талд байрлах гаднаа зогсоолтой байрыг богино хугацаанд хүүхдийн шинэ эмнэлэг болгох шийдвэр гаргалаа.

-Мөн оффисын зориулалтаар ашиглахаар барьсан ордны ард талын байрыг шинэ эмнэлэг болгох ажлыг судлан хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайдад үүрэг болголоо.

-Яармагийн дэнжид сүүлийн хэдэн жилд эзэнгүй байгаа балгас болсон эмнэлгийн дуусаагүй барилгуудыг хувийн комданиудаар концессийгнь өгч дуусгуулж Эх нялхасын нэгдсэн шинэ эмнэлэг болгох шийдвэрийг гаргахаар ажиллаж эхэллээ” гэв.

Эх сурвалж : Шуурхай.мн

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Kkkk reklam yawahaa bolimoor yumaa.Turuuchiin zasgiin gazriin tolgoi Altanhuyag bsan.Ta Altanhuyagiin fraktsiin hun shdee.Ijilhen teregnii duguinuud bj.Ta ch gsn iim bdald hurgehed oroltsson shdee

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.