Comment.mn

“БОР ШУВУУ” С.ГАНБААТАРЫНХ УУ?

С.Ганбаатар гишүүн байх үеэсээ л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх бор шувууг нисгэж ирсэн нь үнэн. Түүнийг ХҮН-ын  даргаар ажиллах гэж байгаа, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-ын хүн гэх тодотголтойгоор нэр дэвших гэж байгаа гэх мэдээлэл гарсны дараахан тэрбээр ХҮН-ыг удирдах болсон. Тэгэхдээ түүний ХҮН сонголт нас богинотой байсан. Ядаж байхад УИХ-д ч дахиад сонгогдож чадаагүй. Тэгэхдээ Ерөнхийлөгч болох хүслээ тээсээр яваа аж. Ямартаа л medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “Нэг сайхан нартай өдөр би Монгол Улсын Ерөнхийлөгч болж энэ бүхнийг шийднэ гэж боддог. Би 76-гийн нэг байсан. Монголын ард түмэн надад боломж олгосон. Би их баярладаг. Тэр боломжийг өндрөөр ашигласан… Хэрвээ ийм санал тавьсан тохиолдолд би МАХН-ын байр суурийг хүндэтгэнэ. Энэ бол намын дотоод асуудал. Миний хувьд Монголын төлөө зүтгэх боломж олдох л юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч болж, үндэстэн дамнасан корпорациуд Монголын баялгаар найр хийхийг зогсоож, Монголын баялгийг ард түмэнд ашигтай, ажлын байр бий болгож, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах үйл ажиллагаагаа хүчтэй явуулна.” гэжээ. Тэр үнэхээр тэгж чадах бол сайн л хэрэг. Гэхдээ тэрбээр өнгөрсөн жилүүдэд поп гишүүн гэх тодотголтой болоод буусныг олон нийт бас сайн мэдэж байгаа л даа.

Гишүүн асан З.Баянсэлэнгэ ярихдаа “Өнөөдрийн байдлаар МАХН-аас С.Ганбаатарт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал тавиагүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Энэ бол хэн нэгэн, эсвэл улс төрийн намуудын зүгээс өөрийн хүсэл зорилго, амбицаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлдэг зорилтот мэдээлэл, бор шувуу гэж ойлгож болно” хэмээн ярьсан байгаа юм.

Тэгэхээр бор шувууны автор нь МАНАН-уу, эсхүл С.Ганбаатар өөрөө юу гэдэг нь сонирхол татах асуудал мөн л дөө. Гол нь С.Ганбаатар энэхүү “бор шувуу” мэдээлэлтэй холбогдуулан МАХН-ын удирдлагуудтай уулзах хүсэлт тавьснаа хэлсэн байна лээ. Магад, С.Ганбаатарын тухайд гар бариад бугуй барих тактиктай ч байж болох. МАХН-ын удирдлагуудтай уулзаад тулаад ярихдаа поп гишүүн асан маань ямар ч тохироог эрэлхийлж болох л доо.

Ер нь бол  “Тос дотроосоо өтдөг” гэдэгчлэн АН, МАН-ын аль алинд нь дотоодын шинэчлэл хэрэгтэй байгаа. Өвдөг шороодсоноосоо хойш хэдэнтээ даль жигүүр дэлгэж, шинэчлэлийн тухай салхи татуулан ярьж, олонтаа хурал хуй хийсэн МАН болж өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэсэн баталгаа байхгүй. АН-ын тухайд ч хэцүүхэн байгаа. Нам шинэчлэх үүрэг хүлээсэн С.Эрдэнэд хандах нийгмийн хандлага тааруухан. Ерөөс АН-д итгэх итгэл бас тааруухан байгаа. Ийм үед УИХ-д ганц суудалтай МАХН хэнийг сойх вэ гэдэг жин дарах нөлөөллийг дагуулах магадлалтай. Тиймээс ч С.Ганбаатар бор шувуугаа өндөрт хөөргөөд өдийг хүрч байж болох.

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.