Юу юугүй л сонгуулийн уур амьсгал хэдийнэ орж, сонгогчид аль намаас хэн нэр дэвших талаар чиг тавиад эхэлчихэж. Хэнийг сонгох, эс сонгохыг хэлэлцэж, хэрэг зорилгыг нь тодруулж, улс төрийн өмнөх хийгээд дараах амьдралуудыг судалж, ураг төрөл, садангуудын талаар ч сураг тавиад бүгд л сонголтоо зөв хийхийг хичээцгээнэ. Энэ сонгуулийн хүчтэй өрсөлдөгч нь мэдээж Ардчилсан намыхан. Ардчилсан гэх Ерөнхийлөгчийнхөө суудлыг 8 жил хадгалж чадсан тэд ахиад 4 жил суух суудлаа ёстой нэг мөрөөдөж байгаа. УИХ, орон нутгийн сонгуульд удаа дараа өвдөг шороодсон тэдний ганц найдлага Ерөнхийлөгч болохоор тэр. Ардчилсан нам чиг хаашаа холбирч мэдэхээр намд мордохын хазгай гэгч болохгүй л бол ард түмнийхээ итгэлийг хүлээсэн нэгнээ сонгож дөнгөх биз. Харин МАН-ынхан яах бол гэсэн асуулт сонирхол татсаар. Зарим нэг хүн “тодорхой зүйл” гэж хэлж болох ч өөр хувилбарууд ч бас байгааг намынхан нь үгүйсгэхгүй байна.
Парламент, орон нутгийн сонгуульд дараалан ялалт байгуулсан эрх баригч хүчин 2009 оны зунаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд хоёронтаа дараалан шороодсоныхоо даагыг нэхэхээр, үлгэрлэвээс ноёны бөх амаа авах гэж бардам зогсохтой адил л тогтож ядан байгаа. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь тодорхой гэж хэвлэлүүд бичсээр уджээ. Гэхдээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хүсвэл МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох хүчтэй нэр дэвшигч. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэнийг нэр дэвшвэл саналаа өгөх вэ гэдэг судалгааг тус намаас хэд хэдэн удаа хийсэн. Тус судалгаанд Ц.Нямдорж нэлээд өндөр оноотой явж байгаа нь үүний тод илрэл. Олон жил парламентад сонгогдож, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан түүний намтар, хүрсэн өндөрлөгүүд төрийн тэргүүн болох замыг нэгэнт засаад буй. Намынхандаа хүнийх, өөрийнх гэлгүйгээр ёжтойхон үг хэлчихдэг. “Хатуу үгтэй, шударга улстөрч” гэх тодорхойлолтыг эзэмштэлээ улстөрийн карьерээ бүрдүүлсэн. Сүүлийн таван жил байтугай, насаараа Монголдоо амьдарсан. Энэ мэтчилэн тоочоод байвал Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч болох бүрэн боломжтой нэгэн.
Хэрэв үгүй гэвэл эрх баригч намын нэр дэвшигч нь угаас тодорхой. Анхнаасаа л Ерөнхийлөгчийн сэнтий өөд анхаарал хандуулж, Ерөнхий сайдын албан тушаалыг тоолгүй цааш түлхсэн УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хаалтыг далимдуулж, орон нутагт ажлаа тайлагнан ажиллаад ирснийг Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа бэлтгэл ажил, сурталчилгааг хийж явна гээд хэлчихэд хилсдэхгүй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа бага гэдгийг андахгүй мэдэх МАН-ын хамгийн боломжит нэр дэвшигч ийнхүү ажлаа ч амжуулж, цаагуур нь сурталчилгаагаа ч таниулж явна. Ер нь МАН-д ганцхан толгой байдгийг хэн хүнгүй л мэддэг. Ноёныхоо өөдөөс том дуугарч болохгүй, хэлсэн ярьсныг нь яс дагана гэх бараг хагас цэрэгжилтийн дүрэмтэй энэ намд дангаар удирдлагыг атгаж, өөрийн хүсэл зорилгынхоо хүрээнд хөдөлгөж чадаж байгаа ганц хүн нь М.Энхболд. Гэхдээ тэрбээр өнөөдрийн байр сууринд хүрэхийн тулд их зүйл золионд гаргасан гэхэд болно. Нийслэлийн Засаг дарга байхдаа л өөрийн фракциа бий болгож, өөрт нь үнэнчээр зүтгэх “хамуудаар” хүрээллээ тэлэхийн цагт тэр ачит багшаасаа нүүр буруулж чадсан юм. Учир нь М.Энхболдыг Н.Энхбаярын хүн гэдэг байлаа. Үнэндээ улс төрийн А үсгийг зааж өгсөн хүн нь МАХН-ын дарга яах аргагүй мөн. Гэвч ишиг эврээ ургахын цагт эхийгээ мөргөнө гэгчээр намаасаа Н.Энхбаярыг шахаж, улс төрийн салбараас арчиж хаяхыг хүссэн ч санасны зоргоор арчигдах хүн бас Н.Энхбаяр биш байлаа. Гэхдээ л тэр түүх арвинтай, түмэн дэмжигчтэй ч дотроо паланцаг намыг гаднаа гяланцаг харагдуулж чадаж байгаа хүн билээ. Хэр баргийн мэдээлэлд тайлбар өгч, барьц алддаггүй, хээв нэг гүндүүгүй төрхөөр өөрийгөө бүрдүүлсээр л сууна.
Гэхдээ МАН-д хоёр том толгой байдаггүй ч нэг жижиг толгой бол бий. Тэр нь У.Хүрэлсүх. Уг нь түүнийг дандаа таагүй сэтрүүд дагадаг байлаа. “Хадгаламж” банкны 14,2 тэрбум төгрөгийг хуваалцсан, казино тоглосон, зодоон цохион хийсэн гээд л цааш хөвөрнө. Гэвч тэр энэ бүх муу нэрээ ганцхан зүйлээр хусчихсан. Өөрөөр хэлбэл намыхныхаа өмнө, гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээс татгалзаж чадсан хүн түүнээс өөр байхгүй. Энэ нь гаргасан алдаагаа ухамсарладаг, хариуцлагаа хүлээж чаддаг гэх улс төрд нэн дутагдаад байгаа чанарыг дөвийлгөсөн нь ийнхүү өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хэмжээний рейтингтэй болгож чадсан юм. Ер нь улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн гэх тэрбээр зан чанарын хувьд байдаг л нэг дундаж кадр биш. Магадгүй МАН-ын үе үеийн генсекүүд дотроос хамгийн тод зан төрхтэй нь ч байж мэдэх билээ. Тиймдээ ч намтарт нь гадаадад боловсрол эзэмшсэн, дөчин мянгатад өссөн, хэлтэй устай гэх мэт чамин тансаг баримтууд ховор ч хувийн зан чанар, улстөрч хүнд байвал зохих чанаруудаараа өөрийн үеийнхнээ манлайлж чадсан, дээд доод үедээ хүлээн зөвшөөрөгдөж амжсан нэгэн гэж үнэлэгддэг юм.
Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн яриа МАН-ын бага хурлын гишүүдийн дунд дүрэлзэж байгаа бололтой. “Бичин жилийн өвөлжилт” хэмээх баримтат нэвтрүүлгийг У.Хүрэлсүхийг товойлгох, хөдөө орон нутгийн иргэдийн итгэлийг олох зорилготой бэлтгэжээ. Энэ бүхэн нь У.Хүрэлсүх гэдэг эрхэм зөвхөн Шадар сайдын алба хашаад чимээгүй явахгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх битүүхэн бэлтгэлийг нам дотроо эртнээс базааж эхэлсэн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. У.Хүрэлсүхийн хувьд хэрэв өөрөө хүсэх юм бол Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг намаасаа өвөртлөх бүрэн боломжтой. Бага хурлын гишүүдийн олонх нь М.Энхболдын талынх ч гэсэн, цагаа тулаад урвалт шарвалтыг хийх юм бол У.Хүрэлсүх гараад ирэх магадлал маш өндөр.
Мэдээж эдгээр хүмүүст бас нэгэн өрсөлдөгч гарч ирж магадгүй нь Батлан хамгаалахын сайд, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд үзэгчдийг зурагтны өмнөөс холдуулалгүй, инээхэд нь инээж, уйлахад нь дагуулж уйлуулсан нэгэн нэвтрүүлэг гарсан нь Батлан хамгаалахын сайд, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн оролцсон “Зууны эрхэм” байв. Бөхийн ногоон дэвжээнээ дархлагдаж, монгол эрийн гүндийгүй сайхан төрхийн илэрхийлэл болсон түүний дэмжигчидээсээ авсан санал Ерөнхийлөгч болгож мэдэхээр байсныг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хуучилсан нь нэгийг бодогдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ дахин хүч үзэх нь үү гэсэн хардлагыг ч төрүүлээд амжив. Түүнд өмнөх сонгуулийн даагаа нэхэх бүрэн боломж бий. Намыхандаа ч нэр хүндтэй, ард түмэн ч түүнд хайртай билээ.
24tsag.mn