Comment.mn

Д.Батсүрэн: Боксчдыг зодсон этгээдүүдийг баривчилсан

Боксын спортын ОУХМ, “Рио-2016” зуны олимпын наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар нарын зэрэг тамирчин бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Тамирчид одоогоор Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж.

Иймд дээрх хэргийн талаар түүний багш, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгээс дараах асуултад тодруулга авсан юм.

-Э.Цэндбаатар нарын зэрэг тамирчин бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр янз бүрээр бичигдсэн байна. Үүнд та үнэн зөв хариулт өгнө үү?

-Манай боксын тамирчид Хандгайтад нэгдсэн бэлтгэлд гараад байгаа. Хэрэг гардаг мөч буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө тэд бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарснаар ийм хэрэг тарьлаа.

-Чухам хаана, ямар хүмүүст зодуулсан юм бэ. Хэрэгтнүүдийг баривчилсан уу?

-Барьсан. Цагдаа нар шалгаж байгаа. Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “UB паласе”-ийн ойролцоох шөнийн клуб руу шууд ирсэн байсан. Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн. Тамирчид “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ. Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн. Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтайгаар байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нарыг шууд дайрсан байгаа юм.

-Хэрэгтнүүд ямар хариулт өгч байна вэ?

-“Хүнд андуурсан байна билээ. Бидний буруу” гэсэн.

-Тамирчдын гэмтэл нь хэр хүнд байна вэ?

-Аз болоход толгой тархи, гар хөлөндөө бэртээгүй байсан. Тэд тамирчдыг мөргөж унагаад өнгөрөхдөө Э.Цэндбаатарын нүүрийг гүперээрээ урчихсан байсан. Гоо сайханд нь л хохиролтой болоод байна.

-“Багш нар нь бэлтгэлийн баазад согтуу байж. Иймд тэд тэрхүү байдлыг далимдуулан гарч ээ” гэсэн мэдээлэл байх юм …

-Тийм зүйл огт байхгүй. Бэлтгэлийн баазад миний бие болон Ардын багш Д.Банди, гавьяат тамирчин Х.Алтанхуяг, дасгалжуулагч Н.Мөнхсайхан, С.Эрдэнэбат, эмч Э.Энхбаяр нар хамт байсан. Бид хэрэг гардаг өдөр Японы дасгалжуулагч Окаяагийн сургалтанд суусан. Орой нь тамирчдынхаа тоог бүртгэхэд Э.Цэндбаатар гарч ирээгүй. Өрөөнд нь ороод шалгахад унтаж байсан болохоор сэрээгээд яахав гэж бодоод дуудаагүй. Манай тамирчид нэг унтахаараа өглөө болтол сэрдэггүй л дээ. Тэр орой ингэж л бодсон. Гэтэл шөнө 02:00 цагийн үед оргосон байсан.

Э.Цэндбаатар

-Хандгайтаас хэний машинаар хот руу ирсэн юм бэ?

-Боксчин Х.Энх-Амарын машинтай явсан байсан. Тэрбээр бэлтгэлийн баазад машинтайгаа ирсэн байсан юм.

-Нийт хэдэн тамирчин байсан бэ?

-Э.Цэндбаатартай нийлээд зургаа.

-Уг нь тэд олон улсын тэмцээнд оролцох байсан биз дээ?

-Тийм. Тайландад эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан. Гэвч байдал ийм болсон болохоор Э.Цэндбаатар, Д.Давааням нарын оронд О.Мөнхсайхан, Ж.Отгонжаргал нар явахаар болоод байна. Манай боксын холбоо энэ хэргийн талаар болон тамирчин солих тухай өчигдөр хуралдсан. Бусад мэдээллийг одоо өгөх боломжгүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.