Comment.mn

Н.Алтанхундага: Оффисийн ажилтнуудын дунд хүзүү хөших онош их, үүнийгээ улам хүндрүүлээд шохойжуулаад ирдэг

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч Н.Алтанхундагатай ярилцлаа.

-Танай Их сургуулийн уламжлалтын клиник нээгдсэнээсээ хойш нэлээд үйлчлүүлэгчтэй болжээ. Үйлчлүүлэгч нарын өвчлөлд  ямар өвчин зонхилж  байна?

-Бүх насны  хүмүүсийн дунд  амьдралын   буруу дадал  хэвшлээс үүдэлтэй халдварт  бус  өвчлөл  ихэсч   байна. Сүүлийн үед эмнэлэгт хэвтэжэмчлүүлж буй хүмүүсийг ажиглахад  бараг бүгдээрээ архаг  халдварт   бус  өвчтэй  байгаа юм. Энэ нь ихэнхдээ амьдралын буруу хэвшлээс болсон байдаг. Тухайлбал  буруу  суулт,   буруу хооллолт,  буруу  хувцаслалт болон  гар утас компьютер дээр  хэт удаан ажилладаг, хөдөлгөөн багатай суугаа ажил хийдэг, ажил амралтаа зохицуулаагүй, стресстэй амьдардаг, хэт ачаалалтай ажилладаг зэргээс шалтгаална.  Манай эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дунд хүзүү нурууны суулттай, шохойжилттой үүнээс шалтгаалсан гар хөлийн мэдрэл дагасан өвдөлттэй  гэсэн зовиуртай хүмүүс бараг 50-60%-г нь эзэлдэг. Түүнээс гадна  үе мөч нь , ялангуяа өвдөгний үеэр өвддөг, хоол боловсруулах эрхтэн системийн  архаг үрэвсэлтэй ,зүрх өвдөж нойр муудсан , гэдэс дүүрдэг, хий ядаргаатай , европ эмнэлгийн шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байгаа , онош тодроогүй эмчилгээ үр дүн үзүүлэхгүй байна ,би зүрх голын эсвэл савны хийтэй юм шиг байна  гэсэн гэх зовиуртай  хүмүүс сүүлийн үед их ханддаг болоод байна.

Эдгээр  өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

-Амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй дээрх өвчнүүдийг эмчлэхийн тулд мөн дахин өвчлөхгүй  байж өвчнөөс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд ажил амьдралын хэв маягаа өөрчлөх, зөв хэвшилд сурах хэрэгтэй. Хоёрдугаарт гэвэл нэгэнт үүссэн  архаг  өвчнөө зөв аргаар гүйцэт эмчлүүлэх. Ингэхдээ  юун түрүүнд зөвхөн өөрийнхөө өвчний байдал, илрэх шинж,үе шатанд  тохирсон зөв зарчмаар ,эмчилгээний зөв аргуудыг хослуулан эмчлүүлэх хэрэгтэй. Олон эрхтэн системийг хавсарсан архаг өвчтэй хүн өвчнөө  аль болох бүх өвчилсөн эрхтэн системийг зохистой хэлбэрээр уялдаа холбоотой цогцоор нь эмчлэх хэрэгтэй байдаг. Манай   клиникийн гол зорилго  бол  манайд эмчлүүлэхээр зорьж ирсэн өвчтөнийг эмчлэхдээ тухайн хүний бие сэтгэл болон бүх эрхтэн системийг нь зөв аргаар цогцоор нь эмчлэх, мөн өвчнөө сайтар таньж мэдэн дахин өвчлөхгүй амьдрахад нь  туслах  явдал юм.

Өвчнийг цогцоор эмчлэхийн тулд ямар эмчилгээ хийдэг юм бэ? Танай эмнэлгийн багцийн эмчилгээ гэж ямар эмчилгээ байдаг юм бэ? Танай эмнэлгийн төлбөр ер нь ямар байдаг вэ?

-Цогц  эмчилгээ олон төрөл л дөө.Бид эмчлүүлж байгаа хүмүүстээ ихэвчлэн 2 төрлийн бариа,3-4 төрлийн уламжлалт эмчилгээ, 4-5 төрлийн физик эмчилгээг европ эмчилгээтэй хавсруулан өдөр бүр өөрийнх нь  өвчний онцлогт тохируулан хийдэг. Амралтын өдрүүдэд ч эмчилгээг нь таслахгүй хийдэг. Тэгэхээр манайд эмчлүүлсэн хүн  9-10 төрлийн эмчилгээг өдөр бүр 7-10 хоногийн турш тасрахгүй хийлгээд гардаг гэсэн үг л дээ. Манайх  хүмүүсийн  өвчний онцлогт тохируулаад тэдэнд ашигтай хувилбараар янз,  янзын  эмчилгээний  багцууд  гаргадаг.

Сүүлийн үед хүзүү нурууны  суулттай шохойжилттой  оффисын ажилтнууд манай эмнэлэг их хандаж байсан тул тэдэнд зориулан “Оффисын ажилтнуудад зориулсан эмчилгээний багц” гаргасан. Гадуур бариа заслын  газруудад нэг удаагийн  бариа гэхэд л 20000-25000 төгрөгний  үнэтэй байдаг.  Тэгвэл манай багцад 7 хоногийн эмчилгээнд бүх биеийн бариа 2 удаа, толгой сэрвээний ,нурууны ,хөлийн гэх мэт шаардлагатай 2-3 хэсгийн бариа 5 удаа, бусад эмнэлгүүдэд тус бүр нь 4000-10000  төгрөгөөр хийгддэг бумба , электрофорез, хүзүү нурууны татлага, парафин болон цахилгаан зүү эмчилгээнүүд зэрэг 4-5 төрлийн эмчилгээ бүгд 7 хоногийн турш тасрахгүй хийгддэгээрээ онцлог. Энэ багц маань ЭМ даатгалтай хэвтэн эмчлүүлэгчдэд өдрийн 35000 төгрөг , амбулаториор эмчлүүлэгчдэд өдрийн 25000 төгрөгөөр хийгдэж байгаа. Бид бүх төрлийн багцийн эмчилгээгээ энэ үнээс хэтрүүлэхгүй барих зорилготой. Энэ үнэнд мөн хоолны үнэ ч орсон. Бид эмчлүүлэгчдээ аль болох гэрээс нь хоол зөөлгөхгүй байлгахыг хичээдэг. Учир нь хоол ч бас эмчилгээний нэг чухал  хэсэг юм. Манайх харьцангуй хямд байгаа нь манай эмнэлэг АШУҮИС-ийн оюутан, резидентүүд шаардлагатай үедээ хааяа дадлага хийдэг сургалтын бааз эмнэлэг тул эмчлүүлэгч нараас зардлаа л олдог, ашиг хөөцөлддөггүйтэй холбоотой л доо. Ойрын үед хаврын ядаргааны багцаа гаргаад байгаа нь хүмүүст таалагдаад , их л эрэлт хэрэгцээтэй байна даа.

Хавар бүх   хүний   бие  ядардаг, витамин  дутагдан ,дархлаа суларсан  байдаг  үе.   Хавар  элэгний судал дэлгэрснээс элэг болон хоол боловсруулах  эрхтнүүдийн өвчин хөдөлж,  цусны  эргэлт удааширч  бүх бие  хямралтай   болдог.Тэгэхээр  бид  хаврын   эмчилгээний төрөлдөө   ядаргаа дарах  бүх биеийн тосон,    шөлөн, сүүн  бариа , хэсгийн бариа зэргийг оруулж байгаа. Мөн хий дарах,цусны эргэлт сайжруулах  зорилгоор  бумба,  бөөрний илч сэлбэх  цахилгаан төөнүүр,  ходоод гэдэсний хий дарж,хоолны  шингээлт сайжруулах төөнүүр  , хий  ядаргаа дарах  монгол  төөнүүр  зэргийг зохистой хэлбэрээр хэрэглэж байна. Үүнээс гадна ядаргаа дарах  витамин, дусал эмчилгээ бас хаврын  багцад маань орж байгаа нь хүмүүсийн сэтгэлд их нийцэж байх шиг байна.

-Уламжлалт аргаар өвчнийг хэрхэн яаж оношилж байна?

– Судас барих, уламжлалт аргаар шээс шинжлэх ,хэлээр шинжлэх, асуумж авах, хүрэлцэж шинжлэх  зэрэг аргууд бий. Уламжлалтын аргуудаас гадна тухайн хүний 3-4 шаардлагатай лабораторийн  шинжилгээнүүдийн  хариуг харгалзаж үздэг. Нуруу  хүзүүний шохойжилттой хүмүүсийн хувьд рентген зураг, зүрх судасны өвчтэй хүмүүст зүрхний бичлэг хийлгэсэн байх шаардлагатай. Манай эмнэлгийн зүгээс хэвтэн эмчлүүлсэн хүн бүрийг 4Д эхо оношилгоонд үнэ төлбөргүй хамруулдаг.

-Оффисын ажилтай хүмүүсийн хүзүү  хөшдөг гэсэн зовиур их  хэлдэг. Үүнийг эмчлүүлэхгүй удвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

– Хүзүү хөшөөд удахаар аажимдаа тархины цусан хангамжийг муутгадаг. Толгой өвдөнө, нүдний хараа муудна, чихний сонсгол муудна. Сүүлдээ хүзүү орчмоос салаалсан мэдрэл дагаж мөрний үе, гар уруугаа дамжиж  өвддөг болно. Ихэвчлэн үүнийгээ зүрх цөс өвдөж байна гэж андуурч удах, эмчлүүлэхгүй цаг алдах явдал гардаг. Эмчлүүлээгүй нөхцөлд зүгээр болно гэж байхгүй. Улам л хүндэрч эргэхгүй өөрчлөлт  үүсдэг. Манайхан зовиуртай байсан ч ажлаа хийгээд яваад л байдаг, бүр зовиур нь ихсээд болохоо байхаар л эмчид ханддаг. Эмч хүзүүнийхээ зургийг авахуулаад ир гэнэ, зургаа авч ирэх гэж бас их удна. Ингээд хугацаа алдаад өвчнөө хүндрүүлээд байдаг сул талтай. Ингээд яс нь шохойжчихно, шохойжсон тохиолдолд нэлээд урт хугацааны эмчилгээ шаардлагатай болдог.

-Өнгөрсөн өвөл бага насны хүүхдүүд их ханиад хүрлээ. Дараа өвөл ханиад хүрэхгүй байхын тулд хэрхэн урьдчилан сэргийлэх бэ?

-Сүүлийн үеийн ханиадны 80 орчим хувь нь вирусын шалтгаантай үүсч байгаа юм. Тэгэхээр ханиадтай хүүхдэд эхлээд вирусын эм өгөх ёстой боловч үүнийг эцэг, эхчүүд мэдэхгүй байна. Хүүхдийнх нь ханиад хүндрэх маягтай болоод ирэхээр шууд антибиотик өгчихдөг. Тэр нь вируст үйлчлэхгүй. Антибиотикийг уг нь ханиад хүндэрсэн тохиолдолд хэрэглэх ёстой байтал эрт хэрэглэчихээд, ханиадыг хүндрүүлчихэж байгаа юм. Зуны улиралд агаар салхинд сайн гаргаж, өглөөний наранд суулгаж, хүүхдийн дархлааг сайн сэргээх хэрэгтэй. Мөн вакцинд хамруулж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж сувилалд эмчлүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна хүүхдийнхээ ханиадыг төгс эмчилж байх хэрэгтэй. Манай сургуулийн Эрхэс сувилалд Сэлхийн аманд бий. Зун хүүхэдтэйгээ хамт эмчилгээ хийлгэх боломжтой,эмчилгээ сайтай болохоор  учир эцэг эхчүүд хүүхдээ авч ирж  хамтдаа сувилуулдаг.Бид уушигны зовиуртай хүүхдэд зориулсан 4-5 төрлийн эмчилгээ бүхий багц эмчилгээ хийж өгдөг.

Уламжлалт анагаах ухаанд өвчин үүсгэдэг гол зүйл нь юу гэж үздэг юм бэ?

-Монгол анагаах ухаан өөрөө буддын шашны их таван ухаан, бага таван ухааны нэгд ордог том шинжлэх ухаан юм. Яаж эрүүл амьдрах вэ, яаж өөрийгөө удирдаж зохицуулж энергээ зөв хувиарлах вэ  гэдгээ хүн өөрөө зохицуулах ёстой. Өвчин үүснэ гэдэг нь хий шар бадган 3 махбод өвчин хөдлөх дөрвөн үндсэн шалтгаанаар ихдэж багадаж хямарснаас болсон гэж үздэг.Хүний хамгийн гол өвчин хөдлөх шалтгаан  нь идээ ундаа,явдал мөр,цаг улирал,этгээд нөхцөл гэж үздэг. Манайхан сүүлийн үед хоолны дэглэмийг маш буруу барьж байгаа, хүйтэн өвчинд халуун арга, халуун өвчинд хүйтэн арга хэрэглэдэг монгол анагаах ухааны гол зарчмаас хазайсан буруу эмчилгээг хэн нэг эмчийн мэргэжилтэй бус нэгнээс дам сонсон буруу хийцгээдэг, буруу улиралд нь ханаж хатгуулдаг, буруу улиралд буруу идээ ундааг хэтрүүлэн хэрэглэдэг зэрэг олон буруу дадал хэвшил байна даа.

Танай эмнэлгийн хаяг?

Баянгол дүүрэг, Модны 2, хуучин Эрүүл мэндийн 7-р төвийн урд, ЭБО төвийн 2 давхарт байдаг. 95621471 дугаараар холбогдож болно. Монгол анагаах ухааны клиник гэсэн фейж хуудсаараа бид эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллээ тогтмол гаргадаг.

Н.Ганaa 

zaluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.