Таны бодож төлөвлөсөн ажил төрөл бусад зүйлс чинь санаснаар чинь болохгүй л байна уу? Та буруу бодсон уу? Ямар алдаа гаргадагаа та олж харсан уу?
Хүмүүн бидэнд байгалиас заяасан их хувь хишгүүдийн нэг нь зөн билэг юм. Гэвч бид зөн билгээ огт хайрахгүй хөгжүүлэхгүй байснаас болж харийн юм шиг ойлгож хүлээж авах болсон нь харамсалтай. Сүүлийн үед дээд би, далд ухамсар гэх мэт нэр томьёо их хэрэглэх болжээ. Зөн билэг нь хүний төрөлх дотоод мөн чанар боловч, хувь хүний анзааргагүй байдал болон боловсролын системийн буруу үзэл баримтлалаас болж ихэд дарагдаж бүдгэрсэн чадвар юм. Орчин цагт бүхнийг тархи удирддаг гэж номлодог болсон нь зөн билгээ гээхэд хүргэжээ. Зөвхөн би хэмээх үзэлд баригдаж, өөрийгөө бүхний түрүүнд тавих болсон нь нийгмийн бүх бэрхшээл зовлонгийн үүд хаалгыг нээж байх юм. Эрт дээр цагаас Монголчууд цээжлэх гэж ярьж хэлдэг нь хүний ухаанд тархинаас гадна зүрх чухал үүрэгтэйг сайн мэддэг байсных юм. Тийм учраас хайр сэтгэлийг зүрхээр төлөөлүүлдэг байх нь ээ. Зөн билэг нь зүрхээр дамжиж тархинд очиж хэлбэрждэг гэвэл онох болов уу.
Нүүдлийн ахуй соёл иргэншилтэй Монголчууд зөн билгээ ихэд дээдэлж байсан нь одоо ч анзаарагддаг юм. Та бүхэнд үр хүүхдийнхээ зөн билгийг хөгжүүлэх энгийн боловч үр дүнтэй нэгэн уламжлалт тоглоомыг зааж өгье. Гэр бүлээрээ хамтдаа тоглоорой. Энэ тоглоомыг хүн бүхэн мэдэх байх Чулуу таалцах тоглоом гэдэг. Хүн бүр 10 чулуутай тоглоомд оролцож, бүх оролцогчдын атгасан чулууны нийлбэр дүнг тааж хэлсэн нь чулууг авсаар, бүх чулууг цуглуулан авч чадсан нь хождог. Энэ тоглоомд эхлээд таахыг оролддог ч явцын дунд зөн билгийг идэвхжүүлэх сэдлийг өгдөг гэж болно. Та бүхэн тоглоод үзээрэй, гэхдээ бодлоо биш зөн билгээ чагнаарай. Таныг бодоогүй байхад сэтгэхүйд чинь зурсхийн орж ирэх тэр л агшинг мэдрэхийг хичээгээрэй. Гудамжинд явж байхдаа ч гэсэн одоо ямар өнгөтэй машин зөрөх вэ гэдэг ч юмуу зөн билгээ дасгалжуулж сураарай. Хэрэггүй юм бодож байснаас л дээр үр дүнтэй байх болно.
Хэрэв бүх хүмүүс зөн билэгтээ захирагдаж зөн билгээрээ шийдвэр гаргадаг байсан бол энэ дэлхийд буй бүх бэрхшээлтэй асуудлууд болох дайн дажин, хулгай дээрэм, гэмт хэрэг гарахгүй байх боломжтой. Зөн билгээрээ биш өөрийн бодол, би үзлээрээ шийдвэр гаргаснаас болж зовлон бэрхшээлийн үүд хаалга нээгдэж байна. Учир нь зөн билэг бол таны оршихуйн мөн чанарт шүтэн барилдсан дээд Би-гийн чинь хэл мөн билээ.
Тийм учраас алдаатай шийдвэр гаргадаггүй. Хэрэв та байнга бусдыг шүүлжилж, өө хайж, гомдоллож, хов жив ярьж, өөрт байгаа эд зүйлдээ сэтгэл дундуур явдаг бол та зөн билгээ сонсож чадахгүй.Тархи оюунаа эмх замбараагүй бодлоос чөлөөлөөгүй цагт, зүрхнээс чинь ундрах зөн билэг мэргэн ухааныг тархи чинь хүлээн авч чадахгүй. Иймд та бодлоо хяна удирд, зүрх сэтгэлээ чагна, бясалгалд яв, байгальд ойр бай,бусдыг биш өөрийгөө л шүүж тунгаа. Бодлоо ажиглаж сур, сөрөг муу бодлыг гаргаж хая, дахин энэ зүйлийг бүү бод гэж тушаа. Бэрхшээл тохиолдвол түр зуурынх гэж хүлээж ав. Аливаа зүйлийн сайн талыг олж харахыг л хичээ.Тархиа та удирдах ёстой болохоос тархи танийг удирдах учиргүй. Зөвхөн сайн сайхан зүйлийг л бодно, аз жаргалаар бялхана, зөн билгээ л сонсоно гэж оюун ухаанаа кодло, өөртөө тушаа, хичээ ,зүтгэ, Таниас ямар ч зардал гарахгүй шүү дээ.
Хүүхдүүдээ зөн билгээ сонсдог болгож сурга. Тэгвэл та хүүхдийнхээ ирээдүйд санаа зовох хэрэггүй болно. Гадаад хэл, тооны сургалттай төлбөртэй сургуулиас илүү үр дүнтэй. Тэд хэнтэй нөхөрлөх, юу сурах, яаж амьдрахаа хэнээр ч заалгахгүй өөрсдөө зөв сонгож чадах болно. Хэрэв та зөн билгээ сонсоод сурчихвал аз хийморийн алтан одыг алган дээрээ тавьлаа гэж тооцоорой.
Тэнгэрлэг сайхан Монгол түмэндээ амжилт хүсье.
Эх Сурвалж: zaluu.com