Хэл амтай хүүхэн алдаж, онодог гэдэг шиг Монгол улсад жагсаал, цуглаан утгаар нь хийж зөв ч, буруу ч зүйл хийж явсан хэдэн хүмүүсийн нэг бол яах аргагүй хуучнаар “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”ын дарга, одоогоор “Арчилсан нам”-ын нарийн бичгийн дарга О.Магнай юм. Хэдхэн хоногийн өмнө БЗД-ын засаг даргыг томилох тухай асуудлаар тус дүүрэгт үймээн болсон. Тэгвэл хэсэг хүмүүс энэ асуудлаар улс төр, шоу хийгээд амжсан. Өнөөдөр нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, нарийн бичгийн дарга О.Магнай нар мөн л өөрсдийн шоугаа хийгээд амжсан.
О.Магнай хэлэхдээ “Жагсаалын үеэр ажилласан цагдаагийн алба хаагчдад нэр, дугаар байгаагүй. Тийм болохоор тэднийг цагдаагийн алба хаагчид гэж хэлэхэд эргэлзээтэй. Ер нь цагдаагийн алба хаагчид эрх баригчдын гар хөл болсон гэж дүгнэж болохоор байна. Үүнтэй холбогдуулан АН-ын хуулийн газраас ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт тайлбар хүссэн шаардлагыг хүргүүлж байгаа” хэмээн хэлсэн.
Ер нь ямар нэг үймээн дэгдэхэд нөгөө л нэг муу нэртэй энхийг сахиулагчид ажилладаг. Сүүлд нь ямар нэгэн асуудал гарахад тушаал авсан тэд л хариуцлага хүлээдэг. Шаардлагатай болоод тэр хүмүүс нэр, дугааргүй хувцастай орсон байж таарна. Эргээд тэр цагдаа нарт хувийн өш, хонзон санаж үймээн дэгдээж байсан хүмүүсээс янз бүрийн халдлага ирэх аюултай гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Үнэхээр л цагдаа, шүүхийн байгууллагыг эрх баригчдын гар, хөл болсон эсэхийг шалгуулмаар байсан юм бол тэр олон эрх баригчдыг хаанаас явж байгаа нь мэдэгдэхгүй олноороо дайрч орон баривчилж “Ганц худаг”-руу ачиж байхад шалгуулж, тайлбар хүсэх нь яасан юм гэх хүмүүс цөөнгүй байгаа. Яг үнэндээ Ардчилсан намаас БЗД-ын ИТХ-д 22 суудал авсан гэж байгаа ч тэднээс зургаан хүн одоогийн байдлаар санал худалдаж авсан хэргээр шалгагдаж байгаа.
Ардчилсан намыг нэг хэсэг буруушааж Н.Алтанхуягыг огцор хэмээн орилож явсан О.Магнай өнөөдөр ардчилсан намын нарийн бичгийн дарга хийгээд тэдний өмнөөс тэмцэж цагдаа нарын тухай хов, жив хөөцөлдөөд явж байх жишээтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Э.Бат-Үүл, түүнд тусалж байгаа Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай нар буруу газраа тоглолт хийж байна уу даа хэмээн харагдаж байгааг ч хэлэх хүн зөндөө. О.Магнай, Э.Бат-Үүлтэй эртний холбоотой. Түүнийг 7-р сарын 1-ний хэргээр шоронд сууж байхад нь өмөөрч явсан хүмүүсийн нэг нь Э.Бат-Үүл юм. Ямартай ч БЗД-ын асуудал дээр дахин нэг ерөнхийлөгчид нэр дэвшигч гарч ирэн тоглолт хийвэл гайхаад байх зүйлгүй. Бурхан ч тааж мэдэхгүй ганц зүйл нь одоо цагт “Улс төр” болчихоод байна.
Эх Сурвалж: www.breakingnews.mn