Comment.mn

Дэлхийн удирдагчид сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унагасан тохиолдлууд.

Улс төрчид сэтгэл хөдлөлөө ямагт нуухыг оролддог. Гэхдээ зарим тохиолдолд тэд сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй.  Дэлхийн удирдагчид олон нийтийн өмнө нулимс дуслуулсан хэд хэдэн тохиолдлын талаар өгүүлснийг уншина уу!

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин

2012 оны гуравдугаар сарын 4-нд В.Путин Оросын ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа улиран сонгогдов. Үүний дараа өдөр Манежийн талбайд түүний дэмжигчид жагсах үеэр тэрбээр үг хэлэхдээ нулимсаа барьж чадаагүй юм. Тэрбээр хожим нь тайлбарлахдаа “гадаа хүчтэй салхитай байсан учир нулимс гарсан” гэж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама олон нийтийн өмнө нэг бус удаа нулимс дуслуулж байсан юм. Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сарын 5-нд тэрбээр АНУ-ын галт зэвсгийн тухай шинэ хуулийн талаар үг хэлэх үеэрээ уйлж байв. Коннектикут муж улсын Нью-Таун хотын “Сэнди-Хук” бага сургуульд нэгэн этгээд 6-7 насны 20 хүүхэд болон сургуулийн зургаан ажилтныг буудан хөнөөснийг тэрбээр дурсан ярьсан юм. Тэрбээр “амиа алдсан хүүхдүүдийг бодох бүртээ би галзуурмаар санагддаг” гэж байв.

2017 оны нэгдүгээр сарын 11-нд Б.Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэлэх үеэрээ гэргий Мишельдээ талархал илэрхийлэн “Мишель чи минь өнгөрсөн 25 жилийн хугацаанд миний эхнэр, хүүхдүүдийн минь ээж байгаад зогсохгүй хамгийн сайн найз минь байсан” гэж хэлээд нулимс дуслуулжээ.

Их Британийн хатан хаан II Элизабет

Их Британийн хатан хаан II Элизабет бол олон нийтийн өмнө сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлээд байдаг хүн биш.

Харин 2016 оны 5 дугаар сарын 17-нд гүн Ланкастерын явган цэргийн хорооны амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх үеэр тэрбээр нулимс дуслуулж байлаа.

Үүнээс гадна, 40 гаруй жилийн турш хааны гэр бүлийнхний унаа болж байсан “Royal Yacht Britannia” дарвуулт хөлөг онгоц 1997 онд сүүлчийн аялалдаа гарах ёслолын үеэр хатан хаан нулимс дуслуулж байжээ.

Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай

2010 оны есдүгээр сарын 27-нд, Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай телевизээр ард түмэндээ хандан үг хэлж, хүчирхийллийг зогсооход нэгдэхийг уриалах үеэрээ нулимс дуслуулж байв. Х.Карзай “би хүүгээ энэ улс орноос явуулахыг хүсэхгүй байна. Би түүнийг энд сургуульд явуулмаар байна. Хүүг минь Афганистанаас явахыг бурхан зөвшөөрөөгүй” гэж хэлж байлаа.

Бразилын Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва

Рио-де-Жанейро хот 2016 онд Зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсан тухай мэдээг  Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва сонсоод /2009 оны 10 дугаар сарын 2/ баярын нулимс унагаж байжээ. Тэрбээр “бид Олимпын наадам зохион байгуулж чадна гэдгийг манай улс орныг басамжилж байсан хүн бүр одоо мэдлээ. Бразилын цаг ирлээ” гэж тэрбээр хэлж байсан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж У.Буш

Иракт хамтран тулалдаж байсан цэргүүдийг аврах гэж байгаад дайсны шидсэн гар бөмбөгт өртөн амиа алдсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бага түрүүч Жейсон Данхэмийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр буюу 2007 оны нэгдүгээр сарын 11-нд Ерөнхийлөгч асан Жорж У.Буш нулимс дуслуулж байв.

Данхем бол Иракийн чөлөөлөх ажиллагаанд оролцсоныхоо төлөө АНУ-ын армийн хамгийн дээд шагналаар шагнуулсан тэнгисийн явган цэргийн анхны албан хаагч билээ.

Эх сурвалж: Монцамэ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.