ХБНГУ-ын Бундестагид Засгийн эрхийг барьж буй ЦСУ /CSU – Christian Socialist Union/ намын бага хурлын гишүүн, Бавари мужийн Сангийн сайд ноён Маркус Зоедер Монгол Улсад айлчлахыг үргэлж сэтгэлдээ тээн явдаг нэгэн гэнэ шүү.
Бавари мужийн Сангийн сайд ноён Маркус Зоедер
Бавари мужийн ирээдүйн Ерөнхийлөгч хэмээн герман улс төрчдийн дунд яригддаг тэрбээр саяхан болсон ЦСУ намын баярт оролцох үеэр Баварийн ИТХ-ын гишүүн Н.Солонготой уулзахдаа дээрх хүсэлтээ уламжилсан байна. 
 Германы Бундестагийн сонгууль энэ онд болох юм. Хэдий зав бага байх ч тэрбээр Европын холбооны гишүүн Маркус Фербер болон Баварийн парламентын гишүүдийн хамтаар Монгол Улсад айлчлах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. 
Европын холбооны гишүүн ноён Маркус Ферберийн хамт
ХБНГУ нь  Монголын хувьд гуравдагч чухал түнш орны нэг билээ. 
Өнгөрсөн оны долоо болон есдүгээр сард Монгол-Германы Залуу улс төрчдийн солилцоог Баварийн Иргэдийн төлөөлөгч Н.Солонго санаачлан Монгол-Германы  хамтарсан Отгонбаяр сан, Монгол-Германы Гүүр ТББ-тай хамтран зохион байгуулж хоёр орны залуу улс төрчдийн төлөөлөл харилцан айлчилж, анхдугаар уулзалтаа амжилттай хэрэгжүүлсэн юм. Мөн ХБНГУ-ын Ханнс Зэйдел сангийнхан энэхүү ажиллагаанд хамтран ажиллажээ. 
Монгол-Германы залуу улс төрчдийн анхдугаар уулзалтанд манай талаас УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар дэмжиж ажилласан байна.