Near Field Communication буюу богино зайн харилцаа гэж Монголоор буух энэхүү технологи нь төхөөрөмж хоорондох мэдээлэл дамжуулах процессийг илүү хялбарчилж буй арга юм. Богино зайд радио долгионоор дамжуулалт хийснээр Bluetooth-ээс илүү хурдан, pair хийх буюу хослох шаардлагагүйгээр холбогдон мэдээлэл дамжуулах боломжийг олгож байгаа гэсэн үг. Эрчим хүч бараг хэрэглэдэггүй учир таны цэнэгийг үрнэ гэж айх хэрэг байхгүй. NFC-ээ асаасан 2 төхөөрөмжөө заавал хүргэх шаардлагагүй, хэдэн см ойртуулахад л хормын дотор мэдээллээ солилцчихно.

NFC-г хэрхэн ашиглаж байна вэ? Хэрхэн ашиглаж болох вэ?

Сүүлийн жилүүдэд NFC технологийн хэрэглээ дэлхийн өнцөг булан бүрт нэмэгдсээр байгаа. 1983 онд энэ технологитой холбоотой хамгийн анхны патент олгогдсон ч яг 20 жилийн дараа буюу 2003 онд л стандарт нь батлагдаж хэрэглээнд нэвтрэх боломжтой болсон юм. Үүнээс хойш хэрэглээ нь эрс нэмэгдсэн нь 2010 онд Samsung анх удаа гар утсандаа байршуулж, 2011 оноос төлбөр тооцооны хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотой. Apple ч iPhone 6-аас эхлэн NFC-г дэмжиж эхэлсэн нь нэгийг илэрхийлнэ. Гол хэрэглээнүүдийг нь багцлан, жишээтэй тайлбарлая.

Төлбөр тооцоо


Гар утсаа уншуулаад л авсан бараа, идсэн хоолныхоо тооцоог хийчихэж байна гээд бод доо? Цаасан мөнгө байтугай түрийвчийг ч орлох боломжтой энэ технологийг Google WalletApple Pay гээд зах зээл дээрх лидерүүдийн бүтээгдэхүүнүүдээр нь төсөөлж болно. Данид л гэхэд автомат машинаас кола авахдаа утсаа уншуулаад л авчихаж болдог. Зүүн азийн орнуудаар бараг бүх төрлийн тооцоог гар утаснаасаа хийчихэж байна. Энэтхэгт киноны тасалбар авахдаа утсаа уншуулаад л авчих туршилт амжилттай хийгдэж, Найдвартай, хурдан бас күүл нэмэлт биш гэж үү? 

Лояалти хөтөлбөр


Та яг одоо түрийвчээ онгойлгоод үз дээ? Дотор нь урамшууллын, бонусны, хөнгөлөлтийн карт, цаас байна? Кино театрын, кофе шопынхоос эхлүүлээд супер маркет, фитнесс, шатахуун түгээх станцын гээд зөндөө олон байгаа биз? Тэгвэл NFC технологийн тусламжтайгаар та эдгээрийг бүгдийг нь нэг дор нэгтгэн гар утсандаа багтаах, эсвэл нэг картанд оруулах боломжтой. Монголд ч гэсэн үүний “үр ашгийг” эдлэх боломжтой болсон байна. Саяхан нэгэн найз маань Юнителийн NFC сим карт ашиглан, цуглуулсан GG онооныхоо хөнгөлөлтийг эдлэн, кофе захиалж, тэр хавийнхнаа “ангайлгасан” тухайгаа бичсэн юм.

Сошиал нетворк


Бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон сошиал нетворкинг сайтууд, платформууд ч NFC-г өргөнөөр ашигладаг. Хамгийн анх Японы Mixi нэртэй сошиал апп хэрэглэгчдэдээ энд тэнд очсоноо бүртгэх check-in хийх тагуудыг байршуулснаараа хэрэглээг нэмэгдүүлсэн гэдэг. Одоо бол хэрэглэгчид мессенжер апп-аараа хоорондын мэдээлэл, контактаа солилцох, найз болох, эвентэд бүртгүүлэх, тасалбар авах зэргээр идэвхтэй ашиглаж байна.

Илүү дэлгэрэнгүйг: IJECS: NFC ба сошиал нетворкинг

Нийтийн тээвэрт


Монголчуудын ихээр зорчдог Хонгконгийн нийтийн тээврийн Octopus кард NFC технологийг дэмждэг. Японы Suica ч гэсэн NFC хэрэглэж байгаа нэг жишээ. Та гар утсаа зориулалтын төхөөрөмж, хэвлэл эсвэл стикерт уншуулаад л төлбөрөө төлөх, хуваарь харах гэх мэт боломжуудыг эдэлж болно. Герман, Австри, Франц, Нидерланд, Кени, Израйл, Шри Ланка гээд уртаар үргэлжлэх энэ жагсаалт манайд ч саяхан нэвтэрснийг та дуулсан байх. U Money кардыг багтаасан NFC сим кардтай Unitel-ийн хэрэглэгч шууд утсаа уншуулаад автобусандаа явж болох нь гэсэн үг.

Илүү дэлгэрэнгүйг: Forum: NFC нийтийн тээвэрт 

Сурталчилгаа, идэвхжүүлэлт


NFC технологи өөрөө тийм ч үнэтэй биш учир стикерууд ашиглан маркетинг, сурталчилгааны ажлаа явуулах нь сүүлийн үеийн маркетингийн нэлээн түгээмэл хандлагуудын нэг болоод байна. Та өөрийн брэндийн мэдээллийг агуулсан NFC бүхий постер нааж, түлхүүрний оосор, бэлэг тарааж болно. Сурталчилгааны постерынхоо дэлгэрэнгүйг уншуулангуут өгдөг байхаар “ухаалаг” шийдэж болж байна. Нэрийн хуудсандаа NFC-г агуулчихаад уншуулангуут компанийхаа сайт руу эсвэл өөрийнхөө CV рүү үсэрдэг байх нь ч их түгээмэл болж байгаа юм билээ.

Мэдээж үүнээс гадна олон хэрэглээнд NFC нэвтэрчээ. Сэрүүлэг тавихаас эхлүүлээд хамгаалалтын системээ идэвхжүүлэх, ухаалаг хэрэгслүүдээ удирдах гээд л хэрэглээ өдөр ирэх тусам улам бүр нэмэгдсээр л байна. Халаасандаа тийм ч олон зүйл авч явах шаардлага энэхүү технологийн ачаар үгүй болж байна. Бүх лояалти оноо, төлбөр тооцоо, кардуудын мэдээллээ та утсандаа, сим кардандаа авч явах боломжтой болж байгаа л гэсэн үг шүү дээ.

Танд амжилт хүсье.

 

Эх сурвалж: Unread.today