Comment.mn

“Эрдэнэт Медикал” төвийг ашиглалтанд хүлээн авах ёслол боллоо

Олон улсын оношилгоо эмчилгээний “Эрдэнэт Медикал” төвийн барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг хүлээх авах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд тус төвийн бүтээн байгуулалтыг 100 хувь санхүүжүүлэн, Монгол улсын хүн ардын эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийлээ. Улсдаа анхны зайн оношилгоо хийх бүрэн боломжтой, олон улсын “Эрдэнэт Медикал” төв нь өдөрт 500 гаруй иргэнд үйлчлэх хүчин чадалтай. Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа MRI, судсан дотуур оношилгоо, эмчилгээ хийх ангиографи, компьютер томографи аппарат, дижитал рентген, дуран, лабораторийн анализатор зэрэг Япон улсын “Hitachi” брэндийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. MRI буюу соронзон резонанс томографи аппарат нь Улсын клиникийн 3-р эмнэлэгт нэг байдаг бөгөөд хөдөө орон нутагт анхны аппаратыг “Эрдэнэт Медикал” төвд ашиглаж эхэлнэ. Монгол улсын иргэд жилд 100-300 орчим сая төгрөгийг гадны улс орнуудад оношилгоо эмчилгээ хийлгэхэд зарцуулдаг. “Монголд эмчлэгдэх боломжгүй” гэсэн оноштой олон хүн өвчиндөө шаналан өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Тэгвэл Монгол хүн дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо хүртэх боломжийг олгож байгаа энэ төв Японы Киото хотын Шигагийн их сургууль, Монголын АУИС-тай хамтран ажилладаг. Цахим системд бүрэн холбогдож, алсын зайн оношилгоо хийхийн зэрэгцээ өдрийн эмчилгээний тусгай зориулалтын өрөөнүүдтэй, мэс заслын эмчилгээний вакумжуулсан өрөөнд нээлттэй болон дурангийн мэс засал хийх юм. Шаардлагатай тохиолдолд гадаадын өндөр хөгжилтэй орны эмнэлгүүдтэй өвчтөнг холбож, эрүүл мэндийн тусламж хүртэхэд нь туслах хөтөч нь болох аж. Тус төвийн барилга, дотоод зохион байгуулалт нь Япон улсын эмнэлгийн стандартын дагуу хийгджээ. Тухайлбал, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажилчдын хөдөлгөөний урсгалыг давцахгүй байхаар төлөвлөж, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлсэн бактер үрждэггүй, нано технологийн хана, шалтай юм. “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрдэнэт Медикал” төв нь Монголын эрүүл мэндийн салбарт шинэ менежментийг нэвтрүүлж байна.

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.