Comment.mn

Эрч хүчний тэсрэлт “Зумба”

Сэтгэл сэргээм цоглог хэмнэлтэй аяыг сонсоод хэн ч баясана биз ээ? Тэгвэл сүүлийн үед Монголд хүчээ аваад байгаа та бидэнд  хэдийнээ танил болсон Зумба фитнесийн талаар нэгэн сонирхолтой яриаг өрнүүлэхээр Монголын Зумба фитнесийн холбооны тэргүүн, Голден жим фитнес клубын сургалт хөгжил хариуцсан захирал хатагтай Өлзийбатын Долгормаа буюу Доко багшийгаа ярилцлаганыхаа зочноор урьсан юмаа.

Танд энэ сайхан өдрийн мэндийг нийт уншигчдынхаа өмнөөс хүргэн мэндчилье.

Доко багш  : Баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.

Сур : Олон сонирхолтой арга хэмжээ, уралдаан тэмцээнийг зохион байгуулж, нийтэд хөдөлгөөний гайхамшгийг мэдрүүлдэг Голден жим фитнесийн хамт олноор сонин сайхан ихтэй биз дээ? Одоо ямар ажлыг зохион байгуулах гээд олныг байлдан дагуулж явна вэ?

Доко багш : Өнөөдөр дэлхий нийтээрээ л эрүүл , эрч хүчтэй амьдрахыг зорилгоо болгож ,бие бялдараа чийрэгжүүлэх олон шинэлэг дасгал хөдөлгөөн төхөөрөмжүүдийг бүтээж бий болгосоор байна. Монголчууд бид ч гэсэн тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж, хоцрохгүйн тулд бас л суралцсаар хэрэгжүүлсээр л байна. Түүний нэг нь дэлхийн 190 – д орныг хамран долоо хоногт 20 саяаас дээш хүмүүс ZUMBA фитнесээр хичээллэсээр байгааг энд дурдах нь зүтэй байхаа. Бид ч гэсэн тэдний нэг хэсэг болон зумба фитнесийг монголдоо хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна даа.

Сур : Зумба фитнес гэж юу вэ? Үүсэл гаралынх нь талаар манай уншигчдад товчхон ойлголт өгнө үү.

Доко багш : Зумба фитнесийн талаар дуулаагүй сонсоогүй хүн гэж монголд бараг л байхгүй болов уу. 1990 –д оны дундуур Колумбын алдартай фитнесийн багш , дэлхийд алдартай одуудын бүжиг дэглээч Алберто БЕТО Перезийн санаачлагаар үүссэн түүхтэй. Цоглог хөгжилтэй салса,кумбиа, самба, меренькю гэх зэрэг латин бүжгийн аянд тохируулан олон төрлийн хөдөлгөөнүүдийг хослуулсан Бето багшийн дасгалыг үйлчлүүлэгчид нь ихэд таашаан хүлээн авснаар анхны Зумба хичээл мэндэлсэн түүхтэй юм билээ. Зумба бол аэробикийн зарим суурь зарчмуудыг багтаадаг хүний биеэс их илчлэг шатааж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж биеийг галбиржуулан чангалж өгдөг дасгалууд багтсан байдгаараа онцлогтой л доо. Олон улсадаа “ Хөгжилтэй аргаар тураах хөтөлбөр ” гэдгээрээ алдартай хөтөлбөр юм.

Сур : Монголд орж ирээд хэрхэн яаж хөгжиж байна вэ?

Доко багш : 2011 онд Дэлхийн Зумба фитнесийн холбоонд Монгол улсыг албан ёсоор бүртгүүлж, Зумба фитнесийн сургагч багшийн сургалтанд Монгол улсаас анх удаа Голден жим фитнес клуб хоёр багшаа суралцуулж олон улсад заах эрхийг авсан юм.  Бид Монголын Зумба фитнесийн холбоог 2014 онд байгуулж Зумба фитнесийн багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, ДЭМБайгууллага , Нийслэлийн Боловсролын Газартай хамтран  ЕБСургуулиудын дунд “ Зумба бол – Эрүүл амьдрал, идэвхитэй хөдөлгөөн “ нэртэй  аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь олны талархалыг хүлээсэн сайхан арга хэмжээ болж чадсанд бид баяртай байдаг юм. Мөн  улирал тутамд “ Зумба парти ” – г зумба фитнесийг сонирхдог нийт гишүүд, үйлчлүүлэгчдийнхээ дунд зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Сур : Танайхыг албан ёсны эрхтэйгээр Зумба фитнесийн багш бэлтгэн сургадаг гэж сонссон.  Зумба фитнесийн багш болоход ямар шалгуур тавьдаг юм бэ?

Доко багш : Сүүлийн үед залуус маань Зумба фитнесийг их сонирхон хичээллэдэг болсон. Харамсалтай нь стандартын дагуу сургалт явуулдаг багш нар ховор байгаа учраас хүмүүст зумба фитнесийн талаар дутуу ойлголтыг өгч байна. Тийм учраас манай холбооноос Зумба фитнесийн багш бэлтгэх сургалтыг жилдээ 2 удаа зохион байгуулдаг юм. Манай сургалтыг хөдөө орон нутгаас зорин ирж  суралцаж төгссөн  багш нар ч байдаг. Тэд өөрийн аймаг, сумандаа зумба фитнесээ заагаад амжилттай явж байгаа. Тэгэхээр зумба фитнесээр хичээллэх сонирхолтой ямар ч хүн манай сургалтанд хамрагдах боломжтой гэсэн үг. Тун удахгүй 11 сарын 14 нөөс ээлжит сургалт маань эхлэх гэж байна. Хэрвээ та өөртөө итгэлтэй болоод Зумба фитнесийн багш болох чин хүсэлтэй бол Голден жим фитнес клубын  төв салбар дээр ирж дэлгэрэнгүй мэдээллийг авч Зумба фитнесийн багш болох албан ёсны сургалтанд  хамрагдах боломжтой.

Сур : МЗФХолбооноос сүүлийн үед олны анхааралыг татсан ямар ажил зохиох гэж байгаа вэ?

Доко багш : Олон улсын Зумба финесийн холбоо нь жил бүр эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эсрэг нэгдэж “ ZUMBA PINK PARTY”- г сайн үйлсийн аян болгон  зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аян нь хөхний хорт хавдраар өвчлөөд байгаа олон сая эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм өгч, эмчилгээний зардал болон хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангахад нь томоохон хандив болдог юм. Хөхний хорт хавдар нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн хавдрын нас баралтын 2 дахь шалтгаан болдог гэсэн харамсалтай тоо баримт байдаг юм. Монголд ч гэсэн энэ өвчнөөр маш олон эмэгтэйчүүд, эхчүүд өвчилж, нас барж байгааг судалгаагаар тогтоосон нь миний сэтгэлийг ихэд эмзэглүүлж байгаа. Иймд Монголын Зумба Фитнесийн Холбооноос  эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эсрэг нэгдсэн сайн үйлсийн аян болох “ZUMBA PINK PARTY”- г  11 сарын 25 – ны орой 19 цагаас Corporate зочид буудлын EVENT HALL  – д  монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ үйл ажиллагаанаас олсон орлогынхоо тодорхой хувийг  Хавдар Судлалын Үндэсний Төвд нэн шаардлагатай байгаа  эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдарын тасагийг  байгуулан тохижуулахад хандивлах юм. Иймд бидний энэ арга хэмжээг зохион байгуулахад хувь хүн , байгууллага хамт олон өөрсдийн санаачлагаараа нэгдэж хамтран ажиллахыг  манай холбооноос уриалж байна.

Сур : Нийгэмд буянтай үйлсийг дэлгэрүүлж байгаа танай хамт олонд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Бидний ярилцлагыг уншиж байгаа хүн бүр энэхүү арга хэмжээг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Цаашид Монголын зумба фитнесийн холбооноос өөр ямар ажлуудыг төлөвлөөд байгаа вэ?

Доко багш : Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа фитнес клубүүдийн зумба фитнесийн багш нарыг зумба фитнесийн стандарт хөтөлбөрт хамруулан ур чадварыг нь дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн ДЭМБ –тай хамтарч нийслэлийн 6 дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан  зумба фитнесийн багш бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулах гэж байна.  Ингэснээр  ард иргэддээ эрүүл амьдрахад хөдөлгөөн хэрхэн чухал болохыг зумба фитнесээр дамжуулан ойлгуулж , тэмцээн уралдааныг зохион байгуулан ажиллах гээд олон зорилтыг өмнөө тавин ажиллаж байна даа.

Сур : Бидэнтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд ажлын их амжилт хүсэн ерөөе.

Доко багш : Баярлалаа. Эцэст нь хэлэхэд Зумба бол аз жаргалыг мэдрүүлдэг эрч хүчний тэсрэлт юм . Та ч Зумбаг сонгох боломжтой. Удахгүй болох Зумба парти дээр уулзацгаая.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.