Эрүүл мэндийн хичээлийг биеийн тамирын хичээлтэй нийлүүлэн энэ хичээлийн жилээс Ерөнхий боловсролын сургуулуудад зааж эхэлсэн нь үр дүн муутай байгаа юм. Жишээ нь эрүүл мэндийн хичээлээр орох шүдээ хэрхэн зөв угаах, өсвөр насны бэлгийн бойжил, биеийн өсөлт хөгжлийн тухай мэдээлэл өгөх ёстой эрүүл мэндийн хичээлийг биеийн тамирын хичээлтэй нийлүүлсэн нь зохимжгүй. Биеийн тамирын хичээлээс олж авч болохооргүй мэдлэг мэдээллийг эрүүл мэндийн хичээлээс авах учиртай юм. Биеийн тамирын хичээлээр дасгал хөдөлгөөнөөр биеийн чадавхийг нэмэгдүүлдэг. Тэгээд ч долоо хоногт 1-2 удаа л биеийн хөдөлгөөний хичээл ордог. Харин эрүүл мэндийн хичээл түүнээс ч олон удаа мэдээлэл, мэдлэгийг өгөх шаардлагатай.
Эрүүл мэндийн хичээлийн цаг их байж мэдээлэл сайн өгч чадвал насанд хүрээгүй жирэмслэлт түүнээс үүдэлтэй үр хөндүүлэлт багасч амьдралын зөв дадал зуршилтай болно гэсэн үг.
Нэг талаасаа биеийн хөгжил, хөдөлгөөн гэдэг утгаараа биеийн тамир эрүүл мэндийн хичээл нэгдэж болох ч нөгөө талаасаа эрүүл мэнд гэдэг харицангуй өргөн ойлголт. Сурагчдын биеийн онцлог өөрийгөө танин мэдэхэд эрүүл мэндийн хичээл харицангуй нөлөөтэй.
Харин энэ хичээлийн жилээс биеийн тамирын багш нар буюу нэг үгээр биеийн тамирын дээд төгссөн багш нар эрүүл мэндийн хичээлийг давхар зааж байна. Тэгвэл анагаахын их сургуулийг төгссөн эмч нараар биеийн тамирын хичээл оруулж байгаатай эсрэг утгаараа адилхан биздээ. Энэ мэт сурагчид битгий хэл эцэг эхчүүд ойлгохооргүй шийдвэрүүд гаргахаа болих хэрэгтэй. Үүний үр дүнд хүүхдүүд эрүүл мэндийн мэдлэгээрээ хохирогч болж байгаа. ЕБС-ийн сурагчид Боловсролын яамны туршилт биш.
Б.Саран