Comment.mn

“Алтан намар” хөгжмийн наадам 35дахь жилдээ болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадам энэ жил 35дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн наадамд том хэлбэрийн болон гоцлол цөөхүүлийн нийт 40 гаруй бүтээл бүртгүүлэв.

Мөн БНХАУ, ӨМӨЗО,  Халимаг, Буриадын хөгжмийн зохиолчид бүтээлүүдээрээ оролцож байна.

Наадамд оролцох бүтээлүүдийг симфони найрал хөгжим, үндэсний найрал хөгжим, гоцлол цөөхүүл хөгжим гэсэн номинацуудаар шалгаруулна.

  • Наадмын нээлт 2016 оны 10 сарын 27-д Улаанбаатар Чуулгад
  • Гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалт 2016 оны 10 сарын 28-д ХБК-ын концертын А танхим
  • Наадмын хаалт буюу том хэлбэрийн бүтээлийн шалгаруулалт 2016 оны 10 дугаар сар 29-д МУ-ын Филармони дээр зохион байгуулагдана.

“Алтан намар 2016” хөгжмийн 35 дахь удаагийн наадмын ерөнхий найруулагчаар Г. Эрдэнэбаатар, наадмын комиссын даргаар МХөгЗХ-ны гүйцэтгэх захирал Д. Ганпүрэв нар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй тойм:

Наадмын нээлт

Наадмын нээлтэнд ЗХЖШ-ын ҮЖҮНХ болон ХБК-ын үндэсний найрал хөгжмөөр наадмын нээлтийн фанфар хөгжимдснөөр уламжлал ёсоор СГЗ Д.Цэдэвийн шүлэг, төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Алтан намар” дуугаар 35 дахь удаагийн наадмыг ёслол төгөлдөр нээнэ.

Энэ жил МХөгЗХ-ны гишүүн МУУГЗ, Төрийн шагналт Г. Бирваагийн мэндэлсний 100 жил, МУУГЗ, Төрийн шагналт Э. Чойдогийн мэндэлсний 90 жил, МУАЖ, Хөдөлмөрийн баатар Д. Лувсаншаравын мэндэлсний 90 жилийн тэгш ойнууд тохиож байгаа бөгөөд улс нийгмийн санхүү, эдийн засгийн хямралын үед тус ойн арга хэмжээнүүдийг нэгтгэн “Алтан намар – 2016” хөгжмийн наадмын хүрээнд хамруулж улс орон даяар өргөн тэмдэглэж байна.

МХөгЗХ-ны нарийн бичгийн даргаар 17 жил тасралтгүй ажилласан, гурван удаагийн дайнд оролцож бүрээн дуугаар цэрэг армийг төвхнүүлж явсан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Г. Бирваагийн 100 жилийн ойд зориулж, түүний ҮЖҮНХ-д бичсэн маршуудаас дээжлэн нээлтэнд хөгжимдөхөөс гадна МУУГЗ, хөгжмийн зохиолч Д. Баттөмөрийн Г.Бирваа гуайд зориулан бичсэн “Анхны бүрээч” дуу анх удаа Алтан намрын нээлтийн үйл ажиллагаан дээр эгшиглэнэ.

Алтан намар хөгжмийн наадмын хүрээнд залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор хөгжмийн зохиолч Д. Ариунболдын “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгээр тус наадмын нээлт өндөрлөнө.

Гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалт

Наадмын гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалтыг 2016 оны 10 сарын 28-д Хөгжим Бүжгийн Коллежийн концертын А танхимд  зохион байгуулах бөгөөд энэ төрөлд урд урдын жилүүдээс илүү сонирхол татахуйц олон сайхан уран бүтээлүүд оролцож байна. Жишээлбэл: та бидний мэдэх Халимагийн хөгжмийн зохиолч Аркадий Манджиев, Буриадын хөгжмийн зохиолч Баяр Дондоков нарын бүтээлүүдээс гадна Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүд оролцоно. Энэ жилийн гоцлол, цөөхүүл хөгжмийн төрөл, оролцогчдоос хамааран сонирхолтой явагдах шинжтэй байна.

Наадмын хаалт

Наадмын хаалтыг 2016 оны 10 сарын 29-д Монгол улсын филармони дээр зохион байгуулна.

Жил жилийн Алтан намар наадмын эрхэм хүндтэй байгууллагаар МУ-ын филармонийг албан ёсоор дурдаж байна.

“Алтан намар-2016” хөгжмийн наадмын том хэлбэрийн бүтээлүүдийг тоглох, удирдах бүхий л гол ажил нь МУ-ын Филармони дээр явагдаж байгаа бөгөөд  наадмын бэлтгэл сургуулилт нь 10 сарын 18-аас албан ёсоор эхэлнэ.

Наадмын хаалтын үйл ажиллагааг албан ёсоор Улсын филармоний концертын танхимд зохион байгуулах бөгөөд том хэлбэрийн бүтээлүүдэд ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч Нарс, Өвөр Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны дэд дарга болон  Бриадын хөгжмийн зохиолч Баяр Дондоков нар Монгол угсаатны хөгжмийн зохиолчдыг төлөөлж оролцохоос гадна Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд энэ орой эгшиглэнэ.

Наадмын хаалтын тоглолтын дараа “Алтан намар 2016” оны шилдэг хөгжмийн шагналыг гардуулах ёслол явагдана.

Алтан намар наадмын шаргал хуудсыг сөхөх аваас …..

Ардын жүжигчин, төрийн шагналт С. Гончигсумлаа, Н. Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г. Бирваа нарын санаачилгаар хөгжмийн урлагийн наадам 1982 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед төрийн дэмжлэг оролцоо ч сайн байсан байна.  Тус наадмыг сүлд дуутай болгох санаачилга 1983 онд гарсан бөгөөд  хөгжмийн зохиолч,  яруу найрагчдын дунд наадмын сүлд дууны уралдаан зарласан.  Уралдаанаас гурван дуу үлдсэнээс Төрийн хошой шагналт  Л.Мөрдоржийн хөгжим, Ш.Шажинбатын шүлэг “Намрын баяр”, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим, Д.Цэдэвийн  шүлэг “Алтан намар”, хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн “Намрын тухай дуу” шалгарсан байдаг.  Энэ гурван дуунаас Н.Жанцанноровын “Алтан намар” тунаж үлдсэнээр “Алтан намар” хөгжмийн наадам өөрийн гэсэн сүлд дуутай болж 35 дахь жилдээ зохиогдож байна.

Тус наадмын навчит билэгдлийг ардын зураач Л.Намхайцэрэн бүтээжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.