Монголчууд “Стэнд бай”-дуулах нь цаг хугацааны асуудал болов. Олон Улсын Валютын сан “ОУВС”-гийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард Монголд иржээ, энэ лав нэг юм болох нь дээ хэмээн хэвлэлийнхэн бичиж байсан, яг л байндаа тусаж байх шиг.
Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Д.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын хамтарсан захидлыг ОУВС хүлээн авч техникийн багаа энэ аравдугаар сард Монгол Улсад илгээн ажиллуулахаар болсон байна. Техникийн баг ажиллаж Монголын эдийн засагт дүн шинжилгээ хийсний дараа “Стэнд бай” хөтөлбөрт хамрах эсэхийг шийдэх тухай Сангийн сайд зарласан юм.
Ер нь Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нарын хамтарсан захидал гэж эвтэйхэн хэлж байгаа боловч өнөө цагт санхүүгийн хэлээр бол албан ёсны хүсэлт, гуйлт л юм. “Стэнд бай” хөтөлбөртөө хамруулж өгөөч ээ, бид өөрийг хийж чадашгүй нь гэсэн утга бүхий.
Засгийн газрын албан ёсны хүсэлтээс өөр ямар нэгэн дотно харилцааны шинж тэмдэг илэрхийлсэн захидал Олон улсын валютын сан хүлээж авахгүй бөгөөд ийнхүү Монгол Улсын “Стэнд бай” программд хамрагдах хүсэлтийг ёсоор болгохын өмнө техникийн багаа илгээхээр болж байгаа юм.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5 их наяд 974 тэрбум буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8 их наяд 564 тэрбум, харин төсвийн алдагдал 2 их наяд 589 тэрбум. Монгол Улс ирэх онд 6.6 их наяд төгрөгийн зээл төлнө. Төсвийн орлогоос давсан зээл гэсэн үг. Тиймээс дээрх хэмжээний бонд гаргах байх. Эсвэл өмнө нь гаргасан бондоо хойшлуулах арга хэмжээ авна” хэмээсэн.
Халаа сэлгээ, ураг төрлийн томилгооноос өөр юм хийхгүй байна гэж халаглуулаад байгаа эрх баригчид эрх биш 100 хоногийнхоо өмнө ажлаа дүгнүүлэхдээ ямар нэг нааштай зүйл барьж, зулгааж авахаар хичээж байгаа нь Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөр аж.
Өөр гарцгүй болсон гэдгийг эртнээс эдийн засагчид сануулсаар ирсэн. Басхүү зарим нь өөр сонголт эрх баригчдад бий ч гэж бичдэг. Ямартай ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд онцгой анхаарч, энэ талаар тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа. Бид эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллах, энэ чиглэлээр удахгүй Улаанбаатарт ирэх тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийхэд бэлэн” хэмээснээр монголчууд бултаараа тусгай хөтөлбөрт хамрагдах нь ойлгомжтой болоод байна.
Энэ дагуу Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан ч Вашингтан хотод оччихсон тус сангийнхантай уулзаж байгаа. “Стэнд бай”-д хамрагдсанаар нэн түрүүнд төсөв мөнгөний хатуу бодлого барьснаар төсвийн алдагдалгүй болох гол зорилготой юм. Харамсалтай нь төсвийн үзүүлэлтийг сайжруулах гэхдээ тоон үзүүлэлтийг илүүд үзэж олон түмний асуудлыг дорд тавьдаг муу талтай. Ингэснээрээ дампуурах шахсан улс гэсэн ойлголтыг олон улсад түгээж гаднаас хөрөнгө оруулалт татах хамгийн гол гарцаа хааж байгаатай ялгаагүй. Санхүүгийн сахилга бат сайжирч хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгддэг гэж ярьдаг ч энэ нь зохион байгуулалттай тараадаг цуу яриа гэдгийг олон улсад бодит жишээн дээр баталжээ. Жишээ татахад Украин байна.
Бас нэг томоохон эрсдэл бол дээр дурдсан ард түмэнд хамгийн ноцтой нөлөөлөл үзүүлдэг явдал. Өмнө нь манай улс 2008-2009 онд энэ хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгодог барилга болон жижиглэнгийн худалдааны салбар элгээрээ хэвтэж байсан жишээ бий. Хэдийгээр “Стэнд бай”-д хамрагдах явцад бага орлоготой ядуу буурай иргэд рүү чиглэсэн халамжийн бодлогыг алдагдуулахгүй хамгаалах давуу талтай гэдэг боловч эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон хувийн аж ахуйн нэгжүүд, худалдан авах чадвар бүхий дундаж давхаргынхан хамгийн ихээр хэлмэгддэг. Ингэснээрээ аж ахуйн нэгжүүд, эдийн засаг, улс орны хөгжлийн тогтолцоо хаа хаанаа тэгээс эхэлж олон улсын зах зээлд хөл тавих боломж сая нэг гарч ирдэг аж.
Уг нь эдийн засагчид зөвхөн төсөв танаж, мөнгөний хатуу бодлого явуулаад хямралыг шийдэж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч сануулсаар байгаа. Бидэнд өөр олон арга зам байх ёстой. Олон улсын жишээг харсан ч тэр, аль нэг улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж төвөгтэй алхмаас зайлсхийж эдийн засгаа чирээд гаргасан түүх Мексик, Чили, Вьетнам, Унгар, Исланд байна.
Харамсалтай нь ийм гарц, гаргалгааг эрх баригчид огтхон ч олж харахгүй, эрсдлийг нь өөрсдөө биш ард түмэндээ үүрүүлэх болохоор санаа зовохгүй байх шиг. Ер нь олон улсын түвшинд ажиглахад аргаа барсан Украин мэтийн улс орнууд л “Стэнд бай”-тай ихээхэн зууралдаж ОУВС, Дэлхийн банк мэт өрнөдийн гүрнүүдийн банк, санхүүгийн зэвсэгт өртөөд байгаа юм. Украины араас Монгол Улс маш том жишээ болоход ойртож байна.