Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог байсан бөгөөд өнгөрсөн долдугаар сараас эхлэн түр зогсоож олгохоо больсон юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн Сангийн яамны данс улайсан гэдэг.
Тэгвэл эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед энэ мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байгаа.
Тодруулбал өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэж 0-10-р бүлэгт хамаарсан өрхийн хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөгийг хэвийн олгохоор болсон бол 10-20-р бүлэгт хамаарах өрхийн хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Сангийн яамнаас энэ даваа гаригт Монголбанк руу санхүүжилтийг нь шилжүүлсэн гэдгээ хэлсэн. Харин өчигдрөөс эхлэн зорилтод бүлгийн тодорхойлтод багтсан хүүхдийн мөнгө арилжааны банкуудаар олгогдож эхэлжээ.
Тухайлбал, улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг байна. Тэгвэл эхний ээлжид нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгийг нь бэлнээр олгохоор болсон юм.