Коммунист намын Төв хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшан энэ сарын 1-нд манай улсад ирсэн билээ. УИХ-ын дарга М.Энхболд түүнийг Сүхбаатарын талбайд улаан хивс дэвсэж, ёслол төгөлдөр угтаж авчээ. Зүгээр л нэг нарийн бичгийн даргыг улаан хивс дэвсээд л, сүр болж угтсан нь ямар учир байв. Яагаад Монгол Улс Хятадын өмнө ийн хөл алдаж эхлэв. Хятадаас зээл авч, халамжаа тараах гэж сэтгээд ийн хөл алдан гүйв үү л гэж асуух гээд байна.
Урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах, свот гэрээний хугацааг сунгах, орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг сая Хятадын талд тавьсан байна. За тэр свот гэрээний хугацааг сунгах асуудал ч яахав. Мөн ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд тусламж авах ч бас зөв гарц байж магадгүй. Монголбанк бэлэн мөнгө хэвлэж, төсвөө алдагдлаа тэлж байснаас л хамаагүй дээр. Харин урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах тал дээр манай улс жаахан нухацтай хандмаар байна. Угаасаа МАН ялалт байгуулаад, төрд гарахаараа Хятадтай хэтэрхий их сүжирдэг. Зээл авсан ч, хамтарч ажилласан ч Хятад гээд л. Мэдээж бид хойд, өмнөд хоёр хөрштэйгээ нягт уялдаа холбоотой ажиллах ёстой. Тэгж байж оршин тогтноно. Хятадын эдийн засгийн байдлаас хамаараад манай жижиг эдийн засаг савлаад байгаа нь ч үнэн.
Гэхдээ урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг заавал нэг улсаас авах нь олон сөрөг үр дагавар дагуулахыг эдийн засагчид ярьж байна. Тухайлбал, Хятадаас бид мөнгө зээлээд, өр ширээ дарья гэж бодъё. Хариуд нь мэдээж юм шаардана. Манайхаас зээл авсан юм чинь одоо тэг, ингэ гээд захираад суучихыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
Бонд гаргаж, Олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох бол өөр. Бид авсан мөнгөө өөрсдөө мэдээд, хэрэгтэй зүйлдээ зарцуулчихна. Хаанаас, юу авахаа өөрсдөө мэднэ. Тэгвэл нэг улсаас зээл авбал тухайн орноос бүх зүйлээ ав гэх тулган шаардлагатай тулгарах магадлал өндөр. Ийм л эрсдэлтэй. Гэтэл манай эрх баригчид Хятад руу бөхийж гүйгээд байна.
Бондын өр төлбөрийг ирэх оноос эхлэн төлнө. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Монгол төгрөг бараг л цаас болж эхэллээ. Ам.долларын ханш улам чангарсаар л. Бид харин дифляцитай нүүр тулчихаад байдаг. Ер нь хоолой дээр хутга тавьчихсан байгаагаас ялгаа алга. Ийм хүнд нөхцөлд МАН сүржин сүржин амлалт өгөөд төрд гарчихсан. Бүр 65 суудал авсан. Тэднийх нь талаас илүү хувьд “цэл ногоон”-ууд байдаг. Ийм үед тэд “сордог элс”-нээс гарахдаа зуурах “мөчир”-өөрөө Хятадыг л сонгочихоод байгаа бололтой. Захын нэг дарга ирэхэд л дэвсэж болох бүхий л хивсээ гаргаж тавиад л, хүндэлж болох хамаг хүндлэлээ л үзүүлж байна.
Тэд нүдээ аниж Хятадаас баахан мөнгө зээлж авчихаад, одоо байгаа хүндрэлээсээ гарчихвал маргааш яах нь хамаагүй ч гэж бодож байж болох. Засгийн газар 100 хоногийнхоо тайланг тавих гэж байхад яах учраа олоогүй л байгаа. МАН-ынхан ер нь тэр чигтээ яах учраа олохгүй л байна. Тийм болохоор нүдээ аниад, тааралдсан “мөчир”-нөөсөө зуурахад бэлэн байгаа бололтой. Харин тэр мөчир нь Хятад уу л гэдэг байна. Бид Хятадаас зуурчихаад дараа нь бүхий л шаардлагыг нь биелүүлэх болж, “Bank of China” нь хүртэл орж ирвэл яах билээ. Бид уг нь нэг улсын өмнө хөл алдах биш олон улсын түвшинд арга хэрэгтэй баймаар. Ямар ч байсан МАН-ынхан, эрх баригчид хөл алдаад л байна. Юу л болдог бол.
Эх сурвалж: mminfo.mn