Орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байгаа бол 1792 тойрогт нийт 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байгаа. 15209 нэр дэвшигчийн 7006 сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм. Тойргийн тухайд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум нийт 1792 тойрогт хуваагдсан.
Улсын төсвөөс сонгуулийн бэлтгэл ажилд зориулан 13.9 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Харин нам, эвсэл бүр 1.142.5 сая төгрөг зарцуулахаар дээд хэмжээг нь тогтоосон. Тэгвэл Сонгуулийн тухай хуульд зааснаар сум, баг, дүүргийн хороо бүр нэг тойрог болох юм. Өөрөөр хэлбэл, томсгосон тойргоор сонгуулийг явуулна.
Түүнчлэн Сонгуулийн тухайд хуульд сонгуулийн дүнг ямар хугацаанд олон нийтэд зарлахыг тусгасан байгаа. Тодруулбал, Сонгуулийн дүнг тав хоногт багтан хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухайгаа СЕХ болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх ёстой.
Үүнээс гадна аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтэлж, тараахыг хоригложээ.
Мөн сурталчилгааны үеэр хууль бус сурталчилгаа хийж байгаа нэр дэвшигч, нам, эвслийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгөх хуулийн заалт байдаг. Энэ нь иргэдийн хяналтыг сайжруулах зорилготой юм. Хэрэв хууль бус сурталчилгаа явуулж, эд, мөнгө тарааж, хөнгөлөлттэй үйлчилгээгээр үйлчлэх зэрэг зөрчлийг баримттайгаар илрүүлсэн тохиолдолд тухайн иргэнийг урамшуулах хуультай.
Тараасан эд, мөнгөний үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрөөр иргэнийг урамшуулахаар заасан байна.