Орон сууцны таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг энэ сарын 4-ний өдрөөс хойш олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Уг хугацаанаас өмнө таван хувийн зээлэнд хамрагдах хүсэлтээ гаргасан иргэдийн зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас олгоно гэдгээ тодотголоо. Өнгөрсөн долдугаар сард арилжааны банкууд 117 зээлдэгчдийн 5.2 тэрбум төгрөгийн зээлийг 8-5 хувь руу шилжүүлсэн байдаг. Харин наймдугаар сараас энэ сарын 4-ний өдрийг хүртэлх таван хувийн зээлийн хүсэлтүүд шийдэгдэх нь тодорхойгүй байдлаар гацаад байсан юм.
Уг асуудлаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Энэ сарын 4-ний байдлаар ирүүлсэн 1948 зээлдэгчийн 92.2 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Санхүүжилтийг хоёр үе шаттайгаар олгоно. Эхний ээлжинд нэн тэргүүнд олгох үндэслэл бүхий 739 зээлдэгчийн 44.7 тэрбумыг олгохоор болсон. Зээлдэгчдийн материалын бүрдүүлэлт бүрэн гүйцсэний дараа үлдсэн санхүүжилтийг олгоод явна” гэсэн тодруулга өглөө.
Өнгөрсөн гуравдугаар сараас ипотекийн зээлийн өмчлөлийг засгийн газарт шилжүүлсэн. Энэ хүрээнд Монголбанк ипотекийн зээлд санхүүжүүлэгч хэлбэрээр оролцож буйг мэргэжилтнүүд нь онцолдог. Тиймээс энэ сарын эхээр Монголбанкны зүгээс таван хувийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлснээр засгийн газраас зогсоох шийдвэрээ гаргаад байгаа юм.