Дэлхийн хамгийн олон уншигчтай Уолл Стрит Журнал сонинд “Өрийн хямрал руу айсуй Монгол” хэмээх нийтлэл сар гаруйн өмнө нийтлэгдсэн. Сургуулийн багш судлаачид уг сонинг анхааралтай уншдаг болтой уулзах бүр л надаас юу болоод байгааг нь асуух юм.
Энэ тухай ч даалгавар, бие даалтуудаа хийхийг зөвлөж уулзаж мэдээлэл авахыг урина. Үнэхээр ч сонирхолтой, бас цэгцтэй, оновчтой бичсэн нийтлэл байх тул уншиж амжаагүй заримд сонирхуулахаар чадан ядан махчилан орчууллаа.
Уиллиам Бикалс, 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр
Хэдхэн жилийн өмнө Монгол Улсыг гадаад өрийн хямралд орно гэж хэлбэл үнэмшилгүй сонсогдох байсан нь дамжиггүй. Гуравхан сая хүнтэй, алт, зэс, нүүрс, төмрийн хүдрээр нэн баян энэ улсыг Азийн Кувейт хэмээн хочилж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр энэ их баялгаа ашиглаж ч амжаагүй байж баялгийн хараалд өртсөн анхны улс болох бодит эрсдэл тулгарчээ
Шинэ Засгийн газар бүрэлдсэн 2012 оноос хямрал эхтэй. 2011 онд 17.5 хувь, 2012 онд 12.3 хувийн өсөлтөөрөө магнайлж, дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс хэмээн шагшигдаж байсан үед тэд Засгийн эрхийг авсан. Тухайн үед эрдэс бүтээгдэхүүний үнэ өндөр, БНХАУ-ын эрэлт хүчтэй байсан нь эдийн засгийн маш таатай хөрс шороо бүрдээд байсан хэрэг.
Оюу толгойн алт, зэсний томоохон ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг Рио Тинто компанитай байгуулсанаар гадаадын хөрөнгө оруулалт ч урсаад эхэлж. Түүнчлэн Оюу Толгойтой эн зэрэгцэхүйц Таван Толгойн нүүрсний ордыг ашиглах тухай ч хүчтэй яригдаж асан үе.
Гэвч их хэмжээний популист амлалтаар сонгуульд ялсан шинэ засаг бүхнийг орвонгоор нь эргүүлжээ. Нэг талаас, аль хэдийнээ баталсан Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрт илүү ашигтай болгон шинэчлэхээр Засгийн газар оролдсон нь гадаадын хөрөнгө оруулалтыг огцом үргээсэн. Нөгөө талаас, орон сууцжуулах, цалин тэтгэвэр нэмэх нэрээр Засгийн газар зарлагаа маш хурдацтай нэмэгдүүлжээ.
Ийнхүү орлого буурч, зарлага нэмсэнээс үүдсэн төсвийн алдагдлыг өр тавьж нөхөхөөс өөр арга Засгийн газарт үлдсэнгүй. Иймд Монгол Улс анх удаагаа олон улсын зах зээл дээрээс их хэмжээний өр босгож, дөрөвхөн жилийн дотор ДНБ-ийхээ гуравны нэгтэй тэнцэх хэмжээний 3.6 тэрбум ам.долларын зээл авч, өндөр хэмжээний хүү төлж эхэлжээ. Түүнчлэн, БНХАУ-ын Төв банктай валютын свопын хэлэлцээр зэргийг хийсэн нь Монгол Улсын нийт өрийн хэмжээ 2015 оны байдлаар ДНБ-ий 70 хувьтай тэнцэхэд хүргэсэн байна.
Засгийн газар дотоодоос ч их хэмжээний зээл авсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе мэт банкны сектор нь Засгийн газрын томоохон санхүүжүүлэгч болж хувирчээ. Эдийн засаг дахь нийт зээлийн хэмжээ 2 жилийн хугацаанд хоёр дахин өсч, үүнийгээ дагаад мөнгөний нийлүүлэлт ч талийгаа алдаж. Хугацаа хэтэрсэн зээл ч мөн нэмэгдсэн.
Төрийн эзэмшлийн Хөгжлийн банк олон улсын зах зээл дээр мөн бонд гаргаж дэд бүтцийн голдуу төсөлд зарцуулсаны эргэн төлөлт өнөөг хүртэл тодорхойгүй байна. Үүнтэй зэрэгцэн, арилжааны банкуудаар дамжуулан Төв банк томоохон хэмжээний зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх бизнесийн бага хүүтэй зээл нь бага хүүтэй орон сууцны зээлтэй хоршиж Монголын үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт дэмжлэг үзүүлсэн байна.
Үр дүнд нь арилжааны банкнаас авлагагүй байсан Төв банк 2013 оны эцэс гэхэд 4 их наяд төгрөгийн авлагатай болжээ. Эдгээр хөтөлбөрүүдийг төсвийн гадуур хэрэгжүүлсэн нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийг санагдуулам гэлтэй.
Эдийн засгийн нөхцөл байдал муудаж буй тухай Олон улсын санхүүгийн байгууллагууд 2014 оноос Засгийн газарт сануулж эхэлж. Улмаар Засгийн газар төсвийн тэлэх бодлогоо бага ч гэсэн бууруулах оролдлого хийж, төв банк мөнгөний бодлогоо хумьж эхэлсэн. Ядрахад яр гэгчээр энэ үед эрдэс бүтээгдэхүүний үнэ унаж эхэлсэн нь тэртээ тэргүй буурч эхэлсэн гадаадын хөрөнгө оруулалттай хагсан эдийн засгийг улам бүр хүндрүүлж орхижээ. Ийнхүү 2015 он гэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.3 хувь болон удааширч, энэ онд өсөлтгүй шахам болох төлөвтэй байна.
Гэхдээ эдийн засгийн хүндрэл эрдэс бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалаагүй юм. Гол шалтгаан нь ирээдүйд олох экспортын орлоготоо найдаж их хэмжээний өр тавьсан явдал байсан. Түүнчлэн, экспорт нэмэгдэх нөхцөлөө ч олигтой бүрдүүлээгүй байж түүнээ удаашруулах арга хэмжээнүүд авсан ч нөлөөлжээ. Циклээрээ буцаад унах нь тодорхой байсан уул уурхайн салбарыг сөрсөн бус уналтын үр нөлөөг улам бүр нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газраас авсан нь хямралын үндсэн шалтгаан юм.
Монголиан Майнинг Корпораци 5 дугаар сард дефолт зарласнаараа айсуй буй хямралын хонхыг цохьжээ. Таван толгойн ордын томоохон хэсгийг эзэмшигч тус компаний 2012 онд гадаадын зах зээлээс босгосон 500 сая ам.доллараа хугацаанд нь төлж чадахгүй юм. Энэхүү дефолт нь ирж буй хямралыг ёрлосон үйл явдал болсон. Өдгөө мөнгөгүй болсон Засгийн газар ирэх хоёр жилд 1.2 тэрбум ам.долларын өрөө эргүүлэн төлөх учиртай.
Хоёрхон жилийн өмнө уул уурхайн салбараас орж ирэх их хэмжээний гадаад валютын орлогыг хуримтлуулах Баялгийн сан байгуулах тухай идэвхтэй ярилцаж байсан тус улс өдгөө гадаад өрийн хямрал, дефолтын ирмэгт ирээд байна.
Хариуцлагагүй өр тавьж, тогтворгүй өсөлтөндөө бялуурсан тус улс ирэх жилүүдэд төсвөө чангалж, хөгжлийн тогтвортой өөр эх үүсвэр олохоос өөр аргагүй. Түүнлчэн, хөрөнгө оруулалтын шударга, ил тод нөхцөл бүрдүүлж, нэгэнт байгуулсан гэрээ хэлэлцээрээ хүндэтгэх замаар гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх асуудал тулгамдаад байна. Үүний хажуугаар эрдэс баялаг экспортлогч нарын хэдийнээ танил болсон байгаль орчин, эдийн засгийн шалтагтай дотоодын хавх, хориг саадуудаа бууруулах зайлшгүй шаардлагатай.
Монголчууд эдийн засгаа аврах бүрэн эрхийг 6 сард байгуулагдсан шинэ Засгийн газарт бүрнээ олгосон. Гарц тэдэнд байгаа ч, цаг тэднийг хүлээхгүй. Алдаа гаргавал төлбөрт нь хөгжлийн тухай олон жил ярихгүйд хүрэх тул хатуу чанга, “гашуун” арга хэмжээ авахаас өөр аргагүй гэдгийг тус улсын иргэн бүр ойлгох хэрэгтэй юм.
Махчилан орчуулсан Алаг Адуун Бямбарагчаагийн Тэлмүүн
2016 оны 9 дүгээр сарын 25
АНУ-ын Нью-Йорк мужийн Итака хот