Comment.mn

“Голомт”-ын менежер покер тоглоод алдсан мөнгөө харилцагчийнхаа хадгаламжнаас аваад өгчихжээ

Сүүлийн үед банкны теллер, менежер зэрэг ажилтнууд ашиглан завшсан хэрэгт их холбогдох болжээ. Тэд хадгаламжиндаа их мөнгөтэй харилцагчдын дансны мэдээллийг ажил үүргийн дагуу эсвэл санамсаргүй тохиолдлоор олж мэдээд дараа нь авчихдаг болсон гэнэ. Саяхан “Голомт” банкны төв салбарын цахим харилцааны менежерээр ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс тус банкны харилцагч Х.Х-гийн ам долларын данснаас харилцагчийн зөвшөөрөлгүйгээр  нэвтрэн орж 15 удаагийн үйлдлээр 40.4 мянган доллар авсан Ц.Зундуйгийн хэргийг шүүх шийдвэрлэжээ.

Тэрээр мөн  иргэн Д.Т-д орон сууц худалдан авах үнийн дүнгийн 20% болох 21.100.000 төгрөгийг “Голомт” банкинд байршуулах ёстой, таны зээлийн материалыг хаанаас ирсэн материал гэдгийг нь шалгадаг учраас би өөрийгөө хамтран эзэмшигчээр оруулж байгаа юм гэж итгүүлэн данс хамтран эзэмшигчээр бүртгүүлж 21.1  төгрөгийг нь залилан авсан нь тогтоогджээ. Уг мөнгийг доллар болгоод Х.Х-гийн данс руу хийчихсэн байсан гэнэ.  Шүүгдэгч 2012 оноос Голомт банкинд харилцагчийн үйлчилгээний ажилтан гэсэн албан тушаалтайгаар Цамбагарав тооцооны төвд ажил орж ажиллажээ. Дараа нь банкны төв бизнес төвд харилцагчийн үйлчилгээний менежерээр дэвшжээ. Тэрээр хоёр жилийн өмнөөс өрөнд орж эхэлсэн гэнэ. Покер тоглоод найман саяын өрөнд унажээ.

Авлагатай хүмүүс нь мөнгөө нэхээд амар заяа үзүүлэхээ больж. “…Манай ажил дээр надад мөнгө зээлүүлсэн Сарантуяа гэдэг хүн ирээд мөнгөө нэхсэн, дарга удирдлагад чинь хэлнэ гэж дарамталсан” гэжээ. Ингээд Х.Х-гийн данснаас 18,7 мянган 50 ам доллар аваад Сарантуяагийн дансанд хийсэн байна. Эзэмшигчийнх зөвшөөрөлгүйгээр их хэмжээний гүйлгээ хийж чадсан нь үнэхээр гайхал төрүүлэх зүйл. Тэрээр  ердөө л хамт ажилладаг хүмүүсээ гуйж байгаад уг мөнгийг зарлагадаад авчихдаг байжээ. Банкныхан нэгнийхээ гуйлтаар харилцагчийнхаа мөнгийг өөрийн юм шиг оруулж гаргадаг гэхэд итгэхэд бэрх ч болсон явдал юм. “…Би харилцагчийн үйлчилгээний менежер Т, теллер Э-Ө, Ц нараас гуйж дээрхи гүйлгээнүүдийг хийсэн. Би тэдэнд “Х бол миний сайн таньдаг эгч байгаа юм, би өөрт нь хэлээд зөвшөөрөл авчихсан, би мөнгийг удахгүй буцаагаад хийчих юм, эсвэл манай эгч гадаадад яваа данснаас мөнгө аваад гадаад руу шилжүүлэх гэж байна, би өөрийнх нь зөвшөөрөлтэй мөнгө авах гэж байгаа юм, дараа нь өөрийг нь ирэхээр нь зарлагын баримтан дээр гарын үсгийг нь зуруулаад өгнө” гэх зэргээр энэ хэлж гуйж байгаад дээрх мөнгийг гаргуулан авсан юм” гэжээ.

Заримдаа зарлагын баримт дээр Х.Х-гийн баталгаат гарын үсгийг харж байгаад дуурайлгаж зураад бэлнээр гаргуулсаар нийтдээ 15 удаагийн үйлдлээр 40,4 мянган долларыг авч өрөндөө өгчээ. Тэр мөнгөнөөс нэг удаад авсан 3300 долларын 3000-ийг нь түрийвчтэйгээ гээчихсэн гэж мэдүүлжээ. Шүүгдэгч нь харилцагч Х.Х-г хадгаламжиндаа их хэмжээний доллартой, сүүлийн хоёр жил данснаас ямар ч гүйлгээ хийгээгүй, хугацаагүйгээр явж байгаа зэргийг хэрхэн мэдсэн нь бас л гайхалтай. Тус банкыхан ВИП ангилалын хадгаламж эзэмшигчдээ идэвхижүүлэхээр тусгай жагсаалт гаргасан агаад үүнээс л олж харсан бололтой.   Харин хохирогч “…Би уг данснаас 2013 оноос хойш гүйлгээ хийгээгүй. Гэтэл банкныхан миний тооцоолж байсан мөнгөний ердөө тал нь л байна гэхээр шоконд орсон, бүр намайг гүйлгээ хийсэн байна гэхээр нь  ямар ч гүйлгээ хийгдсэн тэмдэглэгээ байхгүй хадгаламжийн дэвтрээ үзүүлсэн…Тэр өдрөө ахлах теллерийнх нь өрөөнд 3 цаг орчим хүлээсэн. Банкныхан нааш цааш гүйгээд л байсан, хоёр хүний нэр яригдаж байсан нэг нь Зундуй нөгөөх нь түүний дор ажилладаг яг уг гүйлгээг хийсэн ажилтан байсан” гэжээ.

NUUTS.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.