Comment.mn

АН удирдагчийн хомсдолд оров уу

АН удирдагчийн хомсдолд оров уу
АН-ын ҮЗХ өчигдөр буюу баасан гарагт болохоор төлөвлөгдөөд байсан ч мөн л хойшиллоо. Тодруулбал, пүрэв гарагт АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж баасан гарагт хуралдахаар товлоод байсан ҮЗХ-ны хурлыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан байна. Уг нь ҮЗХ-ын хурлаар намдаа үүсээд буй бүхий л муу, муухайг өнөөдөр нэг тийш нь болгож, намын даргаа шинээр сонгох байв. Түүнчлэн намын их хурлаа хэзээ зарлан хуралдуулах эсэхээ ч тохирох ёстой байсан юм. Гэхдээ 2016 оны сонгуульд АН ялагдсанаас хойш ҮЗХ-ны хурал хэд хэдэн удаа товлогдсон ч хойшлоод байгаа нь энэ.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл ирэх 10 дугаар сарын эхээр болох орон нутгийн сонгуулийн дараа Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааныг хийх нь илүү зохимжтой, харин одоо орон нутгийн сонгуульд бүх хүчээ дайчлан ажиллах ёстой хэмээн үзсэн учраас ийнхүү шийдвэрлэсэн гэнэ. Гэсэн ч ажиглагчид үүнийг АН-ын фракци хоорондоо тохиролцохгүй байгаагаас ҮЗХ хуралдаж чадахгүй байна гэж үзэж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй АН-ын зарим гишүүд энэ ҮЗХ хурлаа хийх чадамжгүй учраас тарах ёстой гэсэн байр суурьтай байна .
Үндсэндээ АН-ын дараагийн дарга болох вэ гэдэг асуудал ийнхүү хурал хойшлуулахад хүрээд байгаа бололтой. Учир нь дөрвөн жил эрх барих эсэхээ шийдвэрлэх чухал сонгуулийг ч АН-ын бүлэг фракциуд умартаж зөвхөн намын даргын төлөөх “дайн”-аа өрнүүлсэн. Хоёр жилийн турш дотроо уугж байсан уг “түймэр” өнгөрсөн намраас ил гарч шил дараалсан баривчлагаа болон лидерүүдийнх нь хурц, хурц мэдэгдлүүдээр үргэлжилсэн билээ. Энэ бүгдийн эцэст ард түмэн тэднийг бус МАН-ыг сонгосон. Гэсэн хэдий ч АН-ынхан хашрах одоо ч гэсэн нөгөө л нэг мэдэгдэл, хурлаа хуралдуулахгүй байх гэсэн танил зургийг бидэнд толилуулж эхэллээ. Ойрын өдрүүдэд тэмцэл улам ширүүсэх нь тодорхой биз ээ.
АН-ын даргад өрсөлдөхөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан П.Цагаан ажлаа өгөөд байгаа нь зарим гишүүдэд таалагдаагүй нь мэдээж. Өөрөөр хэлбэл, сонгуулийн ялагдлын дараа намын залуус нэгдэж, шинэчлэлийн түр хороо байгуулсан. Гэсэн ч нөгөө л 25 жилийн өмнөх нөхөд залуустаа тийм ч амар байр сууриа тавьж өгөхийг хүсэхгүй байгаа аж. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Ирц бүрдүүлэх дээр ямар ч асуудал байхгүй. Өмнөх хурлын үргэлжлэл учраас ирсэн ирцээрээ хуралдаад шийдвэрээ олонхиороо гаргаад явах боломжтой. Өмнөх хурлын тухайд “УИХ-ын ээлжит бус чуулганаар татвар нэмэх, цалин тэтгэмж хасах гэх мэт олон нийтийн эрх ашиг хөндсөн, сэтгэл түгшээсэн асуудлыг хэлэлцэх нь. Тийм учраас ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулж байна” гэсэн нь тухайн үеийн шалтаг байсан байж магадгүй. Зарим хүний хүсч байгаа шийдвэрийг гаргах олонх бүрдэж байна уу, үгүй юү гэдэг дээр л маргаан байгаа. ҮЗХ-ны ирц бол асуудал биш. Хэн ямар шийдвэр хүсээд, тэр шийдвэрийг гаргах хэмжээний олонх бүрдэж байна уу, үгүй юү гэдэг дээр л ҮЗХ-г хуралдуулах уу, үгүй юү гэдэг шийдвэр гараад байгаа юм. Аль аль талдаа энэ ҮЗХ-ны шийдвэр чухал. АН шинэчлэгдэх үү, үзэл санааныхаа хувьд хаашаа харж, юу руу зорьж явах вэ. Сонгуулийн ялагдлаа, өөрсдийн алдаагаа ухаалгаар, эрүүл саруулаар тунгаан хэлэлцээд улс төрийн дараагийн зорилго, үйл хэргийн төлөө АН цул байж чадах уу, үгүй юү. Аль фракци, хэн эрх мэдэлтэй байх гэхчлэн хуучин, шинэ сорилтууд бидний өмнө байгаа. Ийм учраас аль аль нь яаран бас шийдвэр гаргахаасаа болгоомжилж байх шиг байна. Тэрнээс шалтгаалаад л ҮЗХ хуралдах, хуралдахгүй, хурлаараа юу шийдэх, шийдэхгүй вэ гэдэг дээр үл ойлголцол байгаа” хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр “Гэтэл энэ дөрвөн жилийн хугацаанд үүнийг засах боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь, бид юуг нь ч засч амжилгүй хэн нь дарга, хэн нь том бэ гэх дотоод зөрчил, хэрүүл тэмцлээсээ болоод боломжоо алдаад, дээр нь намаа үнэгүйдүүлээд буулаа. Манай, танай фракцийн хүн гэж ярихаас илүүтэй энэ хүн нь үнэт зүйлтэй юу, бодлоготой юу. Энэ намын үнэт зүйлийг гол тээгч нь мөн үү. Энэ хүн бидний улс төрд тавьж байгаа өндөр босгыг давж чадах уу гээд шинж чанар яриад, ийм шинж чанартай лидерүүдийг, улс төрийг урагш нь түлхье. Ийм шинж чанар байхгүй бол тэр хэсгийг нь хойш татъя. Татахгүй бол надтай цуг хойшоо суугаач гэж амбицаасаа татгалзаж чадах шинэ дүр, соёл л манай намд хэрэгтэй байна. Ингэж улс төрд шинэ түүх үлдээх, эерэг жишиг тогтоовол өөрчлөлт гарах л байх” хэмээжээ.
Тэгвэл АН-д тоормос гишгэж, амбицаа дарж чадах, намаа даргалчих лидер байхгүйгээс ийнхүү хурлаа хойшлуулаад байж ч мэдэх. Ямартай ч АН намын дарга хийх лидерийн хомсдолд орсон бололтой.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.