Л.НОМИН
Эрх баригчдаас лааз өшиглөтлөө навс уруудсан Ардчилсан намыг тойрсон дуулиан шуугиан энэ өдрүүдэд тасарсангүй. Өдөр алгасалгүй л тэдэнтэй холбоотой сайнаасаа саар мэдээлэл хөвөрсөөр. Ардын нам засаг аваад улс орон хямралын хамгийн доод цэгтээ хүрчээ гэж гайхснаас эхлүүлэн тоолж үзвэл одоо ч үргэлжлүүлж байгаа. “Тэд юу хийчихэв ээ…” гэсэн уулга алдалт, гайхшрал нэг хэсэгтээ л үргэлжлэх нь. АН шиг муучуулын цуглуулга үгүй гэсэн хар ПиАр-ын кампанит ажил Үндэсний зөвлөлдөх хорооны өнөөдөр товлод байсан хуралд зориулагдав уу гэлтэй.
Эв нэгдэлгүй дээрээ үндсэндээ нам нь сүйрч байгааг л мэдээлэх болсон нь цаана учиртай бас зорилготой бололтой.
Даргын төлөөх уралдаан
УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дараа намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн нь албан ёсоор дараагийн даргын тухай яриаг эхлүүлсэн. Түүнээс ч өмнө даргаа солих, өөрчлөх юмсан гэдэг нууц шивнэлдээн байсаар ч ирсэн. Сонгуулийн ялагдал улс төрийн том, хүчтэй өрсөлдөгч АН-ын дараагийн дарга хэн байх нь зохилтой олон таамгийг хөврүүлэв. 2000 оны ялагдлыг бодоход парламентад бүлэг байгуулах хэмжээний суудал хадгалж үлдсэн учир УИХ-ын гишүүн байх нь явж явж хамгийн оновчтой хувилбар болов.
Тиймдээ ч 2008-2012 онд УИХ дахь АН-ын гал тогоог хариуцаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбатад эрхийг шилжүүлсэн биз. Гэхдээ ҮЗХ-гоор хараахан батламжлаагүй. Энэ бол ҮЗХ хуралдах хамгийн гол шалтгаан. Албажаагүй даргын суудлыг мөрөөдсөн олон хүн байгаа нь энэ бүх муучлах кампанит ажилтай холбогдохгүй гэвэл харин ч гайхах зүйл. Хууччуулаар дарга тавьж яах юм, тэд л ялагдалд хүргэлээ гэдэг ойлголт, мессэжийг хоногшуулах тактик ид үргэлжилж байгаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа хүлээлгэн өгч П.Цагаан АН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн. Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “ҮЗХ-ны хурлаар намын дарга болох хүн Үндсэн дүрмийн шинэчлэл, намын шинэчлэлээ хийгээд арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа дараагийн даргадаа ажлаа өгөх ёстой. Намайг хэрэв үүнийг хий гэвэл чадна” гэж хэлсэн. Өөр нэг өрсөлдөгч бол УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр. Дараагийн дарга Л.Гантөмөр гээд өнгөрсөн хугацаанд хир халдаахгүй хамгаалж ирсэн гэдгийг АН-ын цөөнгүй гишүүн хэлдэг. Магадгүй өдийг болтол байр сууриа илэрхийлэхгүй яваад байгаа нь “ил цагаан зодоон”-ы цаанаас гэрэл цацруулан гарч ирэх төлөвлөгөөний нэг хэсэг ч байж болох. Шинэчлэл, шинэ хүмүүс хүсч байна гэдгийг орчуулж үзвэл хэний ч санаанд оромгүй хүн дарга болно гэсэн үг ч юм бил үү, хэн мэдлээ.
25 жилийн түүх бүтээж, эвлэж, эвдрэлцэж явсан АН тийм ч амар мөхөхгүй. Мөхөөх ч болоогүй. Уналтад орсон гэж харуулаад сэхээж гарч ирэхийг улс төрийн ПиАр гэж үзэх нь бий. Тодруулбал, АН дотроос ингэж үзэж байгаа нэг бус хүн байна. АН-ын дарга, Ерөнхий сайд байсан эрхмийн амнаас яг л ийм утгатай үг унасан. Тэрээр “Анхны ардчилагчдын нэг, АН-аас хоёр дахиа сонгогдсон Ерөнхийлөгч маань уугуул намаа эрх барих үед нь хэрхэн дэмжиж хамтарч ажиллав?
Ардчиллын төлөө хамтдаа зүтгэж байсан нөхдөө үндэслэлгүйгээр шоронд явуулж, намын нөхдөө хооронд нь талцуулж, хагаралдуулан сөрөг хүчний удирдагч нартай үгсэн хуйвалдаж, ардчилагчдын шинэчлэх өөрчлөх, бүтээн байгуулах, улс шиг улс болгох чин эрмэлзлийг тасалдуулж, намаа сонгуульд ялагдуулах бүхий л нөхцөл бололцоог бий болгосныг Монголын ардчилагчид бүгд харсан. Зорилгодоо хүрч намаа сэхээнд ортол нурааж тамласан хүн, эмчийн хувцас өмсөөд мэс засал хийж аварна гээд ороод ирнэ гэдэг юу л бол” гэж ярьсан.
АН-ын нэг бичигдээгүй дүрэм, онцлог ч гэж болохоор зүйл бол ҮЗХ-нд аль фракц олон суудалтай вэ түүнээс хамаарч шийдвэр гардаг. Гарах гарахдаа тэр өдрийн ирцээ хэн сайн бүрдүүлсэн нь хурлаа удирдаад явдаг жишигтэй. Хэдэнтээ хойшилсон ээлжит хурлын үргэлжлэлд ямар тактиктай оролцох фракцуудын тохиролцоо хурлын өмнөхөн шийдэгдэх нь мэдээж. Тэд хэл амаа олж, ойлголцож чадах болов уу.
Юун шинэчлэл наана чинь сонгууль боллоо
Шинэчлэл ярьж, хүсч лоозон барьж жагссан улстөрчдийн зорилго жинхэнээсээ шинэчлэл байдаггүй. Хэдэн ч удаа үүнийг баталгаажуулахыг харцгаасан. МАН, АН-д ч ялгаагүй элдэв хөдөлгөөн өрнүүлж, шинэчлэлийн дуу дуулж байгаа хэсэг огт өөр зорилго тээж явдаг нэг бус баримт бий. МАН-д бол албан тушаал, сандал суудлын төлөөх шинэчлэгчид тоо тоймшгүй. Өөр зорилгодоо хүрэхээр тэдний шинэчлэл дуусдаг жамтай. АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнүүдийн зорилго ч гэсэн анхнаасаа өөр байсан. Одоогийн шинэчлэгчид бол дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь үе үе цухалзах болов. АН-д хэний хүн, аль фракцийнх байх нь ил тод, нээлттэй байдаг. Тиймдээ ч шинэчлэлийн салхи хүсэх хэн нэгний хүмүүс, аль нэг фракцийн төлөөлөл болж харагдаад буй нь харамсалтай. Нэг онцлог нь бараг бүх фракцийн төлөөлөл нийлж шинэчлэл хүсч байгаа мэт харагдах. Тэгж харагдаж ч чадсан. Өнөөдөр нэг фракцийн төлөөлөл маргааш нь нөгөө талд дуу хоолойгоо өргөж явах нь нэгэнт гайхаад байхаар зүйл биш болж. Ямартай л шинэчлэл сэвэлзүүлэхийг хүсч буй хэд намын удирдлагуудаасаа ҮЗХ-ны хуралд квот олгооч гэж гуйхав.
Шинэчлэлийг ганц хоёр сардаа хийж амжихгүйгээс одоо анхаарлаа орон нутгийн сонгуульдаа хандуулах цаг иржээ. Магадгүй ҮЗХ дарга, генсекээ сонгочих юм бол алдсан нэр хүндийнхээ нэг хэсгийг олж авах сум, дүүргийн ИТХ-ын сонгуульдаа сэтгэл хоёрдолгүй ороход тус болох байх. Хэрэв гурван сонгууль дарааллан навс ялагдах юм бол АН-д шинэчлэл хийх хүсэл зориг улам ч оволзох бус уу. Тэгвэл яагаад заавал сонгуулийн өмнө дотроо толхилцох гээд байна вэ. 75-аар бууж өгөхгүй байх боломж байгаа. Хаяанд ирсэн сонгуулийг дорвитойхон удирдаад, оролцоод явахаас илүү чухал ажил энэ удаад үгүй баймаар. Ард түмэн АН-ынханд хүчтэй сөрөг хүчин байх боломжийг олгож, орон нутагтаа ядаж цэнхэртүүлэхийг хэн байг гэхэв.
Гэтэл анхаарал нэг л өөр зүгт хандаад байх шиг. Тэд одоо л нэг зүгт харж чадахгүй юм бол тос дотроосоо өтдөг гэж үглэж үлдэхээс хэтэрч чадахгүй. Нам чинь арай ч амь тасарчихдаа тулаагүй байна шүү, АН-ынхаан.
Эх сурвалж: www.assa.mn