Манай нийгэмд болж байгаа бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга гэхэд нэг их хол зөрөхгүй. Гэтэл иргэд яагаад ийм тайван амгалан байдаг байнаа гэмээр. Эдийн засаг хямарч иргэд бэлэн мөнгөний урсгалгүй болж, амандаа хийх хоол нь багасаж, үр хүүхдээ хоосон хонуулж байгаа дайны он жилүүдээс ч хатуу жил ирж. Өмсөх зүйх, эдлэх хэрэглэх, ая тухтай амьдрах бол дараагийн асуудал. Айл бүрт өртэй иргэн, өвчтэй иргэн, цэцэрлэггүй хүүхэд, сайн дурын цалингүй ажилтан, тэтгэвэрийн зээлтэй хөгшид, архичин, амьдрах орчин маш муу нөхцөл байдалтай шахуу амьдарсаар л байна. Агаар, утааны асуудлаас болоод уушигны хорт хавдар эрчимтэй нэмэгдэж, шинээр мэндэлж байгаа хүүхдүүд төрөлхийн өвчтэй төрж байгаа аймшигт үе. Дэлгүүр худалдааны төвүүдээр чанаргүй хүнсээр дүүрч идэж болохгүй гэсэн транс тосыг нь боов боорцогны үйлдвэрүүдэд бөөнөөр нь ашиглаж л байна. Бид харин идсээр л байна. Мэдсэн ч мэдээгүй мэт иднэ.
Хэн нэгэн гараад дэлгүүр ороход чанаргүй, баталгаагүй хүнсээр дүүрсэн байна. Гэдсээ дүүргэх гэж л иддэг мэт алийг ч хамаагүй авахаас өөр сонголтгүй. Мөн бид мөр бүтэн харагдах гэж худалдан авалт хийдэг “эрээн”-ий гэгдэх хувцас хэрэглэл нь химийн хорт бодис шингээсэн, шингээгээгүй гэх учир нь үл олдох мэдээлэл хөвөрсөөр. Иргэд зүгээр л энэ бүхэнд итгэхийг хүсдэггүй, өөртөө дарамт үүсгэн ойлгосоноос ойлгоогүй дүр эсгэсэн нь дээр санагддаг байх. Болохгүй байгаа амьдралын болж байгаа инээмсэглэсэн “ДҮР”.Тиймээс мэдсэн ч мэдээгүй мэтээр ойлгон “дүр эсгэдэг” байх нь. Гэхдээ үр минь үлдэх хорвоо гэдэгчлэн таны өнөөдрийн “үл мэдэх”-ийн дүр ирээдүйд хүүхэд тань хэрхэн нөлөөлөх бол.
Идсэн, уусан, өмссөн, зүүсэн, амьдарсан орчин гээд бүх л зүйл “худлаа” болоод байхад залуус нь шоуны гэгдэх амьдралд толгой мэдүүлэн архинд орж, хөгшчүүд нь тэтгэврийн зээлтэйгээр эмнэлгийн очер хүлээж, хүүхэд нялхас нь ужиг өвчнөөс салахаа больж, идэр насныхан нь банкны зээлэнд дарлуулж зүгээр л урсгалаараа өдөр хоногийг өнгөрүүлж байх шиг. Гэрэлтэй гэгээтэй хүсэл мөрөөдөл бол цаасан дээр л бууж үлдэж байх шиг. Олноороо солонгост ажиллах хүсэлдээ автан байгаа нь ойлгомжтой шалтгаантай.
Харин энэ бүхний эсрэг мал маллаж байгаа иргэд уламжлалт ардын ухаанаараа эрүүл хооллож, эрүүл агаарт амьдарч, эрүүл хувцаслаж /дээл, арьсан эдлэл/, эрүүл сэтгэж, өргүй өвчингүй амьдарч байгаа хэдхэн иргэн бий. Хагас дутуу хотжсон дээрх “дүр эсгэсэн” Монголын хамаг арын албыг үүрэн яваа хээгүй, хэнэггүй малчин Монгол. Тэднийг харсан хотын иргэд балиар заваанаар нь гайхаж өртэй байшингийн хлораминтай усандаа цадаж байхад уул усаа налан амьдарч байгаа иргэд тань танаас ухаантайдаа, танаас илүү эрдэмтэйдээ, танаас илүү сайхан амьдарч байгаадаа л хөдөө байгаа. Өртэй, өвчинтэй, стрэсстэй их хотын амьдралд дүр эсгэж байхаар эрүүл саруулаар сэтгэж хөдөө гарч мал маллаж амьдрах сонголт ч бас бий.
Б.Саран