Энэ оны хавраас эхлэн улаан бурхан өвчин дэгдэж, олон хүүхэд өвчилсөн. Сүүлийн үед улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан 18-аас 30 насны хүмүүсийг улаанбурханы вакцинжуулалтанд хамруулсан байна. Вакцинжуулалт энэ оны тавдугаар сарын 12-ноос эхлэн нийслэл, аймаг сумдын хэмжээнд болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлэлд дурдахдаа 3-р сарын өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд 1025 халууралт, тууралтат хам шинжийн 908 нь улаанбурхан өвчний сэжигтэй гэж оношилогдсон байна. Үүнээс 235 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Үүнээс дүгнэхэд халуурсан тохиолдол бүрийн 85-90 хувь нь улаанбурхан байх магадлалтай байна гэж тухайн үед мэргэжлийн эмч нар үзсэн байна. Бохир заваанаас үүдэлтэй энэхүү өвчин агаарын бохирдолтой орчинд эдгэрэлт удаан байдаг байна.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Бодлого зохицуулалт, хөгжлийн албаны дарга Б.Сувд хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөхдөө улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд Засгийн газраас 943,5 сая төгрөг гаргасан гэжээ. Энэхүү нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны 624,000 орчим залуучуудыг хамруулсан байна.
Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчин ямар дэгдэлт, вакцинжуулалттай байгаа талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга В.Байгалмаагаас саяхан тодруулахад “Өнөөдрийн байдлаар 624 мянган хүнийг улаанбурханы вакцинжуулалтанд хамруулсан. Нийтдээ вакцинжуулалтын ажил 88,1 хувьтай байгаа. Бид үлдсэн 70 гаруй мянган хүнийг вакцинжуулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна” гэж ярилаа. Одоогийн байдлаарМонгол улсын хэмжээнд 529 нэгжээр дамжуулан вакинжуулалтыг хийжээ.
Иргэн та одоог хүртэл улаанбурханы вакцинаа хийлгэж амжаагүй яваа бол харъяа дүүргийнхээ эмнэлэг рүү очиж, хийлгэх боломжтой юм байна. Та өмнө нь вакцин хийлгэж байсан, улаанбурхан тусч байснаас үл хамааран заавал вакцин хийлгэх шаардлагатайг тэрээр сануулсан.
Ялангуяа энэ хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцаж буй оюутан залуучууд улаанбурханы вакциныг заавал хийлгэх шаардлагатай юм. Оюутнуудын хувьд сургуулиараа дамжуулан, эсвэл харъяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт очиж, улаанбурханы вакцинжуулалтанд үнэ төлбөргүй хамрагдан, биеэ эрүүл саруул, өвчингүй авч явах боломж нээлттэй байна.
2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр | Улаанбаатар хот |
Дугаар 159
Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.1, 8.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах хариу арга хэмжээнд зориулан 948,3 (есөн зуун дөчин найман сая гурван зуун мянган) сая төгрөг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б. Болорт зөвшөөрсүгэй.
2. Улаанбурхан өвчний өвчлөл өндөр байгаа хүн ам буюу ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч, хугацаат цэргийн албан хаагч, байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагч, иргэдийг улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалтад бүрэн хамруулах арга хэмжээг зохион байгуулж, явц, үр дүнг тухай бүр Засгийн газарт танилцуулж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.