Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан билээ. Тэгвэл өнөөдөр чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. Өмнө нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж шийдсэн юм. Ерөнхийлөгч хориг тавихдаа “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч танилцлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаарлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах…” тухай заасан. Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно.
Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. Хоригийг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэсэн байсан.
Тэгвэл эрх баригчид Ерөнхийлөгчийн хоригийг тоосонгүй ээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж уг асуудлыг хэлэлцэх үед байр сууриа илэрхийлэхдээ “Цаашид бид хууль батлаад гарын үсэггүй, ёсчлоогүй юм явуулж байя. Тэр хуулийг та мөрдөж байгаарай гээд явуулж байя. Гарын үсэг, редакц хамаагүй алх цохисон бол хүчин төгөлдөр болно гэж та нар яриад байна аа даа. Энэ таван хуулийг ёсчлох сарын хугацаа байсан. Гэнэт нэг өдөр З.Энхболд чуулганыг завсарлуулчихсан. Хариуцлага асуух гээд байгаа юм бол З.Энхболдоос асуу. Тиймээс энэ хоригийг хүлээж авч болохгүй. Та нар шүүхийн шинэчлэл нэрээр Монголын шүүхийн системийг бүхэлд нь самарсан. Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой юм шүү.” гэсэн бол Д.Эрдэнэбат гишүүн “Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Ерөнхийлөгч хүний эрхийн асуудлаар олон төсөл өргөн барьдаг. Шилэн дансны тухай хуулийг өргөн барьж баталсан. Одоо та нар удахгүй шилэн дансны хуулийг оруулж ирээд “модон данс” болгох байх.” хэмээн хэлж байлаа.
Ямартай ч Ерөнхийлөгчийн хориг ийн буцаагдлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн