Comment.mn

Дэлхийн Монголчууд ба Панмонгол үзлийг булшлах ажиллагаа

Далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог Непал улсад өөрсдийгөө Чингисийн удмын үр сад хэмээн бахархдаг олон хүн байдаг гэдэг. Бүр бидэнтэй адилхан цагаан идээ, бас шимийн архи бэлтгэдэг айл өрхүүд ч Непалд байдаг тухай дуулж байлаа. Уншигч та санаж байгаа бол  дөрвөн жилийн өмнө УИХ-ын Тамгын газрын нэр бүхий эрхмүүд Непал  улсад айлчилж тэнд байгаа 12 сая монголчуудын төлөөлөлтэй уулзсан гэх мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл Непалд монголчууд байх учиргүй гэсэн байр сууриуд ч байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй биз. Непал дахь өөрсдийгөө монгол гэдэгт итгэсэн хүмүүс нь үнэн хэрэгтээ 10-30 мянган жилийн өмнө Бирм, Төвдөөс Непалд нүүдэллэн ирсэн төвд-бирм хэлт Гурк, Таман, Райс зэрэг ази төрхт ард түмэн гэх. Тэдний төвд-бирм хэл нь монгол хэлтэй ямар ч холбоогүй, харин хятад гэх мэт хэлтэй илүү төстэй. Ерөөс түүхээс үзвэл төвд-бирм хэлтнүүд энэтхэг-европ хэлт ард түмнээс түрүүлж тус нутагт суурьшсан тул тэднийг Непалын  уугуул ард түмэн гэдэг хэмээн  H.Цог-Оршихбат эрхэм бичсэн байна лээ. Түүнчлэн хожим Энэтхэгээс нүүж ирсэн энэтхэг-европ гаралт хүмүүс олонх болж Непалын улс төр, соёл, эдийн засагт өөрийн давамгайллыг тогтоож чадсан. Үүнээс үүдэн Непалын уугуул ази төрхт ард түмнүүд гадуурхагдаж ирсэн. Гэхдээ тэд зүгээр суусангүй. Непалын ази хүмүүс өөрсдийг нь гадуурхаж байгааг эсэргүүцэж улс төрийн хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд тэдгээр хөдөлгөөнүүдийн нэг нь Монгол Үндэсний байгууллага гэх нам болсон хэмээн өгүүлжээ. Чухам яагаад өөрсдийгөө “монгол” гэж нэрлэх болов? гэхээр Америкийн судлаач С.Ж.Хангэний бичсэнээр Непалын азичуудыг эгнээндээ багтаасан энэ намын нэр нь ямар нэг үндэстнийг бус, харин Непалын “монголойд арьстан” гэгдэх ази хүмүүсийг төлөөлөн илэрхийлсэн нэршил гэнэ. Тэд Төв Азийн монгол үндэстэнтэй угсаа гарвалаар ямар ч холбоогүй хэмээн өгүүлсэн байх юм.

 H.Цог-Оршихбат эрхэм Непалчуудын тухай ийнхүү бичсэн нь учиртай. Тэрээр  “Дэлхийн монголчуудыг нэгтгэе”, “тэднийг эх оронд нь дуудъя” гэх сэтгэл хөдлөм гоё уриан дор монгол үндэстний зуун зууны мөрөөдөл, хүсэл зорилгыг булшлах ажил эхэллээ хэмээн үзэж буй аж. Үргэлжлүүлэн өгүүлбэл, “…20 дугаар зууны эхэнд, Орос, Манж Чин гүрний эрхшээлд байсан монгол үндэстэн өөрийн төр улсаа байгуулж, эрх чөлөөгөө олж авах хүслийн илэрхийлэл болсон нэгэн агуу үзэл анх мэндэлсэн юм. Энэ бол 20 дугаар зууны алдарт “панмонгол үзэл” байлаа. 1911 оны монголчуудын тусгаар тогтнолын тэмцэл нь эхэндээ Манж Чин, Орос гүрний харъяанд, дараа нь Богд хаант Монгол, Дундад, Орос гурван улсад хуваагдаж тусгаарлагдсан “цус, хэл, соёл, шашин нэг” эртний түүхт монгол үндэстнийг нэгтгэх агуу үйл хэрэг байсан юм. Панмонголизм нь монголчуудын хувьд үнэхээр “ариун үзэл” байсан. Энэ ариун үзэл 20 дугаар зууны туршид Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй байсан ах дүүсээ түүхэн газар нутагтай нь чөлөөлөн авч нэгтгэх монголчуудын зорилгод л үйлчилж байлаа. Харин, харийн их гүрнүүд монголчуудын энэ ариун үзлийг бөхөөхийг оролдож иржээ.

Өнөөгийн дэлхийн монголчуудыг дуудах суртал ухуулга нь панмонгол үзлээс их ондоо ажээ. Энэ суртал ухуулгад Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй ядарч, уусан устаж байгаа ах дүүсээ аврах нөгөөх ариун зорилго огт байдаггүй. Харин үүний оронд дэлхийн хаа нэг мухраас “монгол” хүмүүсийг илрүүлэн, тэднийг Монголд суурьшуулъя гэж хүчтэй суртал ухуулга явуулах ажээ. Энэ ажилд гадныхан, тэр тусмаа харийн шашныхан оролцож байна. Энэ үед хаанаас санхүүждэг нь мэдэгдэхгүй байгууллага, хүмүүс гэнэт гарч ирж дэлхийн энэ тив, тэр хэсэгт монгол хүмүүс байна, ингэхдээ бүр олон саяараа байдаг юм байна, бид чинь олуулаа юм байна, тэднийгээ Монголдоо суурьшуулах юмсан гэж идэвхитэй ухуулах болов. Саяхан шинээр байгуулагдсан нэг улс төрийн нам бид дэлхийн монголчуудынхаа төлөө Монголын засгийн эрхийг авмаар байна гэх маягийн ухуулга хийж байна.

Гэтэл энэ ухуулгын ажилд Монголын төр засгийн өндөр албаны хүмүүс ч гүн гүнзгий оролцож эхэлсэн нь гайхалтай…” хэмээгээд эхэнд өгүүлсэнчлэн УИХ-ын Тамгын газрын өндөр албаны хүмүүсийн Непал улсад айлчилсан тухай хөнджээ. Манай төлөөлөгчдийг Непалын 12 сая монголчуудын төлөөлөл гэх хүмүүс хүлээж авч уулзсан гэнэ. Гэхдээ тэдгээр нь үнэхээр монголчуудын нэг хэсэг үү гэдэгт үл итгэж буйгаа, тодорхой үндэслэлүүд тулгуурлан илэрхийлжээ. Түүний үзэж буйгаар “..Энэ мэтээр хаа газрын ази төрхтэй хүмүүсийг монголчууд юм байна, монголд суурьшуулъя, газар өгье гэх суртал ухуулга хүчтэй тархаж байна. Энэ суртал ухуулга нь яваандаа монгол гэж “хэл, соёл, шашин, цус нэгт үндэстэн байдаггүй юм байна” гэсэн ойлголтыг тархааж, монгол үндэстний хувь заяаг тун аюултай байдал руу хөтөлж буй. Суртал ухуулга түүхийг урдаа барихыг оролдож байна. Гэтэл тэдгээр ухуулгад түүхийн шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоо байхгүй ажээ. Сайн яривал, Афганистаны хазара гэгдэх үндэстэн монгол гаралтай эсэх нь түүх, угсаатны зүйн шинжлэх ухааны шалгуураар нотлогдоогүй юм шүү дээ. Хазара нарын тоо 10 гаруй сая гэдэг. Тэд Монгол Улсын нийт хүн амаас 3 дахин олон ажээ. Хазара нар монгол байж магадгүй гэх таамаг байдаг боловч тэд Афганы уугуул ард түмэн. Харин XIII зуунд монголчуудад эзлэгдэн дарлагдаж байсны ул мөр тэдний дунд гүнзгий үлдсэн гэх үзэл бас их түгээмэл юм. Афганистаны бусад үндэстнүүд өөрсдийг нь монгол гэж хэлэхэд хазара нар их эмзэглэдэг аж гэсэн байна.

Ерөнхийдөө дэлхийн монголчууд хэмээн хаа сайгүй байгаа сая сая иргэдийг монголчуудад хамаатуулсан ухуулгууд нь XIII зууны монголчуудын хүн ам зүйн түүхэн баримт, нотолгоотой ихэвчлэн холбоогүй зохиомол байдаг. Сурвалж баримтыг үндэслэвэл XIII зууны байлдан дагууллынхаа үед монголчууд хүн ам цөөтэй байснаас үүдэн монгол цэрэг дайснаасаа тооны хувьд үлэмж цөөн байжээ. Жишээ нь, Чингис хаан Дундад Азийг эзлэхдээ 20 орчим сая хүнтэй улсуудын эсрэг хамгийн ихдээ 100-150 мянган цэрэгтэй мордсон гэж үздэг. Их хаан дайнаа дуусган эх нутагтаа буцаж ирэхэд цэргүүд нь түүнийг дагаж ирсэн байна. Чингис хааны жанжнууд ч олон цэрэгтэй байгаагүй. Жишээ нь, Сүбээдэй баатар 20 мянга цэрэгтэйгээр Европыг хөндлөн гулд туулсан байдаг.

Дээр нь хүн амын тоог тооцоход XIII зууны байлдан дагууллын үед монголчуудын тоо хорогдож, цэрэг ард маш олноор үхэж үрэгдсэнийг тооцох ёстой билээ. Жишээ нь, Израйлын түүхч Р.Амитай-Прейссийн судалснаар 1260 онд Сирийн нутаг Айн Жалудад 10 орчим мянган монгол цэрэг хүч давуу мамлюкүүдтэй тулалдаж ялагдахад ихэнх нь амьд гараагүй ба эхнэр хүүхдүүд нь дайсанд олзлогджээ. Энэ мэтээр том жижиг тулалдаанд монголчууд олноор үрэгдэж байлаа. Ер нь эзэлсэн газрууддаа монголчууд олноор суурьшсан гэх нотолгоо байхгүй ба харин монголчуудын ноёрхол Хятад, Иран зэрэг газар унах үед нутгийнхан цөөхөн монголчуудад өршөөлгүй хандаж байжээ. Тиймээс монголчуудын эзэлсэн, эсвэл бүр очоогүй улсуудад олон сая монголчуудын үр удам байна гэдэг нь ихэнхдээ зохиомол юм. Монголчууд эзэлж захирсан нутагтаа үргэлж цөөнх болж байлаа. Монголчууд хятадууд, эсвэл европын колоничлогчид шиг бусдын газар нутагт сая саяараа, хэдэн зуун мянгаараа давалгаалан сууршиж хүнийхээ тоогоор эзэлж байсангүй. Өнөөгийн Дундад Азид буй монгол царай зүстэй хүмүүсийг XIII зууны монголчуудтай холбох асуудалд ч маш болгоомжтой хандаж, зарим талаар залруулга хийх ёстой юм. Учир нь эртний Дундад Азийн хүн ам монголчуудын байлдан дагууллаас 1500 жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед ази төрхтэй хүмүүстэй холилдож ази царайтай болсон гэдэг нь Алтайн Пазырыкийн үед хамаарах антропологийн судалгаагаар нэгэнт нотлогдож байгаа билээ. Иймд дундад азичууд онигор нүд, хавтгай царайтай болсон бурууг монголчууд үүрэх ёсгүй юм” хэмээснээс үзэхэд ч тэр бидний тухайд дэлхийн монголчууд хэмээх ойлголтод хаа, хаанаа ул суурьтай хандах учиртай аж.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.