Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдрийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Энэ өдөр бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж илт давуу ялалт байгуулсан боловч эцсийн мөчид Узбекистаны бөхөд ялалт өгсөн нь Монголын тамирчид дасгалжуулагчид болоод дэлхий нийтийг гайхшрууллаа.
Ийнхүү Г.Мандахнарангийн ялагдалд манай дасгалжуулагчид эсэргүүцлээ илэрхийлж дэвжээн дээр гарч хувцасаа тайлж шидэн шүүгчдийн шийдвэрийг эрс эсэргүүцсэн юм.
Харин чөлөөт бөхийн барилдааны дүрмийн “Article”-48 дугаар заалтын “С” хэсэгт зааснаар “Аль ч үе дуусхад 30 секундээс бага хугацаа үлдсэн үед аль нэг тамирчин хамгаалах тоглолт хийснийг талбайн гурван шүүгч бүгд дэмжсэн бол нөгөө тоглогчид нэг оноо өгөх боломжтой. Гэхдээ үүнийг давж заалдан шүүхдэж болно” хэмээн тусгасан байдаг юм байна.
Энэхүү үйл явдал дэлхий нийтийн анхаарлын төв байгаа бөгөөд гадны хэвлэлүүд ийнхүү онцолж байна.
– Yahoo news, usatoday.com, time.com, latimes.com зэрэг сайтуудад “Монголын багийн дасгалжуулагчид хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ” гэсэн гарчигтай мэдээллүүд гарчээ.
– Лос Анжелес Таймст бичсэнээр “Монголын багийн дасгалжуулагчид шүүгчдийн өмнө хувцсаа тайчин, дотуур өмднөөс өөр зүйлгүй үлдлээ. Дасгалжуулагчдын нэг Б.Баяраа “Бид эсэргүүцлээ илэрхийллээ. Шүүлтэд асуудал байна. Гурван сая Монголчууд энэ хүрэл медалийг хүлээж байлаа, харин одоо медаль байхгүй… Цэнгэлдэх даяар биднийг дэмжиж байсан” гэжээ.
– Ройтерс агентлаг “…Барилдааныг 7:6-ын харьцаагаар тэргүүлж байсан Г.Мандахнаран сүүлийн 18 секундийн турш өрсөлдөгчөө тойрч гүйн, оноогоо хамгаалсан учраас торгуулийн оноогоор ялагдсан юм” гэж бичсэн байна.
– Yahoo news “Риогийн олимп туг барьсан нүцгэн Тонга залуугаар нээлтээ хийж, уурлаж нүцгэлсэн хоёр монгол дасгалжуулагчаар төгсөж байна” хэмээн онцолжээ.