Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах үүргээ гүйцэтгэх явцад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08, 4/14 дүгээр тогтоол, Замын хөдөлгөөний дүрмийн 2.4 дүгээр заалт нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа талаар удаа дараа гомдол ирээд байгаа юм. Иймд ШӨХТГ-с Харуул хамгаалалтын компаниудын төлөөлөл, Замын цагдаагийн газар, ЦЕГ–ын Лицензийн төвийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Тус хэлэлцүүлэгт ШӨХТГ-н дарга Д.Мөнхтөр, ЦЕГ–ын харьяа лицензийн төвийн мэргэжилтэн хошууч Х.Баяржаргал, Замын цагдаагийн газар-н хошууч А.Гомбосүрэн болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг харуул хамгаалалтын компаниудын төлөөлөл оролцсон юм.
ЦЕГ–ын харьяа лицензийн төвийн мэргэжилтэн хошууч Х.Баяржаргал “Тусгай дуут дохиог манайхаас зөвшөөрлийг олгодог. Гэрээт харуулт хамгаалалтын байгууллага дээр бол шар өнгийн гэрэл дохио олгодог юм. Энэ нь замын хөдөлгөөний давуу эрх эдэлдэггүй. Тийм болохоороо торгуулийн хуудсыг ихээр авч байгаа байх. Бусад газрууд хурд хэтрүүлсэн гэдгээрээ торгууль бичүүлдэг. Харин манайхаас зөвхөн тусгай дуут дохионы зөвшөөрлийг л ганцхан олгодог. Гэтэл манайх руу нэгдүгээр эгнээг зөрчсөн гээд торгуулийн хуудас ирээд байна гэсэн гомдол ирээд байгаа. Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү бид тусгай дуут дохионы зөвшөөрөл авсан байгууллага нэгдүгээр эгнээнд зайлшгүй зогсохгүй шаардлагатай тул торгууль явуулахгүй байна уу гэсэн албан тоот явуулдаг. Ингэж явуулсан тохиолдолд торгууль бичих нь гайгүй байх шиг байгаа юм. Тэрнээс биш Нийслэлийн засаг даргын 2012 оны А/724 дүгээр захирамжинд зөвхөн Энхтайвны өргөн чөлөөгөөр стандарын шаадлага хангасан такси, нийтийн тээвэр, тролейбус, хүүхэд тээвэрлэх автобус зорчино гээд заачихсан. Өөр тээврийн хэрэгсэл заагдаагүй болохоор бид энэ тээврийн хэрэгслийг явуулна, явуулахгүй гэдгийг шийдэх ямар ч боломж байхгүй.
Хууль зүйн сайдын 2013 оны А/121 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэж журам”-д шар өнгийн гэрэл дохио хэрэглэнэ гээд заачихсан байгаа. Үүн дээр заагдсан мөртлөө журам, стандарт заасан тээврийн хэрэгсэлдээ зөвшөөрөл авдаг” гэлээ.
Мөн Хамгаалалтын албаны захирал н.Эрдэнэ “Дуудлаганд очоод обьект шалгаад гараад ирэхэд машиныг ачаад явчихсан байдаг. Тэгээд журмын хашаан дээр очоод учраа хэлэхээр “Та нар зогсох газраа зогсоогүй. Тийм учраас ачлаа” гэдэг. Албаны машин дуудлагатай яваад шалгалт хийсэн гэж хэлсээр байхад ачаад байдаг. Ачилтын компани ачиж л орлогоо олж байвал болоо гэсэн хандлагаар ханддаг. Харуул, хамгаалалтынхан лицензийн төвөөс зөвшөөрлөө авч байгаа. Гэтэл зүгээр энгийн 570, 200, 470-ууд улаан, цэнхэр маяк хийчихсэн явдаг. Шөнө дуудлаганд явж байхад зогс гэдэг. Тэгээд зогсоогоод элдэв үгээр хэлж байгаад давхиад явчихдаг. Сүүлийн үед шөнө орой явахад хэцүү болсон. Чанга яригчаараа зогс гээд л заналхийлдэг. Машины дугаараар нь шалгуулахаар олддоггүй, байдаггүй. Лицензийн төвд сануулж хэлэхэд энэ олон маяктай машины зөвшөөрлийг яаж олгодог юм. Харин биднийг чанга яригчаар дуугарах л юм бол цагдаа ирээд хамаг юм хураагаад аваад явчихдаг. Үүнээс болж жолооч, хамгаалагч нар маякны төлбөрт орчихдог асуудал дуусахгүй байна. Бид нөгөө дуудлага авсан газраа хоёр, гуравдугаар эгнээ рүү орж гарсаар түгжирч явсаар цаг алдаад очиход “хэдийнээ хулгай нь орчихсон. Нус нулимсандаа холилдсон түгээгч, худалдагч нар л үлддэг” болоод байна. Эцсийн эцэст гэрээтээр ажиллаж байгаа дохиолол хамгаалалтын алба нь буруутан болж, бөөн төлбөрт унадаг. Одоо шар маяктай, нэгдүгээр эгнээгээр зорчих эрхийг л олгох хэрэгтэй байна” гэж өөрийн зовлон бэрхшээлээ хуваалцсан юм.
Хас хамгаалалтын албаны тусгай тээвэрлэлийн албаны дарга “Миний хариуцсан ажил мөнгөний тээвэрлэлт. Маш их хэмжээний мөнгөтэй явдаг. Нэгдүгээр эгнээгээр явах эрхгүй болохоор өдөржингөө түгжрэлээр яваад замын хөдөлгөөний ачаалал ихтэй үед банк хаахаас өмнө амждаггүй. Амжихын тулд эгнээгээс эгнээ рүү шилжиж холхидог. Манай нэг жолоочийн торгуулийн хэмжээ сая төгрөг давчихсан байгаа. Үүнийг байгууллага төлөх хэцүү, жолоочоо төл гэж хохироох хэцүү байдалд орчихсон. Энэ асуудлыг шийдэж өгөөч гээд олон бичиг цаас нааш цаашаа явуулсан. Гэтэл биднийг ингэж явахад дээрээ такси гэсэн бичигтэй машинууд нэгдүгээр эгнээнд давхиж л явдаг. Шар маяктай машин нэгдүгээр эгнээнд явах ёсгүй юм бол хууль дүрэмдээ өөрчлөлт оруулмаар байна. Гэрээт харуулалт хамгаалалтын газар гэдэг чинь бүх эрсдлийг гэрээнийхээ дагуу дааж ажилладаг. Тухайлбал, очиж амжаагүй бол бүгдийг төлөх хэрэгтэй болдог” гэсэн юм.
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Энэ асуудал бол зөвхөн хамгаалалтын компаниудын асуудал биш. Цаана нь байгаа хүмүүсийн эд хөрөнгө, амь насны асуудал. Харуул хамгаалалтын компани бол нэгдүгээр эгнээтэй холбоотой санхүүгийн хэд хэдэн асуудал сөхөгдөж байна. Бүх компаниуд НӨАТ төлж байгаа, суутгал төлнө, нийгмийн, эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа. Мөн нэгдүгээр эгнээний торгууль төлнө, харилцагчаасаа мөнгө авдаг. Тэгэхээр ажлаа муу гүйцэтгэх буюу дуудлага өгөхөд түргэн шуурхай очиж чадаагүй бол авах ёстой төлбөрөө дутуу авдаг байх нь. Энэ ажил чинь буяны ажил болоод хувирдаг юм байна. Тиймээс бид энэ асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй байгаа нь харагдлаа.
Харуул хамгаалалтын шуурхай бүлгийн машин нэгдүгээр эгнээгээр явахгүй, дуут дохио ашиглаж болохгүй, хурдны хязгаарлалттай, гэрэл нь хуулинд заасан гэрэл биш замын засварт хэрэглэдэг гэрэл болохоор машин ч зам тавьж өгдөггүй чадамжгүй юм байна. Тэгэхээр ийм чадамжгүй машинтай ажил гүйцэтгэнэ гэдэг тун хэцүү. Энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстэй нийлж цаашдаа шийдэлд хүргэхийн тулд идэвхитэй хамтран ажиллая” гэлээ.
Ийнхүү хоёр цаг үргэлжилсэн хэлэлцүүлгийн дараа Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хууль зүйн сайд, НИТХ, Стандартад хэмжил зүйн газар, Замын цагдаагийн газар, ЦЕГ-ын харьяа лицензийн төвд холбогдох албан шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлэхээр боллоо.
Мөн харуул, хамгаалалтын компаниуд өөрсдийн зовлон, бэрхшээлээ баримтжуулан дээрх газруудад явуулах шийдэлд хүрсэн юм.