Comment.mn

“Монголчууд” түүхэн цувралын шинэ ботийн нээлт болно

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” түүхэн цувралын шинэ боть тун удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.

Уг цувралын зорилго бол монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас аваад өнөөг хүртлэх түүхийг зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох явдал бөгөөд ингэхдээ нэгэн хэвийн түүх бичлэгээс татгалзаж, хэн ч уншсан ойлгомжтой энгийн байлгах явдал ажээ.

Цувралын эхний 3 боть хэвлэгдэн гараад багагүй хугацаа өнгөрөөд байна. Эдгээр ботиудад 1600-1959 оны хоорондох үйл явдлуудыг өгүүлсэн бол шинээр хэвлэгдэн гарах IV ботидоо XII-XVII зуун буюу ханлиг аймгуудаас дэлхий талыг эзэлсэн эзэнт гүрэн болсон үйл явц, улмаар энэхүү эзэнт гүрэн хуваагдан салж, бууран доройтсон 500 гаруй жилийн түүхийг хамруулжээ.

Энэхүү XII-XVII зууны түүхийг өгүүлэх дөрөвдүгээр боть нь “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” хэмээх нэртэйгээр гарч буй бөгөөд номын нээлтийг 2016/08/18-ны 16 цагт Shangri La Mall-ын 3 давхарт Интерном номын дэлгүүрийн шинэ салбарын нээлттэй хамтатган хийхээр товоо зарлалаа.

Дөрөвдүгээр боть мөн өмнөх ботиуд хийгээд цувралын онцлогоо хадгалан түүхэн зургуудийг түлхүү ашигласан бөгөөд нийтдээ 1000 орчим түүхэн болон сэргээн зурсан зураг оржээ. 

Номын зохиогчдын багийн хувьд ШУА-ын Түүхийн хүрээлэн, МУИС-ийн тухайн цаг үеэр судалгаа хийдэг судлаачдаас бүрдсэн байна. Нээлтийн үеэр Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцож буй эрдэмтэдийн төлөөлөл хүрэлцэн ирж тухайн түүхэн цаг үеийн тухай хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн Интерном номын дэлгүүрийн шинэ салбарын нээлтэнд зориулсан олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.