Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын удирдаж байгаа кабинетын нөхдүүд эдийн засгийг дөмөгхөн шиг болгох арга саамыг эрээд эрээд Олон улсын валютын сангаас тусламж авахаас өөр гарц олохгүй байгаа аж.
Тиймээс ч өнөөдөр Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монголд буух гэж байна. Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засаг үнэлэлт дүгнэлт өгдөг тэр жишгээр нөхцөл байдлаа үнэлүүлэх манай төр засгийнхан “Стэнд бай” хөтөлбөрийг дахин Монголд хэрэгжүүлээч ээ гэсэн гуйлга гуйж таарах нь. Ер нь бол бид хямралтай хэцүү байсан он жилүүдэд уг хөтөлбөрийн дэмээр даваад гарч байсан түүх бий. Гэхдээ… Бодит хэрэг дээрээ бол ОУВС-гаас ядуу, буурай орнуудад зориулан гаргадаг зээлийн нэг төрөл нь “Стэнд бай” буюу заавал мөрдөх санхүүгийн нөхцөлтэй хөтөлбөр гэдгийг хаа хаанаа мэддэг байх хэрэгтэй.Эдийн засаг нь дампуурсан, дампуурахад тун ойртсон орнуудад богино хугацааны, санхүүгийн өндөр шаардлагатай зээл өгдөг бөгөөд тухайн улсын төрийн бодлого, халамж үйлчилгээ, банк, санхүү, эдийн засаг бүхэлдээ тус сангийн хяналтад, тэдний хараанд ордог. Өөрсдийн санаа бодлогоор хэрэгжүүлэх юм гэж байхаа болино. Нэг иймэрхүү л зам руу бид орох гээд яг хажууд нь ирчихээд хараад хэсэгхэн азнаж байгаа харагдаж байна.
Ер нь бол өнгөрсөн жилийн өдийд гэхэд манайх “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаар ид яригдаж байсан, Дэлхийн банк манай улсад дахиад энэ хөтөлбөр хэрэгжих нь зөв гэж үзэж байгаа гэгдэж байсан билээ. Ц.Нямдорж гишүүн тухайн үед хэлэхдээ “Стэнд бай” гэдэг чинь эдийн засаг нь хүндэрсэн орнууд авч хэрэгжүүлдэг төсөл. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Монгол Улсад ирнэ гэдэг чинь энэ харилцаа дахин сэргэх нөхцөл үүсч байна уу даа л гэж харж байна. Хоёр хувилбар байгаа. Нэг нь манайхны яриад байгаа өрийн таацыг байхгүй болгоод ДНБ-ээсээ давсан өр тавиад, түүнийгээ төлж чадахгүй бол улсынхаа тодорхой нутаг дэвсгэрийг зарж худалдах нэг арга бий. Нөгөө нэг арга нь энэ хөтөлбөрт хамрагдаад тодорхой хэмжээнд санхүүгийн эрх чөлөөний хязгаарлалтад орж хүндрэлээс гарах юм. Засгийн газар чухам аль замаар нь явна гэж үзээд байгаа юм, бүү мэд. Өнөөдөр Засгийн газар нь энэ хөтөлбөрт хамрагдаж болно гэсэн юм ярьж байхад Монголбанкны Ерөнхийлөгч нь болохгүй гэж байна лээ. Ямар ч байсан Дэлхийн банкны гүйцэтгэх захирлынх нь уулзалт юу болж таарах нь уу тэрийг нь харъя.
-Яахав нэг талаасаа энэ хөтөлбөрт хамрагдсанаар өөрөө шийдвэр гаргах нөхцөл боломж хүнд байдаг ч гэсэн хүнд савлагаа үүсэхээс бүсээ чангалж гардаг эд. 2012 оноос хойш эдийн засаг хүндэрлээ гэдгийг байнга л сануулж ирсэн. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг ардын үг байдаг юм л даа. Манайхан сэгсэрдэг юм хийж хоёр гурван жил яваад өнөөдөр бид эмээл нь хүндэдсэн морин дээр суух тал руугаа явж байна. Харамсалтай байна.” хэмээн хэлж байв. Тэгэхээр харамсалтай ч гэсэн бүсээ чангалаад ард нь гарахаас өөр сонголт бидний өмнө алга байгаа харагдана. Монголд ирэх дөрвөн жил МАН биш ОУВС засаглах уу гэсэн асуулт яах аргагүй дагаад тавигдаж л байна.
Эх сурвалж: Шуурхай.мн