Өмнөх засгийн үед хэрэгжүүлж эхэлсэн “Сайн”хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэрийг засгаас гаргаад байгаа. “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрүүд нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа гэж засгийн нөхдүүд үзсэн. Мөн Сангийн сайд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг мэдэгдэж, тодорхой тоон мэдээллүүдийг олонд дуулгасан. Тэгвэл өмнөх засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж, “Сайн” хөтөлбөрүүдийг үйлдсэн АН-ынхан өөрсдийн байр сууриа илэрхийлж дуугарлаа.
Хотын дарга асан Э.Бат-Үүл хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд гарч байгаагүй үйл явдал боллоо. Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр нь нийлээд илт гүтгэн гуйвуулах замаар Монгол Улсын эдийн засгийг хоёр хоногийн дотор “үгүй” хийлээ. Та бүхэн харж байгаа байх Монгол Улсын зээлжих зэрэглэл навсайтал уналаа. Ардчилсан намыг муу ажилласан гэж гүтгэхийн тулд улс орноо золиосонд гаргадаг ийм төр засгийг би урьд нь үзээгүй юм байна. Монголбанкны ерөнхийлөгч эдийн засгийн ямар ч боловсролгүй хүн байна. Дэлхий дахинд валютын нөөцийг хасах руу оруулж зарлаж байдаг. Валютын нөөц хасах болно гэж байдаггүй юм. Дээр нь Сангийн сайд 25,6 тэрбум ам.долларын өртэй байна гэлээ. Төр засагт тийм өр байхгүй. Манай өр бол ДНБ-ийг гурав хуваасны нэгтэй тэнцдэг. Тэгж ярих юм бол ДНБ-ээс 200 хувиар давсан өртэй улс орон байдаг шүү дээ” хэмээсэн юм. Мөн тэрээр “Сайн” хөтөлбөрүүдийг тэр дундаа “Сайн хашаа” хөтөлбөрийг зогсоож, эдийн засгийг утгагүй болгосонд бухимдаж байгаагаа илэрхийллээ. “Би Улаанбаатар хотын захирагч хийж байхдаа ард иргэд рүү хөрөнгийн их урсгалыг чиглүүлж ажилсан. Тухайлбал газар өмчлүүлсэн, хашаагаа орон сууц болгох гэх мэт. Гэтэл МАН-ынхан гарч ирээд хөрөнгийн их урсгалыг өөрдөө авах гэж байна. Төсвийн бүх хөрөнгө, бүх нөөцийг өөрсдийн бизнес болгох ажиллагааг 1992, 2000 онуудад хийж байсан. Одоо дахиад төрөөр бизнес хийж эхэллээ. Тиймээс Баяртсайхан, Чойжилсүрэн нарыг алдаагаа засахыг шаардах хэрэгтэй. “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй” гэсэн бол Ардчилсан намын дарга асан З.Энхболд хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ “Сангийн сайд, Ерөнхий сайд нар удаа дараалан хариуцлагагүй мэдэгдэл хийж Монгол Улсын эдийн засгийг хямралд орууллаа. Үүнээс улбаалсан хор уршиг их гарч байгаа учраас Ардчилсан нам мэдээлэл хийхээс өөр аргагүйд хүрлээ. Одоогийн санхүүгийн хүндрэл улс орныг өрөнд оруулчихлаа гэдэг бол шинэ зүйл биш. Сонгуулийн өмнө биднийг гүжирдэж ярьж байсныг баримтаар нотолж дэлгэн харуулж байсан. Энгийн жишээ гэвэл улсын төсвийн алдагдал оны эцэст 5 их наяд төгрөгт хүрнэ гэж ярьсан. Манай улсын төсвийн нийт орлого 7 их наяд шүү дээ. Тэгэхээр улсын төсвийн орлого 70 хувиар тасарна гэж тооцоолж байгаа бол энэ улсад татвар төлдөг байгууллага нэг ч үлдэхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэзээ ч байгаагүй, хэзээ ч болохгүй зүйлийг төсөөлөөд яриад байна. Харин улсын төсөвтэй хамааралгүй явж байсан “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоолоо. Түүнчлэн засч залруулах аргагүй хүнд нөхцөл байдал руу шинэ Сангийн сайд, шинэ Ерөнхий сайд нар орууллаа. Манай улсын төсвийн алдагдал бол 1 их наяд төгрөг байдаг. Энэ хэмжээгээр сүүлийн хэдэн жил явж байгаа цаашид ч энэ хэмжээгээр явах болно. Ингэснээр олон улсын тавцанд Монголын нэр хүндийг унагаалаа. Монголбанкны Ерөнхийлөгч ажлаа өгөхөд дансанд нь 1,3 тэрбум ам.доллар үлдсэн байдаг. Өдөр бүр сая сая доллараар интервенц хийгээд байгаа нь тэр 1,3 тэрбум ам.доллараас хийгдэж байгаа юм. Гэтэл Н.Баяртсайхан томилогдохдоо УИХ-ын чуулган дээр -400 сая ам.долларын нөөцтэй байна гэж хэлснээс болоод валютын ханш 150 төгрөгөөр өслөө. Үүнээс болж нийт Монголчууд хохирч байна… Улсын төсөв гэдэг бол нэг өөр зүйл. “Сайн хашаа”, “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа” гэдэг бол бас нэг өөр зүйл. Яагаад гэвэл улсын төсөвт хамааралгүй явж байсан ажлыг хамаатуулж улс төрийн зорилгоор зогсоолоо.” хэмээн мэдэгдлээ.