Хууль зөрчиж санхүүжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоолоо
Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа учир “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоохоор болов.
“Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчин хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрт 596 тэрбум төгрөг зарцуулжээ.
Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2016 оны улсын төсвийн тодотголд хуульд нийцүүлэн тусгахаар танилцуулахыг Сангийн сайд, БСШУС-ын сайдад даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.
Мальта, Хорват Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино.
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр дипломат болон албан паспорт эзэмшигч хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой болж байна.
Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн малчид эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа. Сүүлийн жилүүдэд малчнаар ажиллах иргэдийн тоо цөөрсөн, малчдын цаг, наргүй ажилладаг хөдөлмөрийн хүнд нөхцөл зэргийг харгалзан малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах нь зүйтэй. Гэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзлыг хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа өндөр настны тэтгэврээ тогтоолгож болох хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.
Тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгахыг даалгалаа
Олимп, дэлхий, тивийн наадам, тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай. Үүний үр дүнд Монголын тамирчдын амжилт эрс дээшилсэн бөгөөд үүний нэг илрэл нь одоо болж байгаа зуны Олимпийн наадамд спортын 9 төрлөөр 43 тамирчин оролцож байна.
Гэвч энэ хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэд зогссон байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин, дасгалжуулагч байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа юм.
Иймд тамирчид, дасгалжуулагчдынхаа амжилтыг үнэлж энэ мөнгийг олгох, мөн Рио де Жанерогийн олимпоос медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.