Ойрын өдрүүдэд хэт халуун болсноос 103 тусламжийн төвд хандах дуудлагын тоо эрс нэмэгдсэн талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээллээ. Тус төвд наадмын дараа өдөрт 800 гаруй дуудлага хүлээж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 900 гаруй дуудлага ирэх болсон нь нийт дуудлагын 10 хувь буюу 100-150 орчим иргэдийн дуудлагаар нэмэгджээ.
Энэ өдрүүдэд тус төвд ямар нэг хууч өвчтэй хүмүүс болон өндөр настан, жирэмсэн эхчүүд, газар шорооны ажил эрхэлдэг ажилчид, бага насны хүүхдүүд, архи дарс хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс ихээр хандаж тусламж авч байна.
Хууч өвчтэй даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол уух. Мөн иргэд чухал ажилгүй бол өглөө 10-аас 16 цагийн хооронд гадуур гарахгүй байх. Хэрэв гадагш гарах шаардлагатай бол нарны малгай өмсч, нарны шүхэр хэрэглэж, шингэн юм сайн ууж байхыг тус төвөөс зөвлөж байна.