Comment.mn

Алдагдсан 12 их наядын араас

145637898156ce946571d56

Итгэмээргүй, гэхдээ үнэн. Манай эдийн засгийн 60 хувь нь бүртгэлээс гадуур. 23 их наядаар хэмжигддэг Монгол Улсын ДНБ-ээс хэт давсан буюу 34 их наяд төгрөгөөр тоологдох далд эдийн засагтай гэдгээ бид мэдсэн.

2015 оны наймдугаар сарын 7. Энэ бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн хугацаа. Хуулийн нэр урт тул цаашид “Ил тод” хэмээн товчилъё. “Ил тод” УИХ-ын чуулганы босгыг гурван ч удаа давалгүй, бүдэрсэн байдаг. Тэгж байж л батлагдсан хууль.

Ийм урт хугацаа, амаргүй нугачааг туулсан энэ хуулийн хэрэгжилт ч цаг сунан, он дамжсаар өвлийн адаг сарын сүүлчээр хуулийн хугацаа дуусав. Үүнээс өмнө хууль санаачлагчид “Ил тод”-оор найман их наяд төгрөг ил болно гэсэн хар зураг гаргачихаад байлаа. Ингээд ил болсон хөрөнгө, илчилсэн тайланг нэмээд үзтэл далд эдийн засгийн хэмжээ хэдэд хүрлээ.

30 их наяд төгрөгийг давсан сэтгэлд буумгүй дүн гарсан. Ингэснээр Монголын эдийн засаг гэрлийн хурдаар тэлж, геометр прогрессоор өссөн юм.

Энэ нь хэсэгтээ л жихүүн өвлийн халуун сэдэв болсон нь мэдээж. “Ил тод”, далд хөрөнгө.

Энэ хэдэн үгийг монголчууд хэдэн өдөр амны уншлага шиг давтсан. Гэвч цаг наашлахын хэрээр үгийн давтамж цөөрч, “Ил тод” бүдгэрэв. Их наядаар хэмжигдэх тоог нь эшлэл болгодог байсан төрийн түшээд ч ам нээхээ болилоо. Чухамдаа “Ил тод”-ын далд утга, давхар агуулга замхарч эхлэв.

Энэ хуулиар сүүдрийг хумьсан. Эдийн засаг дахь идээ, бээрийг шахсан. “Ил тод”-ын утга агуулга нь энэ байсан нь мэдээж. Г эхдээ идээг нь шахаад, шархыг нь боолгүй орхичих хэрэг үү. Боолтгүй шарх бохирдвол дахиад л идээлнэ. Далд эдийн засгийг цэцэглүүлсэн бизнесийн орчныг яах гэж байна. Сүүдрийн цаана нуугдаж буй бизнесийн орчны гаж тогтолцоог дахиад зүгээр өнгөрөөх үү?

Яг ингээд орхисон бараан түүх бидэнд бий. Найман жилийн тэртээ далд эдийн засгийг хумих өршөөлийн тухай хуулийг УИХ баталж байлаа. 2007 оны нэгдүгээр сард утга агуулгаар “Ил тод”-той төстэй Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэрэгжүүлэх хууль баталлаа. Араас нь Татварын өршөөл үзүүлэх хууль “төрүүлэв”. Эдгээр хуулийн үндсэн зорилго нь хямралыг давахад чиглэж байсныг эдийн засагчид хэлдэг.

Энэ хуулиудыг баталсан хугацааг дахин нэг хар даа. Дэлхийг хамарсан их хямралын өмнөхөн байгаа биз. Хямрал хэдийгээр ертөнцийн нөгөө хязгаарт эхэлсэн ч шинж тэмдэг манайд хэдийн мэдрэгдээд байлаа. Эдийн засаг эмзэг.

Бас татварын хувь хэмжээг танаад удаагүй үе. Өдгөө хэрэгжиж буй татварын дөрвөн арвын тогтолцоо тэр үед дөнгөж эхэлж байлаа. Үүнээс үүдэн улсын төсвийн орлого 120 тэрбум төгрөгөөр тасарна гэсэн урьдчилсан тооцоог ч Сангийн яам гаргачихсан, толгой гашилган сууж байв.

Харин эдийн засгийн өршөөлийн гэх тодотголтой хуулиудыг баталснаар татварын орлого тэлсэн. Бас Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиар 5.6 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон байдаг. Ийм хэмжээний хөрөнгөө Монгол Улс бүртгэж, баталгаажуулсан. Үр дүнд нь удаах онуудад ч татварын орлого бараг хоёр дахин нэмэгдсэн түүх бий.

Гэхдээ энэ дунд нэг зүйлийг орхисноо эдийн засагчид эргэн санаж халагладаг. Дээр өгүүлсэнчлэн, идээг нь аваад, орхичихсон.

Идээ үүссэн шалтгааныг тодруулаагүй. Эрүүл бус эдийн засгийн гажгийг засаж, эмнэх талаар юу ч хийсэнгүй. Үнэнээ өчсөн иргэдийн тайланг ч сөхөөгүй. Холбогдох судалгаа, шинжилгээг хийлгүй, хоноцын сэтгэлээр нүд аниад орхижээ.

Харин үүнийхээ горыг хэдэн жилийн дараа амссан. Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн аварга тоонууд чухамдаа үүний нотолгоо, далд эдийн засаг тэр хугацаанд улам тэлж, архагшсаны баталгаа болов.

Дэлхийн улсууд 50-60 жилд нэг удаа хэрэгжүүлдэг өршөөлийн хуулийг Монгол Улс арав хүрэхгүй жилийн дотор хоёр ч удаа баталчихав. Гэтэл энэ хугацаанд далд хөрөнгө нь улам тэлж, итгэхэд бэрх сүүдрийн эдийн засаг буглачихсан байлаа. Энд бас нэг зүйл сануулъя. Одоо бидний “айгаад” буй 34 их наяд төгрөг нь өсөж мэдэхээр тоо. Учир нь “Ил тод”-ын хуульд төрийн албан хаагч, түүний гэр бүл бүрэн хамрагдсан гэхэд эргэлзээтэй.

Хөрөнгөө шударгаар тайлагнах үүрэгтэй төрийн албан хаагчид нуусан хөрөнгөө “Ил тод”-оор илчилбэл захиргааны хариуцлага хүлээх эрсдэлтэй байсан юм. Учир нь үнэнээ өчсөнийх нь төлөө төрийн албан хаагчийг хамгаалах тухай заалт “Ил тод”-ын хуульд ороогүй. Тэгвэл үнэнээ өчөөд, ажилгүй болох төрийн түшээ хэд байгаа бол. Ингээд бодохоор сүүдрийг бүрэн сөхсөн гэж хэлэхэд хэцүү. Гэвч “Ил тод” биднийг хангалттай алмайруулсан.

Угаа энэ “Ил тод”-ын хууль өмнөх хуулиудтай адилгүй байсан. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өршөөлийн хуулийг богино хугацаанд дахин хэрэгжүүлсэн нь учиртай. Идээ бээрэндээ баригдсан эдийн засгаа эрүүлжүүлэх, татварын хоёр дахь шатны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилго тээж байлаа. Тиймээс энэ хууль хямралыг давах бус, эдийн засгийг эрүүлжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг байв.

Төлөвлөгөө ёсоор одоо үнэнээ өчсөн баримтууд буюу санхүүгийн тайлангуудад шинжилгээ хийх учиртай. “Ил тод”-ын хүрээнд 27,000 иргэн, аж ахуйн нэгжийн тайлан ил болсон. “Эдгээр тайланд тусгай баг шинжилгээ хийж, үр дүнг нь тав, зургаадугаар сард танилцуулна”.

Энэ үгийг Сангийн сайд асан Б.Болор өнгөрсөн хоёрдугаар сард хэлж байсан ч өнөө хэр сураг ажиг алга. Сангийн яамнаас энэ талаар тодруулахад Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар судалгаа хийж байгаа гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Энэ талаар Статистикийн албанаас тодруулахаар оролдсон ч хариулт авч чадсангүй.

Энэ шинжилгээ яагаад чухал гэж Та асууж магадгүй. Далдуур цэцэглэсэн хатиг бэтгэтэй Монголын эдийн засгийн онош, хууч чухамхүү тэр хэдэн хуудас тайланд бий. Чухам тэндээс л яагаад татвар, хөрөнгөө нуудгийг түвэггүй мэдэж болно.

Ингэж байж онош нь зөв тодорно. Түүнд тохирсон эмчилгээг татварын хоёр дахь шатны шинэчлэлд багтаах учиртай. Эс бөгөөс оношгүй эмчилгээ болно. Цаашлаад өршөөлийн хууль нь татвараас зайлсхийх эрмэлзлийг өдөөгч, далд эдийн засгийн өмгөөлөгч болох ч эрсдэлтэй. Тэгсэн түүх ч дэлхий дахинд бэлээхэн бий. Иймд их эрсдэл хүлээн байж хэрэгжүүлсэн “Ил тод”-ын хуулиа эдийн засгийн тан болгох шаардлагатай байна.

Нөгөө талаас “Ил тод”-оор ил болсон 34 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байсан бол сүүлийн 20 жилд Монгол Улс 12 их наяд төгрөгийн татварын орлого авах байсан гэсэн дүн гарчээ.Алдагдсан боломжийн араас харамсах утгагүй. Гэхдээ Монгол Улсын ДНБ 23 их наяд төгрөгтэй тэнцдэг. Тэгвэл 12 их наяд төгрөг манай эдийн засгийн хэдэн хувьтай нь тэнцэж байна вэ? Энэ мөнгөөр хэдэн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих байсан бол? Халаглахгүй байх аргагүй байгаа биз.

Нэг хэсэг нь ийм хэмжээний мөнгийг нүднээс далд, халаасандаа нууж байхад нөгөө хэсэг нь шударгаар татвараа төлсөөр… Сүүлийн хэдэн жилд бизнесийн орчин үйлчилсэн энэ “гажиг” баялгийн тэгш бус хуваарилалт, ядуурал зэрэг Монголын эдийн засгийн гол гамшгийн эх үүсвэр байсныг үгүйсгэх аргагүй.

Татварын тогтолцоо нь толгойны өвчин болж буй улс зөвхөн Монгол биш. Өнгөрсөн саруудад дэлхий нийтийг шуугиулсан “Панамын баримтууд”-ыг сана даа. Оффшор бүс дэх нуугдсан тэр хөрөнгө чухамдаа татварын тогтолцоог шинэчлэх шаардлага буйн илрэл болохыг шинжээчид хэлж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Чэнду хотод “Их-20”-ын Сангийн сайд, Төв банкны төлөөлөгчид чуулсан. Уулзалтаар Brexit-ийн асуудлыг голлон хэлэлцэнэ гэж шинжээчид таамаглаж байв. Гэтэл хүлээгдэж байсан сэдвийг БНХАУ-ын Сангийн сайд Лоу Зивэйний мэдэгдэл өөрчилж орхисон. Чуулганы индрээс хэлсэн түүний үгнээс эшлье.

“Татварын тогтолцооны шинэчлэл дэлхий даяар хүлээгдэж байна. Шударга, эрх тэгш, хүртээмжтэй тогтолцоо өнөө хэр үгүйлэгдэж байна. Дэлхий даяар эдийн засгийн хүндрэлийг туулахын тулд төсөв, мөнгөний бодлогоо нэлээд өөрчилж, шинэчиллээ.

Гэхдээ дорвитой ахиц төдий л ажиглагдахгүй байна. Иймд дэлхийн эдийн засаг дахь татварын тогтолцооны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэв. Дэлхий даяар татварын тогтолцооны шинэчлэл тийш хараа сунгажээ. Харин бид үүнээс хоцрох хэрэг үү.

Г.Байгал 

Эх сурвалж: Ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.